
АН иргэдийн хувийн нууц байх ёстой мэдээллүүдийг намынхаа гишүүдийн бүртгэлд ашиглаж байгаа тухай мэдээлэл өнөөдөр гарсан. Тус намын цахим хуудсанд иргэд регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь гарч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл. Хүний хувийн мэдээллийг шууд ил болгож болохгүй. Зайлшгүй иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгоно. Мэдээлэл хадгалагч, цуглуулагч тухайн хүнээс "Таны мэдээллийг авах гэж байна. Та зөвшөөрч байна уу" гэж асуух ёстой. Асуухгүйгээр ашиглаж байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа явдал. Нөгөө талдаа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа хэрэг.
Хувь хүний нууцын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Хүний эцэг эх, өөрийн хувийн мэдээлэл, оршин суугаа байдал хаяг нууц байна" гэж заасан. Мөн энэ нууцыг хуулиар хамгаална гэж заасан" гэв.