УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Өргөдлийн байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улируулан ажиллуулахаар болов.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороотой нэгтгэн байгуулсан Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Найдалааг сонголоо. Засгийн газарт хамтран ажиллаж буй намууд УИХ-ын түвшинд ч мөн хамтран ажиллаж томилгоо хийж байгаа юм. Үүний дагуу ХҮН намаас УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулж, бүрэлдэхүүнийг нь өглөө чуулганы хуралдаанаар баталсан. Тус Байнгын хороо даргаар О.Номинчимэгийг сонголоо.