
АНУ болон Саудын Араб иргэний цөмийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт хүрснийг Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа зарлалаа. Вашингтон болон Эр-Рияд хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэхээр зорьж буй энэ үед уг шийдвэр гарч байна.
АНУ-ын Эрчим хүчний яам уг гэрээг түүхэн хэлэлцээр хэмээн тодорхойлж, Америкийн компаниуд Саудын Арабын Хаант Улсад цөмийн технологи нийлүүлнэ гэж мэдэгдэв.
Эрчим хүчний сайд Крис Райт “Уг хэлэлцээр нь АНУ-д зохион бүтээсэн цөмийн технологи, эрдэмтдэд тулгуурлахын зэрэгцээ цөмийн аюулгүй байдал болон зэвсэг үл дэлгэрүүлэх стандартыг сахин хамгаална" гэв.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, уг хэлэлцээр нь Саудын Арабт цөмийн түлш импортолж авахын оронд нутаг дэвсгэртээ уран баяжуулах боломжийг нээж өгөх магадлалтай. Гэвч Эрчим хүчний яамны албан ёсны мэдэгдэлд уран баяжуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хэрэв эдгээр мэдээлэл баталгаажвал уг хэлэлцээр АНУ-ын Конгрессын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм.
Эрчим хүчний яамны мэдэгдэлд уг хэлэлцээрийг "олон арван жил үргэлжлэх, олон тэрбум ам.доллароор хэмжигдэх түншлэл" гэж нэрлээд Конгрессоор хэлэлцүүлэхээр өргөн барина гэжээ.
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ нь радио идэвхт ураны изотопыг тусгаарлах үйл явц болох уран баяжуулалтыг хориглодоггүй. Гэвч өндөр баяжуулсан ураныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Өнөөдрийн байдлаар Израил нь тус бүс нутагтаа цөмийн зэвсэгтэй ганц улс гэж тооцогддог.
Трампын засаг захиргаа Саудын Арабтай байгуулсан энэхүү хамтын ажиллагааны хэлэлцээр нь АНУ-д ажлын байр нэмэгдүүлж, дэлхийн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх стандартыг сахихын зэрэгцээ Эр-Риядтай хийх стратеги түншлэлийг бэхжүүлнэ гэж мэдэгдэж байна.