
Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг мэдэгдэж Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг" Мал эмнэлгүүдийг 1997 онд хувьчилснаас хойш 27 жил боллоо. Бид энэ хугацаанд төрийн өмнөөс чиг үүргийг нь нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Малын эмч нар хүн амын эрүүл мэнд, хүнсний, үндэсний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Бид энэ ажлыг хийснээр төрөөс цалин хөлс авах ёстой. Гэтэл бидэнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой 18.1 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа ажил үйлчилгээнээс 2.5 тэрбум төгрөг одоо хүртэл орж ирээгүй байна. Төрийн албан хаагчид цалин хөлсөө сар болгон аваад явдаг. Гэтэл малын эмч нар нэг жил гарангын хугацаанд цалин хөлсөө авсангүй. Малын эмч нар нар өтөг, бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг.
Бид төрийн мал эмнэлгийн үйлчилгээ буюу гоц халдварт болон халдварт өвчний вакцинжуулалтыг жил бүр төртэй гуравласан гэрээ байгуулж гүйцэтгэдэг. Гэтэл хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн нийт орлогын талаас илүү хувийг бүрдүүлдэг дархлаажуулалтын үйлчилгээний хөлс гэрээний дагуу хугацаандаа орохгүй байгаа нь 900 гаруй эмч ажилчдын амьдралд хүндээр тусаж байна. Эмч нар маань нийгмийн даатгал, татвар, банкны зээл гээд олон асуудалтай байгаа." гэлээ.



