Итали улсад ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимпын XXV наадам болно. Олимпын наадмын галт бамбарын буухиа өчигдөр Грекээс эхэллээ. Галт бамбарыг энэ долоо хоногт Грект буухиалсны дараа ирэх сард Италийн талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Олимпын галт бамбарын буухиа эхлүүлэх арга хэмжээнд Олон улсын Олимпын хорооны тэргүүн Кирсти Ковентри оролцсон байна. Тэрээр энэ оны гуравдугаар сард үүрэгт ажилдаа орсон бөгөөд галт бамбарыг асаах ёслолыг анх удаа удирдан явуулж байна.
Итали улс өвлийн олимпын наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “Милан-Кортина” өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд болж, шилдгүүд тодорно. Манай улсаас одоогоор гүйлтийн цанын хоёр, уулын цанын нэг тамирчин оролцохоор болсон. Өвлийн олимпын наадмын эрхийн тэмцээнүүд ирэх оны нэгдүгээр сарын хүртэл үргэлжлэн явагдана.

