
Н.Бат-Эрдэнэ уурхайчин биш. Геологич ч биш. Тэр бол жирийн л нэг хотын залуу. Өдөр бүр ажлаа хийх ч цалин нь хаанаа ч хүрэхгүй, ипотекийн зээл нь бүтэж, саяхан хоёр өрөө байранд орсныг эс тооцвол өмч хөрөнгө гэх зүйл үгүй. Сүүлийн хэдэн жилд түүний толгойд эргэлдэж явсан бодол нь “Бид баялгийн эзэн атлаа яагаад ийм амьдарч байна вэ?” гэдэг асуулт.
Тэр фэйсбүүкээ нээх бүрд зоолттой таардаг үгс бий. “Ард түмэн баялгийн эзэн”, “газар шороо бол биднийх”, “стратегийн ордуудыг цөлмөж байна”, “хэдхэн гэр бүл баяжиж байна”, “гадаадын хөрөнгө оруулагчид бол хулгайч” гэх постууд. Үүнийг уншаад эрхгүй уур хилэн, бухимдал төрж, баян сайхан амьдрах боломжийг нь хэн нэгэн хулгайлснаас хохирсон мэт мэдрэмж төрж бүр ч гутарна.
Нэг өдөр түүнд ажлынхаа шугамаар уурхайн талбайд очих боломж гарч, ухаж сэндийчсэн нүхээр түүний тархинд зурагдаж үлдсэн ойлголт огт өөр зүйл болохыг сая анх нүдээр үзэх нь тэр. Аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулахаас эхлээд уурхайн гүнд хүртэлх тэр хэдэн цаг Н.Бат-Эрдэнийн “баялаг” гэдэг үгийн утгыг орвонгоор нь өөрчлөв.
Тэр өмнө нь газар доорх алт, нүүрс, зэс гээд бүгдийг нь л баялаг гэж ойлгодог байлаа. Гэтэл тэр бүхэн зүгээр л нэг нөөц, хайж илрүүлж, түүнийхээ тулд хөрөнгө мөнгө гуйж түүж, мэргэжлийн олон хүн, техник тоног төхөөрөмжийн хүчээр олборлож, боловсруулж байж сая арай гэж баялаг болдгийг зах зухаас нь ойлгосон юм. Үүний тулд тийм их бүтээн байгуулалт, дэд бүтэц шаарддагийг ч тэр төсөөлж байгаагүй ажээ.
Атгасан шороо болгоныхоо тоолонд алт мөнгө хүртэх ёстой мэт санагддаг байсан бодлоосоо тэр ичиж, “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”, “өрөм нь бусдад очиж, хусам нь бидэнд ирэх ёсгүй” хэмээх улстөрчдийн том том үгс өөрт л таалагдах гэсэн шоу байсныг мэдлээ.
Монгол Улсад уул уурхайн салбар 2009 оноос эдийн засагт бодитой нөлөөгөө бий болгосон. Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй ордын ашиглалтыг эхлүүлсэн нь өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ тав дахин өсөж, 5,000 ам.доллар давах боломжийг олгосон. Энэ боломжийг хүртэж, нөөцөө баялаг болгоход иргэдийн зөв ойлголт, нийгмийн зөвшилцөл хамгийн чухал.
Нөөцийг баялаг болгон хувиргахад ямар замнал туулдаг вэ?
1. Хайгуул
Энэ бол газрын доорх нөөцийг таамаг төдий байдлаас баталгаатай болгон эцэслэх чухал шат. Өрөмдлөг, шинжилгээ, геологийн судалгааг энэ үед хийдэг. Гэхдээ 10 хайгуулаас нэг нь л ашигтай орд болдог.
2. Техник эдийн засгийн үндэслэл, зөвшөөрөл
Техник, эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ бол уг нөөцийн хэмжээ, нөхцөл байдал, баялаг болгоход шаардлагатай технологи, хугацаа, зардал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг нарийвчилсан судалгаа. Үүнийг нь Засгийн газраас зөвшөөрвөл тэр нөөцийг ашиглах нөхцөл бүрдэнэ. Гэвч Н.Бат-Эрдэнэ шиг шороо болгон алт гэсэн буруу ташаа ойлголттой иргэд 15 жил зарцуулж энэ хүрсэн ажлыг гацаах нь Монголд түгээмэл. Эсвэл улс төрөө дийлэхгүй төсөл зогсох эрсдэл байдаг. Гэвч тэр улстөрчид баялаг гэж цээжээ дэлдэн, хөрөнгө оруулагчдыг луйварчид хэмээн цоллож, олон олон Бат-Эрдэнийг нийгэмд бий болгодог. Нөгөө талдаа баялаг нэхсээр байдаг.
3. Барилга, бүтээн байгуулалт
Уурхайг мэргэжлийн олон хүний хөдөлмөр, техник технологийн дэвшлийн хүчээр ажиллуулж, эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Үүний тулд зам тавих, цахилгаан шугам татаас эхлээд ажилчдаа амьдруулах орчныг нь бүрдүүлж, үйлдвэр барих гээд томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Хөрөнгө мөнгө ч их ордог. Томоохон орд бол энэ хэсгийн хөрөнгө оруулалт тэрбум, тэрбум ам.доллароор яригдана.
4. Олборлолт, үйлдвэрлэл
Ийнхүү нэг хүн төрөөд насанд хүрэх хүртэлх хугацааг зарцуулж байж сая нэг үйлдвэрлэл эхэлдэг. Эндээс нь жинхэнэ баялаг гэж яригдах боломж нээгдэж эхэлдэг. Татвар, ашиг, ажлын байраар дамжин эдийн засаг тэлж, шууд болон шууд бусаар нийтээрээ баялгийн өгөөжийг хүртдэг. Энэ бүхэн мэргэжлийн хүмүүс, шилдэг нөү-хау, технологи, олон тэрбум ам.долларын хүчээр бүтдэг.
Харин улстөрчид хошуу нэмж, саад болж, сонгуулийн шоуны сэдэв болгож иргэдийг мунхруулж ирсэн нь их. Тийм ч учраас өнөөдөр “баялаг” гэдгээ жинхэнэ утгаар нь ойлгоогүй, “эзэн” гэж цээжээ дэлдсэн Бат-Эрдэнүүд зуу зуун мянгаараа бий болсон хэрэг.
30 жил гацсан Асгатын мөнгөний орд бол нөөц болгон баялаг болж чаддагүйн тод жишээ юм. Энэ том мөнгөний ордын нөөцөд хөрөнгө оруулж, дэд бүтэц хийж, мэргэжлийн баг ажиллаагүй, технологи нэвтрүүлээгүй учраас бараг Баян-Өлгий аймгаас сонгогдсон хэдэн гишүүн, улстөрчдийн л ярьдаг сэдэв болж хувирсан. Үнэ цэнгүйгээс ялгаагүй нөөц байсаар байна.
Баялаг гэдэг газар доор байдаг бүх зүйл биш. Харин хүний толгой, гар, итгэлцэл дээр бий болдог гэдгийг нийтээрээ ойлгох цаг болжээ.