
АНУ-ын дүүргийн шүүгч Синтия Руфе Филадельфи хотын зүгээс гаргасан хүсэлтийг хангаж, тус хотын алдарт түүхэн музейгээс буулгасан боолчлолын тухай олон жилийн турш байрлаж ирсэн үзмэрийг буцаан байршуулахыг Трампын засаг захиргаанд үүрэг болголоо.
Боолчлолын тухай харуулсан үзмэрийг Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэнд буцаан байршуулах шийдвэр гаргах шүүх хурлын үеэр шүүгч Синтия Руфе Жорж Орвеллийн 1984 зохиолоос хэд хэдэн удаа иш татсан байна.
“Жорж Орвеллийн 1984 романд гардаг Үнэний яам бодитоор оршин тогтнож, түүний уриа болох ‘Мунхаглал бол хүч’ гэх үг бодит амьдралд хэрэгжиж байгаа мэт Холбооны засгийн газар түүхэн баримтад тодорхой хэмжээнд хяналт тавьдаг гэсэн шалтгаанаар түүхэн үнэнг задлан гуйвуулж, задалж өөрчлөх эрхтэй эсэхийг шийдэхийг шаардаж байна. Тийм эрх тэдэнд байхгүй” хэмээн Рүфе шүүгч мэдэгджээ.
Шүүгч Руфе дарангуйлал болон төрийн хатуу хяналтын сэдвийг хөнддөг уг романаас эшлэсэн нь ч учиртай.
Өнгөрсөн сард ажилчид President’s House Site дахь том хэмжээний үзмэрийн самбаруудыг буулгасан аж. Тус байршилд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Вашингтон, Жон Адамс нар амьдарч байсан түүхтэй. Филадельфийн төлөөлөгчид холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ямар нэгэн өөрчлөлт хийхээс өмнө хоттой заавал зөвшилцөх ёстой байсан гэж мэдэгдсэн юм.
Хотын талд шийдвэр гаргахдаа шүүгч Руфе Конгресс Дотоод хэргийн яамны эрх мэдлийг “тодорхой хязгаарласан” хууль баталсан болохыг онцолж, тус яам уг цэцэрлэгт хүрээлэнгийн үзмэрийг “дангаараа өөрчлөх, хянах” эрхгүй гэж тэмдэглэсэн байна. “Засгийн газар өөр газарт хүссэн мессежээ чөлөөтэй илэрхийлж болно. Гэхдээ Хуулийг дагаж, Хоттой зөвшилцөх хүртлээ Ерөнхийлөгчийн ордны байршилд ийм өөрчлөлт хийх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү маргаан нь Трампын засаг захиргаа улс орныхоо 250 жилийн ойг ирэх долдугаар сард тэмдэглэхийн өмнө ерөнхийлөгчийн үзэл бодолтой зөрчилдөх соёлын байгууллагууд дахь материалуудыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж буй цаг үед өрнөж байна.
Филадельфи хотын зөвлөлийн дарга Кеняатта Жонсон уг шийдвэрийг сайшаан, “Хар арьстнуудын түүх бол Америкийн түүх. Бид Трампаар өөрсдийн түүхийг арчуулахгүй” хэмээн X платформ дээр нийтэлжээ.
Пенсильвани мужийн амбан захирагч Жош Шафиро өмнө нь боолчлолын үзмэрийг буулгасныг шүүмжилж, Цагаан ордон түүхийг “цагаатгаж” байна гэж мэдэгдэж байсан юм.
Өнгөрсөн гуравдугаар сард ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсан захирамждаа Байдены засаг захиргааг “хортой үзэл суртал” түгээж байна хэмээн буруутгаж, ялангуяа “Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн”-г онцлон дурдсан. Тэрбээр Дотоод хэргийн сайдад “өнгөрсөн болон одоогийн америкчуудыг зохисгүйгээр гутаан доромжилсон” агуулгыг устгахыг үүрэг болгосон.
Үүнээс хойш Цагаан ордон мөн Смитсоны институт (АНУ-ын хамгийн том музей, судалгаа, боловсролын нэгдсэн байгууллага)-ы музей, үзэсгэлэнгүүдэд “эсрэг-америк” утгатай суртал ухуулга гэж үзсэн агуулгыг шалгах ажлыг эхлүүлжээ.
“Америкийн ард түмэн АНУ-ын үүсгэн байгуулагдсан түүхэнд эргэлзсэн, эсвэл Америкийн ололт амжилтад эерэг үнэлгээ өгөхөөс татгалзсан музейг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Цагаан ордны албаныхан өнгөрсөн арванхоёрдугаар сард Смитсоны институтэд илгээсэн захидалдаа бичсэн байна.
Мөн өнгөрсөн жил Америкийн байлдааны хөшөө дурсгалын комисс Нидерландад байрлах оршуулгын газрын үзмэрийг буулгасан бөгөөд уг үзмэр нь Дэлхийн II дайнд оролцсон Африк-Америк цэргүүдийн хувь нэмэр болон тэдний амссан ялгаварлан гадуурхалтыг дурссан агуулгатай байв.