Улс орнуудын төв талбай нь түүх, уламжлалаа шингээсэн, соёл, нийгмийн амьдралыг агуулсан, зарим үед улс төрийн үйл явдлын төв цэг болсон гол талбар байдаг. Түүнчлэн жуулчдыг татдаг, соёлоо сурталчилдаг, иргэд нь чөлөөт заваа өнгөрөөхөд нэн тохиромжтой орон зай юм. Эдгээрээс гадна улсаа олон улсын таниулж, төлөөлөх нь ч бий. Москвагийн Улаан талбай, Бээжингийн Тяньаньмэний талбай, Франц – Конкордын талбай зэргийг дээрхэд хамтаатуулан нэрлэж болох юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай бол Сүхбаатарын талбай. Их жанжин Д.Сүхбаатараар нэрийдсэн эл талбай үе, үеийн монгол иргэдийн үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, эвлэлдэн нэгддэг, эвдрэлцэн талцдаг гол байршил байсаар ирсэн. Одоо ч тийм. Мөн жагсаж тэмцэхээс гадна, төрийн ордны чанх урд байрлах төв талбайд худалдаа арилжаа, үзэсгэлэн, үзүүлэн, өдөрлөг, зөвлөгөө гээд үйл явдал тасардаггүй болжээ. Эдгээрээс гадна шагнал, хонхны баяр, хурим гэхчлэн элдэв баярын хөл ч салахаа больж. Нэг буланд нь хүмүүс жагсаж, тэмцэж, нөгөө хэсэгт нь хүүхдүүд тоглож, хөгшид нарлаж, цаадхан талд нь энгэртээ одон гялтагнуулсан алдарт ээжүүд баяр, жаргалын нулимс цийлэгнүүлэн зогсоно. Амьдралын зүйл бүрийн өнгө энэ 12 мянган метр квадрат талбайд өрнөж байна.
Зөвхөн сүүлийн хагас сард болсон үйл явдлыг сийрүүлэхэд л гайхаш төрнө. Тавдугаар сар гарсаар төв талбайд “Дугуйтай Улаанбаатар”, “Хуульчийн Про боно”, “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” зэрэг өдөрлөгүүд зохион байгуулагдсан байна. Энэ сарын 16-18-ны өдрүүдэд үндэсний Номын баяр ч боллоо, үргэлжлүүлээд Боловсролын өдөрлөг залгав. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа болж, талбай дахиад л олны хөлд дарагдав. Тус үйл ажиллагаа 28-29-нд мөн үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд Автомашингүй Улаанбаатар ч болж, Улаанбаатар марафон болох гэж байна. Мөн энэ сарын 14-нөөс эхлэн “Огцрох амархан” жагсаал болж, өнөө ч үргэлжилж буй. Үүнтэй зэрэгцэн “Ухаа худагаа авъя” уриатай улс төрийн акц ч болсон.
Энэ бүхнээс Монголын төв талбай үзэл бодол, баяр, гунигаа илэрхийлдэг, олноороо цуглардаг, олныг дагуулдаг амьдралдын төв болох нь харагдаж байна. Монголын нийгмийн өнгө төрх, амьсгал, амьдралын хөг цөм тэндээс мэдрэгдэнэ. Хэдийгээр талбайд ийн олны хөл тасрахгүй байх, өдөр өнжихгүй үйл ажиллагаа өргөхийг шүүмжлэх өнцөг, шүүх хүмүүс байдаг ч нөгөө талаараа энэ бол ардчилсан улсын ард иргэдийн өөрийгөө илэрхийлэх өргөн их эрх чөлөө юм. Төв талбай өнөөдөр ч, маргааш ч завгүй хэвээр байна. Яг л залуусын, амьдралын хэв маяг, хэмнэл адил.