
Японы нийслэл Токио хот дахь дэлхийн хамгийн өндөр телевиз, радиогийн дамжуулах цамхаг болох Tokyo Skytree-ийн цахилгаан шат гацжээ. Цахилгаан шатанд 20 хүн байсан бөгөөд таван цаг гаруй гацсан байна.
Нийт 634 метр өндөр уг цамхагт аюулгүй байдлын шалгалт хийхээр учир 2026.02.23-нд нэг өдөр хаасан гэж оператор компани мэдэгджээ.
Зорчигчид, түүний дотор хүүхдүүд, гудамжны түвшнээс ойролцоогоор 30 метрийн өндөрт цахилгаан шат гэнэт зогссоны улмаас гацсан байна. Бүх зорчигчдыг эцэст нь гэмтэл бэртэлгүй авран гаргасан гэж цагдаа нар мэдээлжээ.
Болсон явдлын талаар орой 20:20 цагийн орчимд яаралтай дуудлага ирсэн бөгөөд цахилгаан шат дөрөвдүгээр давхрын орц болон 350 метрийн өндөрт байрлах ажиглалтын талбайн хооронд явж байхдаа 20:15 цагийн үед зогссон байна. Нэг цахилгаан шатанд 20 зорчигч байсан бол нөгөө нь азаар хоосон байжээ.
Оператор болох Tobu Tower Skytree Co. компанийн мэдээлснээр гэмтлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Аврах ажиллагааны үеэр зэргэлдээ цахилгаан шатыг гацсан цахилгаан шаттай ижил өндөрт байрлуулж, хоёр цахилгаан шат хооронд 120 см × 20 см хэмжээтэй зэвэрдэггүй ган хавтан тавин, зорчигчдыг хажуугийн яаралтай гарцаар гаргасан байна. Аврах ажиллагаа шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилжээ.
Шалгалтын үеэр өөр хоёр цахилгаан шатыг түр зогсоосноор ойролцоогоор 1200 жуулчин ажиглалтын талбай болон тэр орчмын хэсэгт нэг цаг орчим бууж чадалгүй саатсан байна.
Tobu Tower Skytree Co. компани уучлал хүсэж, цаашид ижил төстэй асуудал гарахаас сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Мөн 2-р сарын 23-ны үндэсний баярын өдрийн урьдчилсан тасалбар эзэмшигчдэд цамхагийг үзэх тасалбарын мөнгийг нь буцаан олгоно гэжээ.
Тус цамхагт 2015, 2017 онд мөн адил цахилгаан шатны гэмтэл гарч байсан ч 30 минутын дотор шийдвэрлэж байжээ. Цахилгаан шат бүр ундны ус, зөөврийн бие засах хэрэгсэл, хөнжил, гар чийдэн зэрэг яаралтай тусламжийн хэрэгслээр тоноглогдсон байдаг талаар The Japan Times мэдээлсэн байна.