
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн VIII хурал наймдугаар сарын 6-нд боллоо. Хурлаар “Усан спортын ордон” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай төсөл хэлэлцэв. Тухайн төслийг НИТХ-ын төлөөлөгчид 61 хувийн саналаар дэмжээгүй байна.
Төслийг хариуцагч “Улаанбаатар хотод улсын болон хувийн хэвшлийн 40 орчим усан спортын төв бий. Тиймээс Хан-Уул дүүрэгт олон улсын стандартыг хангасан "Усан спортын ордон" барих төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл 52 тэрбум төгрөгөөр босож, 34 хувийг төрөөс, үлдсэнийг нь хувийн хэвшлээс гаргана” гэж танилцуулсан билээ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “2026-2027 онд 52 тэрбум төгрөгөөр усан спортын төв бариулах гэж байгааг хараад гайхаж байна. Ирэх жил эрчим хүч, орон сууцны төслүүд хэрэгжинэ. Түүний дараа хийн түлшний шилжилтийн олон төсөл бий. Өмнө авсан зээлийн хүүгийн эргэн төлөлт эхэлж байна. Мөн нийслэлд байгаа нэг усан спортын ордон, 40 усан спортын төв ажиллаж байгаа эсэхийг тодруулаарай” гэжээ.
Усан спортын ордон барих саналыг анх хувийн хэвшлийн байгууллагаас гаргажээ.