
Дэлхий дээр хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л нэгнээ доромжилж, гүтгэж ирсэн. худлаа мэдээлэл, гүжир гүтгэлэг өвсөнд ноцсон гал мэт тархдаг.
Нэгэнт нэр хүнд нь сэвтэж, олны дунд унасан бол буцаагаад сэргээхэд хэцүү. Мянга хашгираад нэмэргүй. Гүтгэлгийн золиос болсон хүн хэвийн аж амьдрал, аз жаргал, сэтгэл зүйгээрээ хохирдог. Найз нөхөр, гэр бүл, садан төрөл, нутаг нуга, хамт олныхоо өмнө нүүр хийх газаргүй болохоос гадна нийгмийн сүлжээ хөгжсөн өнөө үед олны дунд тайван алхах аргагүй болно. Гүтгэгдсэнээс болж салж нийлсэн, хагацал үзсэн, ажлаасаа гарсан, ялгаварлалд өртсөн, зодуур амссан, амиа хорлосон хүмүүсийг тоолох аргагүй. Ийм учраас дэлхийн бүх улс хүний нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалж иржээ. Монгол Улсын тухайд хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх нь Үндсэн хуульд заасан иргэний журамт үүрэг болохыг тунхаглаж, 1986, 2002, 2015 оны Эрүүгийн хуулиар хамгаалж, гүтгэгчдийг цээрлүүлж, гүтгэлгийг хязгаарлаж ирсэн. Гүтгэгчийг цагдаа олж, таслан зогсоож, зохих гэм зэмийг нь хүлээлгэдэг. Одоо мөрдөж байгаа 2002 оны Иргэний хуулиар таныг гутаасан иргэнээс хохирлоо нэхэмжилж, залруулга гаргуулж, уучлал гуйлгах боломжтой. Ийм хос хамгаалалт бий болгосон боловч сая 2025 оны арваннэгдүгээр сард Эрүүгийн хуулийн хамгаалалт түдгэлзчихлээ. Гүтгэлгийг УИХ-аас Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг болгон томъёолохдоо иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих үр дагаварт хүргэсэн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэнийг УИХ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хүртэл юу болсныг тоймлов.
Цагдаа нар 2020-2025 оны есдүгээр сар хүртэл “Худал мэдээлэл тараасан” үйлдэлд холбогдуулан 2402 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 2020 онд 249, 2021 онд 271, 2022 онд 300, 2023 онд 428, 2024 онд 572, 2025 оны есдүгээр сарын байдлаар 582 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Үүнээс 1634 хэргийг хааж шийдвэрлэсэн бол 233 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, эндээсээ шигшээд 176-г нь шүүхэд шилжүүлжээ. Худал мэдээлэл тараасан хүнийг торгодог, эсвэл зорчих эрхийг нь бүс зааж хязгаарладаг.
Цагдаагаар явж, шүүхээр оруулбал торгосон мөнгийг нь улс авна. Нөгөө хоёр хүн зодолдохоор хоёуланг нь улс торгоод, мөнгийг нь авчихдагтай яг адил. Давхар Иргэний шүүхээр явж байж л хэдэн цаас тоолуулж авна. Гэхдээ хүний нэр төр хэдэн төгрөгийн үнэтэй болохыг аргачлалаар тооцдог болж чадаагүй. Ямар нь 20 төгрөгийн, ямар нь 20 саяын нэр төртэй билээ гээд маргана. Гэм бурууг нь эрүүгийн шүүх нотлосон хойно буруутай хүнээс хохирлоо Иргэний шүүхээр нэхэмжилж авдаг, уучлал гуйлгуулдаг, залруулга гаргуулдаг практик тогтоод удаж байгаа. Эрүүгийн ч, иргэний ч шүүхийн процесс урт удаан тул хохирогч нь залхдаг, энэ хооронд учраа ололцоод зохицдог. Энэ агуулгаар таван жилийн хугацаанд хүн гүтгэлээ гэж 2402 хэрэг нээгээд 10 хувь хүрэхгүйг нь буюу 176-г шүүхэд шилжүүлсэн байж болох юм. Гүтгэгчдийн хэд нь сэтгүүлч вэ гэж шүүгч, хуульчдаас асуухад 5 хувь хүрэхгүй л гэдэг. Дийлэнх нь нийгмийн сүлжээнд нэгнээ хулгайч, завхайгаар нь дуудаж овог нэр, зурагтай нь тавьсан иргэд юм билээ. Баталгаагүй мэдээллийн дор “Харваас архичин, хулгайч царайтай, янханг ичтэл нь түгээ” гэж бичдэг хүмүүс маш их. Энэ л хэлмэгдсэн хүмүүсийг зовоож, ичээнэ. Наргиа ойлгохгүй, үг даахгүйгээс гадна гүтгэлгийг тэвчиж чадахгүй сөхрөх, гүтгэлэгт итгэж нэгнээ хохироох хүмүүс бишгүй. Энэ бол гүтгэлгийг өөгшүүлж болохгүйн шалтгаан.
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанаас өмнө сэтгүүлч Ж.Баттуул, С.Будрагчаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан нар Ардчилсан намд элслээ. МоАХны квоттой Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Ж.Баттуул нар Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн томъёолол Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд хандлаа. Төрийн ордонд, Сүхбаатарын талбайд, Үндсэн хуулийн Цэцийн хашааны гадна хэд хэдэн удаа “Иргэдийн үзэл бодлыг шүүхээ зогсоо” лозунгтай жагсаал, хэвлэлийн бага хурал хийв. Сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй үед, иргэний хувиар идэвх гаргаж танигдах сайн тактик. Нам Ч.Лодойсамбууг Хан-Уул дүүрэгт, Л.Мөнхбаясгаланг Говийн бүсийн тойрогт УИХ-д нэр дэвшүүлсэн. Харин Ж.Баттуулыг Баянзүрх дүүргийн, С.Будрагчааг Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуульд дэвшүүлэв. Сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон нь Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан. Сэтгүүл зүйн салбарт ямар нэгэн ажил хийж байсан, холбоотойг тооцвол 126 гишүүний 40-өөд нь “манайх”.
Ж.Баттуулын Цэцэд гаргасан хүсэлтийг дэмжсэн хуульчид, сэтгүүл зүйн салбарынхан их байсан. Нэгт, Эрүүгийн хуульд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг 2020 онд томъёолж оруулснаас хойш цөөнгүй сэтгүүлчийг холбогдуулж шалгасан. Хоёрт, яллагдагчаар татагдсан, хэрэг нь шүүхэд шилжсэн цөөн биш сэтгүүлч байлаа. Хэрэв Цэц Ж.Баттуул нарын гомдлоор маргаан үүсгэвэл, цаашлаад Дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн заалтууд түдгэлзэнэ. Ингэснээр “түдгэлзсэн” заалтаар мөрдөн шалгах ажил явуулах, яллах дүгнэлт үйлдэх, шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй болж царцана. Энэ үр дагавар руу чиглүүлсэн кампанит ажил амжилттай болсон. Эхлээд Ж.Баттуул, араас нь хуульч Л.Галбаатар, араас нь хуульч Д.Оросоо, Т.Сумъяабазар, нэмээд сэтгүүлч Э.Энэрэл, Ж.Баярмаа, Э.Хүрэлбаатар гээд нэг агуулгаар Цэцэд гомдол очсоор, Цэц маргаан үүсгэж хүсэлтүүдийг нэгтгэж хэлэлцсэн. Нэг талаас сэтгүүлч, судлаач, хуульчдын баг, нөгөө талаас Эрүүгийн хуулийн нэг зүйл буюу тодорхой гэмт хэргийн томъёоллыг хамгаалах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-аас томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг ялсан. Сайн үндэслэлүүд дэвшүүлсэн, өргөн мэтгэлцээн өрнөсөн.
Цэцийн дунд суудлын бүрэлдэхүүнд МУИС-д багшилж байхдаа ч гүтгэлгийг Эрүүгийн хуулиар шийдэж болохгүй, Иргэний шүүхээр хэлэлцэж байх ёстой гэдэг байр суурьтай О.Мөнхсайхан багтжээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Цэцийн дарга Г.Баясгалан даргалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, сэтгүүлчидтэй сайн харилцаатай захиргааны эрх зүйч Л.Өлзийсайхан, яруу найрагч О.Дашбалбар агсны хүү, нийтлэлч Д.Мөнгөндалайн ах МУИСийн багш байсан Үндсэн хуулийн эрх зүйч Д.Гангабаатар, МАН-д хууль зүйн зөвлөгөө багагүй өгсөн арбитрч Р.Батрагчаа нар шийдвэр гаргасан. Цэцийн дээр гишүүд дунд эрүүгийн эрх зүйч байгаагүй. Үндсэн хуулийн Цэц 10 дугаар дүгнэлтээрээ Эрүүгийн хуулийн 13.14.1-т заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн томъёолол Үндсэн хуульд заасан иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх тэргүүтнийг зөрчсөн байгааг 37 хуудас дүгнэлтээр тогтоосон юм. Энэ цагаас хойш (2025.11.25) тухайн зүйл ангийг хэрэглэх боломжгүй болж, түдгэлзэв.
Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр парламентад албажиж ирснээс хойш УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд хэлэлцэв. Ирцэнд уг нь 25 гишүүн орох ёстой байтал 15 гишүүн бүртгүүлжээ. Цэцийн гишүүн гаргасан шийдвэрээ Байнгын хороонд тайлбарлаж, асуугддаггүй. Нэгдсэн чуулган дээр индэр дээр гарч ирээд уншиж л өгдөг. Харин УИХ өөрийгөө төлөөлүүлж Цэцэд илгээсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө “байцаана”. Энэ дагуу Б.Энхбаяр сайдыг Хууль зүйн байнгын хороо байцаасан. Ирцээ бүртгүүлсэн 15 гишүүн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авах, эсэх дээр саналаа хураалгахад долоо нь л дэмжлээ. Ингээд мэргэжлийн Байнгын хорооны шийдвэр Цэцийн 10 дугаар дүгнэлтийг дэмжихгүй гэж гарав. Энэ өдөр тухайн дүгнэлтийг Нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, “Ер нь хэвлэл мэдээллээр гүтгэдгийн цаана улстөрчид өөрсдөө байдаг. Бид нэгнээ намнадаг” гэсэн бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Гүтгэгчид нь эрх олдоод гүтгүүлэгчид нь эрх олдохгүй байна. Намайг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-аас байр авсан гэж гүтгэсэн” гэв. Нэгэн цагт NTV телевизийн сэтгүүлч явсан А.Ганбаатар гишүүн “Улстөрчид бид олны өмнө амьдрах, шүүмжлэл дунд байх сонголт хийсэн. Шүүмжлэлийн бай болох замыг сонгосон. Иргэд нь шүүмжлэхээр цагдаа, шүүхэд өгөхөө болих хэрэгтэй” гэв. Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээрээ алдартай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт үндэслэл сайтай болсныг онцолсон бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Эрүүгийн хуулийн ганц зүйл заалтаар хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хамгаалахгүй. Асуудлыг цогцоор нь харж Хэвлэлийн эрх чөлөөний шинэ хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль, Зар сурталчилгааны хууль гээд зэрэгцээ олон хуулийг батлах хэрэгтэй” гэсэн.
Төр иргэндээ гомдоод, шүүмжлэх төдийхөнд албан тушаалтнууд иргэдээ цагдаад өгөөд байдаг социалист маягийн сэтгэлгээ, түүнд нийцсэн эрх зүйг өөрчлөх шаардлагатай гэж Х.Тэмүүжин хэлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тухайд Цэцийн хуралдаан дээр ч, Байнгын хороо, нэгдсэн чуулганы хурал дээр ч Эрүүгийн хуулийн 13.14- ийн томъёолол алдаатай, хэт өргөн, хүний эрхийг зөрчиж болохуйц бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд санал хураахад Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авахыг дэмжихгүйг дэмжихгүй буюу Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаа мэдэгдсэн.
ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх албаны дарга, хурандаа Б.Оюутболдтой уулзаж асуулаа. “Худал мэдээлэл тараасан” гэдэг зүйл заалт түдгэлзсэн учраас иргэд бусдад гүтгүүлбэл цагдаад хандаж болно. Өргөдөл, хүсэлт, гомдлыг нь бүртгэж авна. Харин мөрдөн шалгах ажил хийх боломжгүй. Гүтгэгчдийг дуудах, мэдүүлэг авах, байцаах, үзлэг, нэгжлэг хийх, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болсон. Гэхдээ яаж зүгээр байх вэ, бүр шаардлагатай тохиолдолд хойшлуулшгүй арга хэмжээ авна” гэдэг юм. Цагдаагийнхан ийм чигтэй байгаа юм байна. Харин прокурор?
Бид Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзлаа. Тэрээр “УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын дундуур эхэлнэ. Тэр үед хуулийн өөрчлөлтийг иргэдийнхээ эрхийг хамгаалах шийдлийг УИХ бодож олж хуульчлах ёстой. Тэгэхгүй бол сенсаацаас сенсаацийн хооронд амьдарсан, нэгнийхээ нэр төр, алдар хүндийг гутаасан сонин нийгэм болох гээд байгаа”-г сануулав. Прокурорууд Эрүүгийн хуулийн 13.14-өөр яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдээ шүүх рүү явуулах боломжгүйд хүрчээ. Мөрдөн байцаалтад явж байсан хэргүүдээ түгэлзүүлсэн байна. За ингээд бид Дээд шүүх рүү очлоо. Саяхан Гавьяат хуульч цол хүртсэн УДШийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр шүүгч ярилцахыг зөвшөөрсөн. Түдгэлзсэн зүйл ангиар бусдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Анхан, давах, хяналтын бүх шүүх. Үнэхээр ч Эрүүгийн хуулийн 13.14-т асуудал байсан. Бид саналаа хууль тогтоогчдод хүргүүлж л байсан. Цэцийн шийдвэр үндэслэлтэй сайн гарсан. Гэхдээ засаж байгаа нь энэ гээд бүр дордуулж болохгүй гэж бид ярилцсан. Тэрээр хүний нэр төр, алдар хүндийг сэргээх хамгаалалт Иргэний хуульд байгаа боловч фэйсбүүк, инстаграммд нэр, зургаа нууж бусдыг гүтгэхэд олох боломж хомс болохыг онцолсон.
Хохирсон нэхэмжлэгч Иргэний шүүхэд хандахдаа буруутгаж байгаа хүнийхээ овог нэр, гэрийн хаягийг мэдсэн байх шаардлагатайгаас гадна гүтгэлэг гэдгийг өөрөө нотлох ёстой байдгийг анхааруулсан.
Гүтгүүлж хохирсон иргэнд энэ нь бараг боломжгүй мэт сэтгэгдэл надад төрлөө. Гүтгээд байгаа нууц хаягийг цагдаад даатгаж олуулах, устгуулах, хариуцлага тооцуулах нь амар ч юм шиг. Цагдаагаар нотлуулах хялбар ч юм шиг.
Зүгээр л өрсөлдөгчөө зах зээлээс арчихын тулд 5 000 000 төгрөг хэдэн лайвчин, нөлөөлөгчид өгөөд энэ ундаа хорт хавдар үүсгэдэг гэж бүтээгдэхүүнийг нь бичээд, эсвэл жигнэмэг харшил үүсгэдэг гэж зарлуулахад өндийж яваа ЖДҮ тэсэх болов уу, үгүй болов уу. Гадаадын явуулга, худалдагдсан улстөрчдийн дайралт, тархи угаагчдын тэмцлээс үүдэж хэчнээн төсөл, хөтөлбөр зогссон билээ гээд бодоход худал мэдээллийн хор уршиг их. Нөхрийнхөө гарын шүүс болтол нь эхнэрийг нь гүтгэх, хамт олныхоо нүүрийг харж чадахгүй болтол гүжирдэх, амьд авах аргагүй болтол нь хэн ч итгэхээргүй болгох зэрэг гэмт хэрэг. Битүү зааланд суудаг оффисын ажилтнууд дунд Батыг сүрьеэтэй гэдэг яриа гаргавал юу болох вэ гэдгээс эхэлнэ. Цусны төвийн доноруудтай харилцдаг эмч ДОХ-ын вирустай гэдэг гүтгэлэг тарвал юу болох билээ. Иргэний шүүхэд хандаж, шүүх хурлын товоо хүлээсээр байх хооронд ямар үр дүн гарах бол гээд бодох зүйл их бий.
Үнэн гэвэл, Эрүүгийн хуулийн 13.14-ийг томъёолсон байдал Үндсэн хууль зөрчсөн. Эрх мэдэлтнүүд, дарга нар өөрсдийг нь шүүмжилсэн иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө гэмт хэрэгт шалгуулж байна. Шалгуулснаараа ял өгөхгүй ч хаширтал нь цагдаагийн үүд сахиулж, овоо хэд хоног, нэлээд хэдэн сар залхааж байна. Энэ нь эргээд шүүмжлэлт дуу хоолойг бүдгэрүүлэх, магтаалд бялхсан вакумжсан төрийг бий болгох үр дагавартай гэдгийг хуулийн хэлээр Цэц харуулсан байна аа гэж үзэж байна. Тэд иргэдийн нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалсныг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээгүй. Цэц ингэж дүгнэснийг хууль тогтоох дээд байгууллага нь буюу УИХ хүлээн зөвшөөрсөн учраас УИХ хуулиа засах ёстой. Эрүүгийн хуулийн 13.14- ийг засаж, яг л буруутай хүнд л гэм зэмийг нь хүлээлгэж, иргэдийнхээ нэр төрийг хамгаалдаг байж болно. Эсвэл Зөрчлийн хуульд өмнөх удаагийнх шиг оруулж, зөрчил бүрт хариуцлага тооцож улсын төсөв зузаалж болно. Эсвэл эрүү, зөрчлөөс бүр хасаад гүтгэгч, гүтгүүлэгч хоёр Иргэний шүүхээрээ учраа олог гээд хаяж болно л доо. Энэ бол УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар томилогдсон Х.Тэмүүжин ахлагчтай 17 гишүүний шийдэх хэрэг болоод байна. Х.Тэмүүжингийн тухайд төрийн байгууллагыг гүтгэх тухай ойлголт байж болохгүй гэдэг хуулийн төсөл өргөн барьж байсан.