У.Хүрэлсүх: Монгол Улсын газар нутаг хэн дуртай нь бунхан бий болгодог газар биш
Долоо хоногийн эхээр баруун хязгаарт ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий тус аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсон юм. Улмаар аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзаж тодорхой асуудлуудаар үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.
Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай
Мөн Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад анхаарах шаардлагатайг сануулсан.
Хууль зүйн сайдын суудал холбиров
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цагдаагийн хурандаа нарыг явуулж иргэнийг дарамталсан гэх бичлэг цахим орчинд цацагдсаны дараа даваа гарагт ШШГЕГ-ын удирдлагууд сайдын хууль бус томилгоо, дарамт шахалтын талаар мэдээлэл хийсэн. Намрын чуулганы нээгдсэн өдөр С.Амарсайхан эдгээр асуудлуудад тайлбар өгч басхүү хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн удирдлагуудтай холбоотой ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлсэн нь нийгэм даяар дуулиан тарилаа. Тэрээр " Улстөрчид, бизнес, хууль хүчний байгууллагуудын угсарсан мафийн сүлжээ өнөөдөр бүрэн утгаараа улс төрийн түүхэнд байгаагүйгээр ажиллаж байна" хэмээгээд Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг ШШГЕГ-ын харъяанд байдаг нүүрс, гантиг чулууны ордуудыг ашиглахаар санаархсан гэж буруутгав. Мөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цагдаагийн алба хаагчдын 13 дахь сарын цалинд зарцуулах ёстой 7.9 тэрбум төгрөгийг ШШГЕГ руу шилжүүлсэн хийгээд цагдаагийн удирдлагууд хууль бус алт олборлолт, хар тамхины хэргийг хаацайлдаг тухай баримтаар өгүүллээ.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар ч чимээгүй суусангүй. Хариу мэдэгдэл гаргаж хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүйг сануулаад иргэдийн эргэлзээг тайлж хамт шалгуулахыг түүнээс шаардсан юм.
Улмаар Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулж, яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө.
С.Амарсайхан ийнхүү хоёр дахь танхимаасаа "хөөгдсөн" нь эрх баригч намын бүлэг фракц хоорондын зөрчил тэмцэл улам гаарч буйг тодорхой харууллаа.
Ирцгүйн зовлон
Ээлжит бус чуулганаараа 2026 оны төсвийг тодотгож багш, эмч нарын цалингийн эх үүсвэрийг шийдэж чадаагүй УИХ намрын чуулганаа нээсэн ч эрх баригч намын дотоод тэмцэл төрийн ажлыг гацаасан хэвээр. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг төсвийн тодотголд тусгасан гэх асуудалтай холбогдуулан сөрөг хүчин АН бүлгээс Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-д өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж С.Амарсайханыг сайдаас чөлөөлсөн. Түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг танилцуулах байсан ч пүрэв гарагт УИХ-ын чуулганы ирц хүрээгүй тул даваа гараг хүртэл хойшлууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлснээр нийт 49 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаан тасалжээ. Үүнд МАН-ын бүлэг доторх "сөрөг хүчин" буюу 30-ын бүлгийн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, А.Ариунзаяа нараас гадна Үндэсний эвсэлийн 4 гишүүн ирээгүй мөн хэд хэдэн сайд ирцэд ороогүйгээс харахад Н.Учралын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр байгаа нь тодорхой болов.
Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны есдүгээр сарын 16-17-ны өдрийн ээлжит бус хурлаараа инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байна. Бодлогын хүүг нэмж чангаруулбал эдийн засгийн идэвхжил, мөнгөний эргэлт саарах эрсдэлтэй. Иймээс инфляцын дарамт болон эдийн засгийн идэвхжилд үзүүлэх нөлөөллийг харгалзан бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ.
Жилийн инфляц 2026 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй.
Археологийн малтлагаар Чингис хааны билиг сургаал олдлоо
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд археологийн малтлага судалгаа явуулсан үр дүнгээ танилцууллаа. Монголын талаас доктор Л.Эрдэнэболд, академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны багийнхан “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлжээ.
Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт орших томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийв. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай байсан бөгөөд, барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрсэн байна.Энэ нь Монголын бурхны шашны судалгаанд онцгой чухал дурсгал болж байна. Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрчээ. 2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй таширч буй.
2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг илэрч олдсон юм. Эдгээр үйсэн судруудын хэсгийг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид анхны сэргээлтийг хийж, эхний хэсгийн уншилтаар шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн нь мэдэгдэж байна. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалын хэсэг олдсон нь анхдагч юм. Тус билэг сургаал нь Лу.Алтан товч”-д тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд, цаашид нарийвчлан судалж, сэргээн засварлалт, хамгаалалтыг хийн онц цагийг тогтоох ажлуудыг эхлүүлээд байгаа аж.