
НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага антибиотик болон бусад эмийн тэсвэржилт нэмэгдэж байгаа нь “орчин үеийн анагаах ухааны ирээдүйд” заналхийлж байгааг анхаарууллаа.
ДЭМБ нянгийн эсрэг эмийн тэсвэржилт (AMR) нэмэгдэж байгаагийн улмаас ирэх 25 жилд 39 сая хүн нас барах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. Энэ нь ердийн мэс засал болон төрөлтийг хүртэл амь насанд аюултай нөхцөл байдалд хүргэж болзошгүй.
НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын өндөр албан тушаалтнуудын хэлснээр, нянгийн эсрэг эмийн тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх, оношлох, антибиотикийг зохистой хэрэглэх чиглэлээр гаргаж буй ахиц дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудад хүрэхэд хэтэрхий удаан байгааг онцолжээ. “Антибиотикийн тэсвэржилт гэдэг нь өргөн хүрээнд авч үзвэл нянгийн эсрэг эмийн тэсвэржилт буюу AMR юм. Энэ үзэгдэл өргөн тархаж, орчин үеийн анагаах ухааны ирээдүйд заналхийлж байна” гэж ДЭМБ-ын Нянгийн эсрэг эмийн тэсвэржилтийн хэлтсийн үүрэг гүйцэтгэгч захирал Жан-Пьер Ньемаази хэлжээ.
Тэрбээр “Коронавирусний халдвар (COVID-19) шиг нүдэнд ил харагдаж байгаагүй ч эмэнд тэсвэртэй халдварууд олон жилийн турш хүмүүсийн амь насыг авч одсоор ирсэн. Гэвч бид үүнийг анзаарч, шаардлагатай хэмжээнд түгшүүр зарлаж чадсангүй” гэж хэлсэн байна.
ДЭМБ-ын мэдээллээр зөвхөн 2021 онд нянгийн эсрэг эмийн тэсвэржилт нэг сая гаруй хүний үхлийн шууд шалтгаан болсон бол 4.7 сая орчим хүний нас баралттай холбоотой байжээ.
Энэ онд 183 орны нянгийн эсрэг эмийн тэсвэржилттэй тэмцэх ажлын явцад хийсэн судалгаагаар бараг 10 орны 9 нь энэ асуудлын эсрэг үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болсон байна. Харин 2017 онд ийм төлөвлөгөөтэй улс орны эзлэх хувь 10 орны 4 орчим байжээ.
Дэлхийн тандалтын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2023 онд ДЭМБ-д бүртгэгдсэн лабораториор баталгаажсан бактерийн халдварын зургаан тохиолдол тутмын нэг нь тухайн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг антибиотикт тэсвэртэй байжээ.