30 жилийн турш монголын хэвлэл мэдээллийн салбарын тод өнгө, мэргэжлийн сэтгүүл зүйн гол төлөөлөл байж ирсэн “Eagle News” телевизийн өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцсэн нэг чухал зүйл бол баг хамт олон юм.

Тус телевиз өнгөрсөн хугацаанд зуу, зуун уран бүтээлч, боловсон хүчнийг бэлтгэж, хэвлэл мэдээллийн зах зээлд нийлүүлсэн бөгөөд одоо ч дараагийн үеэ бэлтгэн, сургасаар байна. Тэнцвэртэй, шуурхай, мэргэжлийн мэдээ, сурвалжилгыг 30 жилийн хугацаанд тасралтгүй “үйлдвэрлэсэн” тус хамт олны төлөөллийг “Улаанбаатарын хүмүүс” буландаа урилаа.

“Eagle news” чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг

“Eagle news” телевизийн тоймч Г.Балжинням

2013 онд анх Eagle.mn сайтад ажилд орж байлаа. Тэндээ хоёр жил орчим болоод хувийн шалтгааны улмаас түр завсарласан. Дараа нь “Ардын эрх” сонин, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлд ажиллаж эхэлсэн. Тэндээ мөн л 2-3 жил болоод, 2018 оноос хойш “Eagle news” телевиздээ ажиллаж байна. “Монгол масс медиа” компанийнхаа радиогоос бусад хэвлэлд нь ажилласан байна. “Ардын эрх” сонин, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлд ороход Ч.Гангэрэл эрхлэгч намайг парламентын сэтгүүлчээр бэлтгэсэн. Түүнээс хойш сүүлийн хоёр парламент дамнан улс төрийн сэтгүүлч хийсэн байна. 2025 оноос тоймчоор ажиллаад, “Дундын бүс” ярилцлагын нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэж эхэлсэн. Улстөрчдийг урьж оролцуулдаг, ярилцлагын нэвтрүүлгийн төслөө эхлүүлээд, 7-8 дугаар бэлтгэжээ. Ийнхүү 10 гаруй жил “Eagle news” телевизтэй амьдралаа холбосон байна. “Eagle news” телевиз нийгэм, эдийн засаг, улс төрийн мэдээгээр дагнасан суваг. Өглөө 07:00 цагаас эфир нээгээд, хүмүүсийг унтах хүртэл мэдээ гардаг онцлогтой. Өнгөрсөн 30 жил “Eagle news” телевиз өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгож, зорилтот үзэгчдэдээ хүрч чадсан байна.

Сэтгүүлчдийн хувьд эх сурвалжаа олох амаргүй даваа. Гэхдээ “Eagle news” телевиз, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн сэтгүүлчид эх сурвалжийн эрэлд “хатдаггүй”.

Энэ бол өнгөрсөн хугацаанд сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд хийж, эх сурвалжийн ч, үзэгчдийн ч итгэлийг олж чадсаны баталгаа. Хэвлэл мэдээллийн зах зээл дээр манайд ажиллаж байсан хүн олон бий. Тэд аль нэг газар очоод хандлага, чадвараараа үргэлж ялгарч, үлгэрлэдэг. Учир нь “Eagle news” мэдээнд суурилсан, чадварлаг сэтгүүлчид бэлтгэдэг.

Энэ бол компанийн засаглал, тогтолцоо, систем зөв байгаатай шууд холбоотой. Тиймдээ ч бусад хэвлэлийнхэн манайд байсан хүмүүсийг ажилд авах сонирхолтой байдаг. Өнгөрсөн хугацаанд маш олон чадварлаг, чансаатай боловсон хүчнийг Монголын сэтгүүл зүйн зах зээлд нийлүүлж ирснийг би хувьдаа буян гэж боддог.

Сагсанбөмбөг, хөлбөмбөгийн тамирчдын өмсгөлийн урд багийн нэр, хойно нь өөрийнх нь нэр байдаг. Дасгалжуулагчид нь “Хойно байгаа нэр чинь урд байгаа нэрнээс чинь том байх учиргүй” гэж тамирчдадаа хэлдэг. “Eagle news”-ийн үнэ цэнийг ганц хүн биш бид багаараа бүтээж байгаа. Тэгэхээр байгаа газрынхаа үнэ цэн, нэрийг хайрлаж чадвал үр дүнд хүрдэг гэж боддог. Бусдадаа ч ингэж хэлэх дуртай.

“Үндэстний ТОЙМ” долоо хоног тутмын цор ганц сэтгүүл

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн тоймч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Мягмарсамбуу

Би 50 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. Үүний дийлэнх нь сонин, сэтгүүлтэй холбоотой байжээ. 2014 оноос хойш “Монгол масс медиа” группын харьяа “Үндэстний ТОЙМ” сэтгүүлтэй хамтран ажиллаж байна.

Цаг үеийн, чухал сэдвүүдийг хөндөж, гүнзгий судалгаа, дүгнэлт гаргадаг нь манай сэтгүүлийн гол онцлог.

Мөн долоо хоног тутам нийгэм, эдийн засаг, улс төрийн агуулгыг тоймлон хүргэдэг сэтгүүл манай улсад өөр байхгүй. Энэ агуулгаараа “Үндэстний ТОЙМ” сэтгүүл яах аргагүй лидер нь. Мөн салбартаа манлайлагч, ухаантай, дадлага туршлагатай хүмүүс ажиллаж ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллана гэдэг цаг үргэлж суралцахын нэр. Сэтгүүлч уншигчдыг араасаа дагуулж явах ёстой гэлцдэг ч үнэн хэрэгтээ тийм биш. Хэвлэлийн салбарт ажиллаж байгаа хүн өдөр бүхэн, хором болгонд өөрөө суралцах ёстой.

Энэ утгаараа “Үндэстний ТОЙМ” сэтгүүлд ажилласан маань миний хувьд маш том олз. Би 80 гаруй настай ч өдөр бүхэн бусдаасаа суралцаж, үлгэрлэсэн хэвээр л байна. “Монгол масс медиа” групп телевиз, сайт, радио, сэтгүүл зэрэг төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэж чадсан онцлогтой. Ялангуяа, тогтмол хэвлэл цөөрсөн, цаасан сонин, сэтгүүл ховор болсон өнөө цагт гарт барьцтай, уламжлалт сэтгүүл зүйн төрлийг бэлтгэж байгаа нь нэн чухал. Мөн манай баг хамт олон Eagle.mn сайтыг ажиллуулж, цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай, тэнцвэртэй хүргэдэг.

“Eagle”-дээ их хайртай, ажилдаа тун дуртай

“Eagle news” телевизийн Эфирийн найруулагч Б.Түмэндэмбэрэл

2005 оны нэгдүгээр сарын 3-нд ажилдаа орж байлаа. Би “Харцага” кино урлагийн дээд сургуулийн Кино найруулагчийн ангийг төгссөн юм. Тухайн үед манай ангийн охин “Eagle news” телевизийн мэдээний албаны продюсероор ажилладаг байсан юм. Найз маань надад ажлын орон тоо гарсан тухай хэлээд, би анх ажилдаа орж байлаа. Эхэндээ анкоруудын уншиж байгаа мэдээний текстийг гүйлгэж өгөх үүрэгтэй байсан юм. Тэр үед манайх хоёр найруулагчтай байлаа. Яваандаа гурван найруулагчтай байх шаардлага гараад, ууган найруулагчид маань намайг бэлтгэж, би гурав дахь найруулагч нь болж ажилласан. Түүнээс хойш студийн найруулагчаараа ажиллаж байна. Сондгой цаг тутамд шууд дамжуулж байгаа мэдээг студийн найруулагч гардан гүйцэтгэдэг. 20 гаруй жил тууштай ажиллахад хамт олны халуун дулаан уур амьсгал их нөлөөлсөн. Олон жил ажиллахаар сүүлдээ өөрийгөө сойдог морь гэдэг шиг болчихдог юм билээ. Энд тэнд онц содон үйл явдал болохоор аль эсвэл наадам баярын үеэр тогтож сууж чадахгүй, ажлаа бодоод, гэгэлзээд байдаг. Би “Eagle” дээ их хайртай, ажилдаа тун дуртай. Намайг анх ажилд орж байхад манайх цомхон бүтцээр ажилладаг, жижиг телевиз байсан. Би өөрөө ч телевизийн салбарын ойлголт бага, компьютер ч ашиглаж чадахгүй л охин орж байлаа.

Тухайн үед студи руугаа өөрөө гүйж очоод гэрэл камераа тохируулдаг, офератороо ч өөрсдөө хийдэг байсан. Одоо бол студийн зураглаач, инженер, гэрэлтүүлэгч гэхчлэн бүрэн бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн багтай ажиллаж байна. Мөн телевиз маань сэтгүүл, сайт, радиотой төрөлжсөн мэдээллийн суваг болж өргөжсөн байна. Үүнд их баяртай байдаг. Үе үеийн ийглчүүддээ 30 жилийн ойн мэнд хүргэе.

Мэдээний телевизийн жолооч үргэлж цаг хугацаатай уралддаг

“Eagle news” телевизийн жолооч Т.Гансүх

2011 оны намар “Монгол масс медиа” группт жолоочоор ажилд орж байлаа. Улмаар 2014-2015 онд “Eagle news” телевизийн үйл ажиллагааг төвхнүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээж, анх эндээ ирж байсан юм. Жолооч бол холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг албан тушаал. Сэтгүүлч, зураглаачдаа мэдээнээс нь хоцроохгүй юмсан, цаг хугацаанд нь очих юмсан, ажилд нь ямар нэг хүндрэл учруулахгүй байхсан гэж бодож ажилладаг. Мөн яаралтай, хурднаас гадна аюулгүй байдлыг нь хангах хамгийн чухал.

Мэдээний телевизийн жолооч яг л түргэний тэрэгний жолооч шиг үргэлж цаг хугацаатай уралддаг.

Манай телевиз улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийг иргэдэд хамгийн түрүүнд, хамгийн үнэнээр хүргэдэг онцлогтой гэж би боддог. Сүүлийн үед мэдээллийн суваг олширсон. Хүмүүс юу хүлээж авч үзэхээ сонгодог, сонголт элбэг болсон байна. Тэдгээрийн дотроос иргэдийн итгэлийг олж авсан чанараа алдахгүй байх нь чухал. Энэ бол багийн ажил. Телевизийн жолоочоор ажилласнаас хойш мэдээний араас ихэнх аймаг, цөөнгүй сумдад очсон байна.

Жолооч зөвхөн жолооны хүрдний ард ажилладаггүй. Цагт нь хүргэж, аюулгүй байдлыг нь хангахаас гадна ажлаа хийж байхад нь эд хэрэгслийнх нь бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хамт яваа хүмүүсээ халамжилж, туслалцаа шаардлагатай үед чадлаараа тусална. Нэг жишээ ярья л даа. Би нэг өвөл зураглаач, сэтгүүлчийн хамт Архангай аймаг руу томилолтоор явж байсан юм. Хунгар цастай, хүн хүрэхэд бэрх уулан дээрээс мэдээ бэлтгэхээр болсон. Сэтгүүлч, зураглаач хоёртойгоо уул өөд мацна. Даарах вий гээд хувцсыг нь зэхнэ, ядрах вий гээд эд хэрэгслийг нь барина, халуун уух зүйлийг нь базаана. Ингэж багаараа ажиллаж байж л мэдээ бүтдэг. Цөөнгүй жил энэ байгууллагадаа ажиллаж байгаа хамгийн гол шалтгаан бол хамт олон. Хувиараа таксинд явахад цалингаа олох боломж бий. Гэхдээ хамт олонтой байна гэдэг амьдралын нэг утга учир.

Өсөж дэвших, өөрийгөө сорих боломж олгодог

“Eagle news” телевизийн Эфирийн ахлах, архивын инженер С.Эрдэнэцэцэг

2011 оны долоодугаар сард их сургуулиа төгсөөд “Eagle news” телевиздээ ажилд орсон. Түүнээс өмнө дадлагаа энд хийж байсан юм. Анх сэтгүүлчээр биш график оперотероор орж байлаа. Манайх мэдээний төрөлжсөн суваг. Цаг үеийн мэдээлэл, мэдээг тогтмол хүргэдэг бөгөөд шуурхай, үнэн, тэнцвэрт байдлыг хангаж ажилладаг нь манай сувгийн хамгийн гол онцлог. Би эндээ эфирийн ахлахаар ажилладаг. Мэдээ, нэвтрүүлэг гаргахад хүндрэл, бэрхшээл үүсгэхгүй байх тал дээр анхаарах үүрэгтэй. Манай компани ажилчдаа маш их дэмждэг. 2011 оноос хойш энд ажиллахдаа олон ажил хийж үзсэн. График оперотер, цаг агаарын хөтлөгч, цаг агаарын мэдээний сэтгүүлч, нэвтрүүлгийн хөтлөгч, архивын инженер гэхчлэн хөвөрнө.

Өсөж дэвших, өөрийгөө сорих, шинэ зүйл суралцах боломж их байсан учраас өнөөдрийг хүртэл эндээ ажиллаж байгаа байх.

Нэг газар, нэг л зүйлээ хийгээд, нэг байрандаа байгаа юм шиг мэдрэмж надад төрж байгаагүй. “Eagle news” телевизэд туршлагатай баг бий. Тиймээс ийглийн “гал тогоо” ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. Одоо ихэнх телевизэд ийглийн “бүтээгдэхүүн” ажиллаж байна. Туршлагатай хүмүүс нь шинээр ажиллаж байгаа хүмүүсдээ маш сайн зааж, сургаж, дэмжиж, хамтарч ажилладаг. Мэдээ “төрөх” процесс бол хамтын ажиллагаа. Тиймээс үе, үеийн бүргэдүүддээ баярын мэнд хүргэе.

“Eagle news” цаг үетэйгээ хөл нийлүүлдэг

“Eagle news” телевизийн Мэдээлэл технологийн инженер Г.Чагнаадорж

Их сургуулийн оюутан байхдаа ажлын гараагаа “Eagle news” телевизээс эхэлсэн. Тухайн үед олон ажил зэрэг хийдэг байлаа. Тэдний нэг нь “Eagle news” телевиз байсан юм. Түүнээс хойш мэдээний гал тогооны серверт тасралтгүй 13 жил ажиллажээ. Анх ажилд ороод кино үйлдвэрт байдаг үндсэн серверт очиж байлаа. Тухайн үед “Энэ чиний хариуцах сервер шүү” гээд өрөө дүүрэн төхөөрөмж үзүүлсэн. Шууд л ажлаасаа гаръя гэж бодогдсон. Гэсэн ч нэг, нэгээр нь сурсаар байгаад сүүлдээ гарт орчихсон. “Eagle news” телевиз 30 жилийн турш мэдээ дагнан бэлтгэсэн онцлогтой суваг.

Мэдээний телевизийн эфир 24 цагийн турш бэлэн байдалд байх ёстой.

Тиймээс серверүүдийг бүх цаг үед ажиллагаатай, идэвхтэй байлгах нь миний гол үүрэг, ажлын гол онцлог.

Манайх мэдээг шууд дамжуулсан анхны телевизүүдийн нэг.

Намайг анх ажилд орж байхад өглөө болгон 2-3 станц зэрэг гараад шууд дамжуулалтад явдаг байлаа. Тухайн үед шууд дамжуулалтын баг гээд автомашин дүүрэн хүн хөдөлнө. Одоо техник, технологи хөгжөөд, зураглаач, сэтгүүлчээ явуулаад, араас нь өөрсдөө сервисээ хариуцаад дамжуулах боломжтой болсон. Ер нь жил ирэх тусам л сервер шинэчлэгдэж, ажил хөнгөвчилж байна. Манай телевиз жил болгон төхөөрөмжөө шинэчилж, цаг үетэйгээ хөл нийлүүлээд явдаг нь бас нэг давуу тал. Мэдээний телевизийн хөгжил, чадавх, чансаа техниктэй шууд хамааралтай. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол амархан хоцрогдоно. 10 гаруй жил телевиздээ тууштай ажиллаж байгаа хамгийн гол шалтгаан бол хамт олон. Хамт олондоо 30 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Мэдээний процесст оролцож байгаа хүн бүхэн уран бүтээлч

“Eagle news” телевизийн продюсер Ц.Энхмаа

Анх 1999 онд “Eagle news” телевизд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Удалгүй түр завсарлаад 2012 онд продюсер болж байлаа. Тухайн үед их сургуулийн ангийн найзууд маань “Eagle news” телевизд олуулаа ажилладаг байсан юм. Тэднийгээ дагаад, дахин телевиздээ ажиллаж эхэлсэн нь энэ.

Манай ерөнхий продюсерүүдын гол үүрэг бол мэдээний өнцөг агуулгыг төлөвлөж, зохион байгуулж, хянах. Мөн бүх зүйлийг алдаагүй, ойлгомжтой, тодорхой байлгах. Хүмүүсийн бэлтгэсэн мэдээллийг хянаад, алдаа мадаг гаргахгүй байна гэдэг маш том хариуцлага байдаг. Ийглийг би маш чадварлаг уран бүтээлчидтэй гэж боддог. Бүх хүний хүч хөдөлмөр, чармайлт, сэтгэл зүтгэл нийлж мэдээ бүтдэг. Тиймээс мэдээний процесст оролцож байгаа хүн бүхэн уран бүтээлч. Мөн улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлыг тэнцвэртэй, баримтад тулгуурласан, олон талын эх сурвалжтай хүргэж, мэргэжлийн түвшний сэтгүүл зүйн бүтээлийг бэлтгэж байгаа нь манай гол онцлог. Тиймдээ 30 жилийн турш мэдээ дагнан бэлтгэж, ийгл итгэж болох эх сурвалж, ийглийн мэдээ үнэн байдаг гэх итгэл үнэмшил, үнэ цэнийг бүтээж чадсан байх.

Миний хувьд, мэдээний салбарт 10 гаруй жил ажилласан байна. Хамт олны халуун дулаан уур амьсгал, бужигнасан, буцалсан эрчим дунд уйдах зав, чөлөө ч гараагүй байна. Мэдээгээ цацчихаад л дараагийн цаг дээр ямар мэдээ өгөх билээ, ямар мэдээг яаж үзүүлбэл сонирхолтой болох вэ гэдгээ бодсоор өдөр өнгөрдөг. Мөн туршлагатай уран бүтээлчид дараагийн үедээ мэддэг, чаддаг бүхнээ зааж, сургадаг. Их сургуулиа төгссөн залуус, оюутнууд их ирнэ. Тэднийг Ийглд ажлын дөртэй, салбарынхаа талаар ойлголттой, үзэл бодлоо илэрхийлэх ,чадварлаг мэргэжилтэн болж хөгжихөд нь маш том гүүр болж өгдөг гэж боддог.

Мэдээний телевизийн зураглаачид хурд хамгийн чухал

“Eagle news” телевизийн зураглаач Д.Билгүүн

Их сургуулийн төгсөх дамжааны оюутан байхаасаа “Eagle news” телевиздээ ажиллаж эхэлсэн. Дээд төгсөлтийн ахаараа дамжуулж, шалгалт өгөөд ажилд орж байлаа. Тухайн үед зураглаач болгон тус, тусдаа камертай байгаагүй. Жижүүртэй эсвэл амарч байгаагийнхаа камерийг аваад мэдээнд гардаг байлаа. Хальсны камертай гарах үе ч олон байсан.

“Eagle news” телевиз “Шууд” телевизтэй нэгдээд, манайх телевизийн салбарын түүхэнд анх шууд дамжуулалтын баг гэж гаргаж байлаа.

Хоёр сэтгүүлч, хоёр инженер, хоёр найруулагч, зургаан зураглаач, продюсертайгаа 10 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан юм. Тэр багт орж ажиллаад, тоглолт, хурал цуглаан, улс төрийн уулзалт гэхчлэн бүхий л үйл явдлыг шууд хүргэдэг байлаа. Одоо ч манайх өдрийн турш шууд мэдээгээ хүргэдэг. Мэдээний телевизийн зураглаач маш хурдтай ажиллах, хурдан сэтгэх шаардлагатай. Тухайн хүний хэлсэн үг, хийж байгаа үйлдлийг тухайн мөчид л буулгахгүй бол давтана, дахиж хэлж, хийнэ гэсэн боломж байдаггүй. Үүнээс гадна, “Eagle news” телевизийн зураглаач нар онцлогтой. Бид өөрсдөө эвлүүлгээ хийдэг. Зөвхөн орой л мэдээ бэлтгэж хүргэдэг бус цаг тутам мэдээгээ бэлтгэдэг болохоор зураглаач нар эвлүүлгээ өөрсдөө хийхээс өөр аргагүй байдаг. Мөн зураглаач сэтгүүлчтэйгээ хамтарч мэдээ бэлтгэдэг. Тиймээс шинэхэн сэтгүүлчдэд болон зураглаачдад мэддэг, чаддаг зүйлээ хэлж, зөвлөдөг. Оюутны ширээнээс ажлын гараагаа эхлүүлсэн газартаа 10 гаруй жил ажиллажээ. 2012 оноос хойш дөрвөн парламент дамжин, улс төрийн үйл явдал, өрнөлийг зураглаачийн дуранд буулган ажилласан байна. 30 жилийн турш ийглийн түүхийг бичилцсэн хамт олондоо ойн мэнд дэвшүүлье.

Мэдээ, мэдээллийн радио гэдгээрээ манайх онцлог

“Eagle radio 91.1”-ийн Ерөнхий продюсер Ц.Сарангэрэл

“Eagle news” телевизийн 25 жилийн ойн босгон дээр ажилдаа орж байлаа. Би сэтгүүлч мэргэжилтэй. Сонин, телевиз, радио гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж байсан. Гэхдээ ажлын замналаа радиогийн сэтгүүлчээр эхэлж байсан болохоор энэ талбартаа их хайртай. Тиймээс 2020 оноос “Eagle news” FM 91.1 радиодоо ажиллаж байна. Манай радио 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө нь телевизийн эфирийг радиогоор дамжуулан хүргэж байгаад 2020 оноос радиогоо бие даасан хөтөлбөртэй, орчин үеийн хэв шинжтэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. “Eagle news” телевиз, “Eagle.mn” сайт, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн мэргэжлийн сэтгүүлчдээр подкаст, нэвтрүүлгийнхээ хөтлөлтүүдийг хийлгэдэг.

Мэргэжлийн хангалттай боловсон хүчин, бааз суурьтай гэдгээрээ бахархдаг. Манайх мэдээ, мэдээллийн радио гэдгээрээ онцлог. Дуу хөгжим, реклам зар сурталчилгаа бус цэвэр контент үйлдвэрлэдэг радио гэсэн үг. Одоогийн байдлаар бид 12 төрлийн нэвтрүүлэг, подкаст сонсогчдодоо хүргэж байна. Хүмүүсийн ихэнх цаг автомашиндаа өнгөрдөг болсон өнөө үед сонсогчдыг залхаасан урт хөтөлбөр биш товч, тодорхой мэдээ, мэдээлэл хүргэхийг зорьдог. Цаг тутмын эхний 30 минутанд мэдээ, мэдээллээ хүргэнэ. Бусад цагуудад нь хөтөлбөрүүдээ бэлтгэж, цацна. Итгэж болох эх сурвалжийн бэлтгэсэн мэдээллийг сонсогчдодоо хүргэдэг нь манай нэг давуу тал.

Хүмүүс хаанаас ямар мэдээлэл хүлээж авахаа сорчилдог болсон цаг үед бид сонсогчдын сонголт, хэрэгцээнд нийцсэн мэдээ, нэвтрүүлэг бэлтгэхээр мэрийж байна.

Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг хоёр радио бүртгэлтэй байдаг “Radio garden”-д бүртгүүлэх том зорилт бий. Ингэснээр манайхыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа сонсогчид хүлээж авах боломжтой болно. Бүргэд бол хамгийн өндөрт нисдэг, хүчирхэг шувуу. Энэ шувууны нэрээр нэрлэгдсэн байгууллагад ажиллаж байгаа хамт олны маань нүд хурц, дүүлэх жигүүр нь илүү өндөр байгаасай гэж хүсмээр байна. Ийглчүүддээ аз жаргалыг хүсье.