
Хорвоод эргэж ирдэггүй зүйлс олон ч хамгийн их харамсал төрүүлж халаглуулдаг нь эрүүл мэнд, амь нас билээ. Тиймдээ ч шинжлэх ухааны салбар бүрийн хөгжил дэвшил хүний төлөө гэх нэгэн цэгт уулздаг. Тэр тусмаа анагаах ухааны салбар амьд болон амьгүй донорын эс, эд, эрхтнийг өөр нэгэнд шилжүүлэн суулгаж амийг нь аварч, амьдралын чанарыг нь сайжруулдаг болтлоо хөгжжээ.
Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тархины үхэлтэй боломжит донор нийт 278-ыг илрүүлжээ. Ингэхдээ нийт 31 бодит донороос 45 бөөр, 27 элэг, 173 шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж 75 хүний амь насыг авран, 173 хүний амьдралын чанарыг сайжруулсан байна. Энд дурдсан тоо бүхний ард хэн нэгний хайртай хүний амь аврагдаж, амьдралын чанар нь сайжирч эцэг эх, хань ижилтэйгээ хамт амьдрах хугацаа нь нэмэгдсэн гэсэн үг.
2000 онд Монгол Улсын Донорын тухай хууль батлагдсан ч үндсэн санаа, агуулга нь цусны донорын үйл ажиллагааг зохицуулах зориулалттай байснаар өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэхдээ энэ бүх нэмэлт, өөрчлөлт анагаах ухааны хөгжил дэвшил хийгээд хүний өдөр тутмын амьдралд тулгарч буй эрсдэлтэй бүрэн уялдаж чадахгүй байв. Энэ сарын 8-нд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль батлагдсанаар хамгийн чухал, хамгийн хэрэгтэй, бас хамгийн маргаантай асуудлыг хуульчлан зохицууллаа. Энэхүү хууль нь эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, донор, реципиент (донор эрхтнийг хүлээн авагч)-ийн гэхчлэн олон талын харилцаа, эрх ашгийг хамгаалах, донорын ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Олон улсын жишиг хийгээд хүний эрхийг хамгаалах гэхчлэн олон талаас нь судлан зохицуулж, эмч мэргэжилтнүүд нь хуулийнхаа “араас явдаг” биш хууль эрхзүйн орчин нь шинжлэх ухаанаа дэмждэг байх, гэхдээ тэр бүхний ард хүний амьд явах эрх хангагддаг байхаар нарийвчлан хуульчилж өгсөн нь уг хуулийн үнэ цэн юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад амь нас нь дээсэн дөрөөн дээр оршиж буй 1044 хүн донор хүлээн жагсаалтад орон эмчлүүлж байна. Харамсалтай нь иргэдийн буруу ташаа ойлголтоос үүдэлтэйгээр гэж хэлж болохуйц шалтгаанаар 2025 он гарсаар тархины үхэлтэй донор нэг ч гараагүй, илрүүлэг сайн хийгдэхгүй байгаагаас хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд хорвоог орхиж байна. Харин хууль батлагдсанаар эргэлзээ маргаан дагуулсан олон асуудал цэгцэрч, олон зуун хүний амь нас аврагдах боломж нээгдэнэ гэсэн гэгээн итгэл төрөв.
Нэрийн тухайд – Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн нэрэнд “хүний” гэх тодотгол ороогүй. Энэ нь анагаах ухааны шинэ тутам хөгжил дэвшил болон ирээдүйг харсантай холбоотой аж.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
Хуулийн нэрэнд хүний гэж үг байхгүй. Технологи хөгжөөд амьтан дээр генийн инженерчлэлээр хүний эрхтэнг ургуулах боломж бий болсон. Зарим тохиолдолд хүний биед гахайн элэг, бөөрийг суулгуулсан тохиолдол ч байгаа юм. Хэрвээ амьтан дээр ургуулсан хүний эрхтэнг суулгуулбал яах юм бэ? Хуулийн нэрээ ахиад өөрчлөх юм уу гэдэг утгаар нь ирээдүйдээ хандан хуулийнхаа нэрийг өгсөн.
Эрхтэн, эд, эс гэж юуг хэлж байна вэ? – Эдгээр нэршлийг хэрхэн ойлгох талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга тайлбарлахдаа “Олон улсад эрхтэн гэдэгт, цуллаг буюу хос бөөр, хос уушиг, зүрх, элэг нойр булчирхай, гэдэс гэсэн эрхтнүүдийг оруулдаг. Эд гэвэл нүдний эвэрлэг, арьс, шөрмөс гэх мэтчилэн эдүүд, харин эс гэхээрээ бэлгийн эс, үүдэл эсийг оруулдаг” гэв.
Эс хэмээх харьцангуй шинэ ойлголтыг хуулиндаа бэлгийн эс буюу үр шилжүүлэн суулгах эмчилгээний харилцаанд болон шинэ зууны эмчилгээ гэгддэг үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний зохицуулалтаар оруулжээ. Эрхтэн, эд, эс гэж эрхтэн, эрхтний хэсэг эдийн нийлмэл бүрдлийг цогц байдлаар хэлнэ гэж цогц байдлаар нь авч үзэж байгаа аж.
Эсийн донорын тухай зохицуулалтаар онцлох зүйл орсон нь тээгч эхтэй холбоотой. Тээгч эхийн тухайд монголчууд бид мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Хүний эрхийн асуудал, мөлжлөгтэй холбоотой асуудал учир шинэ хуулиар заавал эмнэлгийн заалтаар, тодруулбал ураг тээх боломжгүй, жирэмслэх боломжгүй үед тээгч эх ашиглах нь зөв гэдэг агуулгаар хуульчилжээ. Гэхдээ тээгч эх, тээлгэгчийн хооронд үүссэн урамшууллын харилцаа нээлттэй, чөлөөтэй хэвээр байх аж.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
Мөнгөтэй хүн бусдыг боолчилж тээгч эхээр үрээ суулган хүүхдээ төрүүлээд байвал мөлжлөг биз дээ. Тэгэхээр бид заавал эмнэлгийн заалтаар тухайлбал тэр эмэгтэй өөрөө төрөх боломжгүй гэдгээ нотолсны дараа тээгч эхтэй байх боломжийг нь нээнэ. Монгол Улс хэн дуртай нь мөнгөөр далайлган хэн нэгнийг боолчилж тээгч эхээр хүүхдээ төрүүллүүлэхийг хориглож байна. Энэ бол өөрөө их чухал зүйл.
Донорын насны хязгаарыг салгав - Өмнө нь Донорын тухай хуулийн хүрээнд амьд болон амьгүй донорын насны доод хязгаар 21 нас байсан. Шинэ хуульдаа насны хязгааруудыг салгаж өгчээ. Тодруулбал, Бэлгийн болон үүдэл эсийн донор 18 насанд хүрсэн байх ёстой гэж заасан. Бэлгийн эс 18 нас хүрээд бүрэн төлждөг учраас 18 насаар хязгаар нь тавигдсан аж. Амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгахад насны доод хязгаар нь 21 насанд хүрсэн байх гэсэн заалт “хатуу” хэвээрээ үлдсэн бол амьгүй донорын хувьд олон улсын жишгээр насны хязгаар тогтоогоогүй байна. Гэхдээ бага насны хүүхэд харамсалтайгаар амьгүй донор болсон тохиолдолд зөвхөн бага насны хүүхдэд эрхтнийг нь шилжүүлэн суулгах боломж үүсэх юм байна.
Цусны хавдартай хүүхдүүдэд үүдэл эс шилжүүлэн суулгахтай холбоотойгоор 14 хүртэлх насны донорын хувьд эцэг, эхийн зөвшөөрлөөр, 14 ба түүнээс дээш насны тохиолдолд донор өөрөө болон эцэг, эх хамтран зөвшөөрөл өгөхөөр тусгажээ. Үүдэл эсийг мэс заслын аргаар авахгүй бөгөөд ердийн цусны шинжилгээтэй төстэй байдлаар захын судаснаас цус авч, эсвэл ясны чөмөг, хүйн судаснаас шаардлагатай үүдэл эсийг ялган авдаг. Иймээс эрүүл мэндэд ноцтой эрсдэл багатай гэж үзэн цусны чөмөг буюу үүдэл эсийн донорын насыг харьцангуй бага байхаар тогтоожээ.
ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга
Энэ бол цоо шинэ заалт биш. Донорын тухай хуульдаа ч ингэж заасан байдаг. Тухайн үүдэл эсийн хамгийн сайн тохирох боломжтой хүн нь дандаа ах дүү, хамаатан садан нь байдаг. Нөгөө талаас харьцангуй эрсдэл багатай ажилбар байдаг учраас насны доод хязгаарыг ингэж тогтоосон.
Мэргэжлийн төвтэй болно - Хэдийгээр цоо шинэ ойлголт буюу шинэ алба биш ч гэлээ хуульчлан зохицуулснаар илүү өргөн хүрээг хамарч ажиллах боломж нээгдэх аж. Одоо Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэг алба байдлаар чиг үүргээ хэрэгжүүлж яваа бол хууль батлагдсанаар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны асуудал хариуцсан байгууллага болж амьгүй донорыг илрүүлэх, донорын гэр бүлтэй хэлэлцээр хийх, жагсаалтад орсон хүмүүсээ ёсзүйтэй, зөв дарааллаар, шударга хуваарилалт хийх маш хүнд хэрнээ хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх чухал алба болно.
ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга
Эрхтэн хуваарилах процесс нь хүлээх жагсаалтын хүмүүст холбогдох шинжилгээнд үндэслэн оноо өгөх зарчмаар явагддаг. Өндөр оноотой хүн жагсаалтын эхэнд орох байдлаар явдаг ч тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад өөрөө татгалзах тохиолдол гардаг. Мөн донор хүлээн авахын өмнө ямар нэгэн халдварын эрсдэлгүй, эсрэг биегүй эсвэл эсрэг бие бага байх ёстой байтал нөгөө хүн маань сонгосон хэдий ч тухайн үедээ ханиад томуу ч юм уу ямар нэг халдвартай байх юм бол шилжүүлэн суулгах боломжоос хасагдах нь бий. Тийм учраас хүлээх жагсаалтаас хамгийн өндөр оноотой 5-10 хүнийг сонгож дахин шинжилгээ хийх байдлаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах хүн сонгогдоно. Мэдээж жагсаалтад багтаж хүлээсэн хугацаанаас шалтгаалан оноо нэмэгдэх, эд нийцлийн тохиргоо зэргээс шалтгаалан оноо нь хасагдаж нэмэгдэх байдлаар хэлбэлздэг нь олон улсын зарчим. Бид энэ зарчмынхаа дагуу ажилладаг, цаашдаа шударга нээлттэй ил тод байдлаа дээшлүүлэхээр ажиллаж байна.
Эд, эсийн улсын банк байгуулна - Уг банканд эрхтэн, эд, эсийг зөвхөн хадгалах төдий бус шинэ зууны эмчилгээ болох үүдэл эсийн эмчилгээний процессийн судалгаа, сургалт шинжилгээний ажлын зорилгоор ашиглах байдлаар эмчилгээ үйлчилгээний талд ашиглах боломж нээж өгч байна.
Донорын карт илүү бодитой, үр дүнтэй ашиглагдана – Манай улсын хувьд opt-in хэмээх амьд болон амьгүй донорын бүх тохиолдолд гэр бүлээс нь зөвшөөрөл авахаар Донорын тухай хуульдаа заасан. Харин одоо холимог буюу opt-in/ opt-out гэх тогтолцоог холимог байдлаар хэрэгжүүлэхээр зорьжээ.
ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга
Opt-out систем нь та амьд байх хугацаандаа би донор болохоос татгалзсан гэдгээ бичгээр болон системээр дамжуулж гаргаагүйгээс бусад бүх тохиолдолд эд эрхтнийг нь гэр бүлээс нь зөвшөөрөл авалгүй авна гэдэг тогтолцоо. Харьцангуй өндөр хөгжилтэй улс орнууд хэрэглэдэг. Ихэнх улс opt-in-ээ шат дараалалтайгаар шинэчилж optout болсон байдаг. Бид ч opt-in-ээс холимог руу, ирээдүйдээ opt-out руу шилжинэ. E-Mongolia-гаар донорын бүртгэл хийлгэж буй нь ч энэ шилжилтийн эхлэл гэж ойлгож болно.
Донор болох эсэх тухай асуудал өөрөө хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой эмзэг асуудал учир донор болох бүртгэлээ E-Mongolia-д оруулсан ч зөвхөн тухайн мэдээлэлд нэвтрэх эрхтэй хүн л хандах боломжтой байхаар хязгаарлажээ. Үүнтэй нэгэн адил донор хүлээх жагсаалтад орсон иргэд ч E-Mongolia-гаас өөрийн жагсаалтын дугаараа харах боломжтой болжээ. Донорын жагсаалтаа харах эрх, хандах эрхийн хүрээ ч мөн хязгаартай, хүний эмзэг мэдээллийг хамгаалах зэрэг холбогдох хуулиудын дагуу нууцлалтай байна.

Хамгийн чухал ч гэж болох - Донор болсон иргэнийг хүндэтгэн, талархаж оршуулгын зардлын тодорхой хувийг улсаас даахаар Донорын тухай хуульд заасан байдаг ч энэ заалт нь өөрөө хамгийн их маргаан дагуулсан, асуудал үүсгэсэн зүйл болсон билээ. Донорыг даатгуулагч эсэхээс хамааран оршуулгын зардал олгоогүй гэх асуудал ч хөндөгдөж шүүх цагдаадаа тулсан жишээг хэн хүнгүй мэдэх биз. Оршуулгын тэтгэмжийн асуудал өмнө нь 2 сангаас олгогдож байв. Даатгуулагч бол Эрүүл мэндийн даатгалын сангаас, даатгуулагч биш бол Эрүүл мэндийг дэмжих сангаас олгогдож байсныг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгохоор зохицуулжээ. Мөн хувь хэмжээг нь шинэчлэн тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц болгон өсгөж, даатгуулагч эсэхийг үл хамааран олгохоор заажээ.
Донор хүргэн, бэр хийгээд татгалзах бүрэн эрх – Донорын тухай хуульд амьд донорыг зөвхөн гэр бүлийн гишүүн хамаатан садны хүрээгээр хязгаарладаг байсан бол шинэ батлагдсан хуулиар хүргэн, бэрийн асуудлыг оруулж өгчээ. Энэ нь амьд донор болох боломжит хүрээг тэлж байгаа гэсэн үг. Иргэдээс маш их ирдэг хүсэлтийг багтаан хүргэн, бэрийг донор болох боломжийг нэмж өгсөн ч энэ нь өөрөө нарийн зохицуулалттай байх аж. Тодруулбал, нэн тэргүүнд ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүдээсээ сонгон шинжилгээ авч үнэхээр боломжгүй, нийцээгүй тохиолдолд, эсвэл тэдгээр хүмүүс донор болохыг хүсэхгүй, зөвшөөрөөгүй тохиолдолд хүргэн, эсвэл бэрийг донор болгох юм. Энд заавал дурдах маш чухал зүйл бий нь донор болохоос татгалзах бүрэн эрх.
ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга
Донор болж буй хүн бусдын ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, өөрөө шийдвэрээ гаргах эрхийг нь нээж өгч байгаа. Энэ нь нэг ёсондоо аав нь хүүгээ, үеэл нь эгч дүүсээ донор болохыг шахах байдлаар биш, тэр хүн өөрөө л зөвшөөрвөл энэ үйл ажиллагааг хийнэ. Ямар ч шатандаа тэр хүн донороосоо татгалзах бүрэн эрхтэй. Бүх шинжилгээгээ өгсөн ч бай, мэс засал эхлэхийн өмнө ч байлаа ч сэтгэл санаа минь бэлэн биш байна, больё гэвэл донороос татгалзах эрх нь бүрэн нээлттэй. Та өмнө нь зөвшөөрсөн шүү дээ гэж шахах асуудал огт байхгүй.
Сүсэг бишрэл, хардалт сэрдэлт, эмзэг байдал, харуусал тайтгарал гэхчлэн үй түмэн асуудлыг багтаасан донор гэх ойлголтыг хуульчлан зохицуулна гэдэг хэцүү. Хэцүү ч гэлээ боломжит бүх хувилбарыг шүүн тунгааж, эрдэнэт хүний амь нас, амьдралыг тогтоон барих, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх зарчим, ёс зүй, талархлыг, бас сурталчлан таниулж болох, эс болохыг ч багтаасан Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тухай хуультай болсон нь Монголын эрүүл мэндийн салбарын шинэ түүх, бас сорилтыг эхлүүлж байна.
Сурталчилж үл болох агуулга ч гэлээ талархан таниулах ёстой донорын тухай ойлголтыг иргэд өөрсдийн сэтгэлээр шүүн оюунаар бясалган нүгэл, буяны аль нь жин дарахыг дэнслэх биз.