
Катарын Доха хотод шатрын рапид болон блиц тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 388 шатарчин рапид 11-13, блицээр 19 өрөгт оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Манай улсаас их мастер С.Билгүүн, Т.Мөнхзул, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнзул, олон улсын шатрын холбооны дэд мастер Ц.Ананд, кандитат мастер Х.Баясгалан нар өрсөлдөж байна.
Өчигдөр рапид /15минут+10сек/ түргэн тоглолтын дэлхийн аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн ангилалд Норвегийн их мастер Магнус Карлсен түрүүлж, зургаа дахь удаагаа рапидийн дэлхийн аварга боллоо. Тэрээр 2014 онд анхны түрүүгээ авснаас хойш 2015, 2019, 2022, 2023, 2025 онуудад түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд олон сонирхолтой тоглолт гарлаа. ОХУ-ын Александра Горячкина түрүүлж, БНХАУ-ын Зу Жинер, Энэтхэгийн Хумпи Конеру нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эдгээр шатарчид 11 өргийн тоглолтоос 8,5 оноогоор оноо тэнцсэн юм.
Тэмцээний 9 дэх өргийн дараа Бат-Эрдэнийн Мөнгөнзул ОХУ-ын Александра Горячкина, БНХАУ-ын Зу Жинер, Лэй Тинжие, Энэтхэгийн Хумпи Конеру нарын хамтаар адил 7.0 оноотой тэргүүлэгчийн эгнээнд бичигдсэн юм. Залуу тамирчин Б.Мөнгөнзул наймдугаар өрөгт дэлхийн аварга Жү Вэнжүнийг хожиж гурав дараалсан ялалтыг авсан нь гол анхаарал татсан юм.
Б.Мөнгөнзул 10 дахь өрөгт дэлхийн чансааны зургаад бичигдэж байгаа ОХУ-ын тэргүүн тоглогч Александер Горячкинад, 11 дэх өрөгт Энэтхэгийн Вайшали Рамешбабу нарт ялагдан 16-р байраар тэмцээнээ дуусгалаа. Манай шатарчин сүүлийн хоёр тоглолтын аль нэгэнд тэнцээ хийх юмуу эсвэл нэг хожил авсан бол медалийн төлөө гарч ирэх боломж байв.
Энэ ангилалд өрсөлдсөн их мастер Т.Мөнхзул зургаан хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой нийт 7,0 оноогоор 28-р байр жагслаа.
Өнөөдөр блиц буюу түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга тэмцээн эхэлж, маргааш аваргууд тодорно.