
БНСУ-ын цагдаагийн байгууллага Хятадын армид өмнө нь алба хааж байсан хоёр иргэнийг тагнуулын шинжтэй ажиллагаа явуулсан хэргээр баривчилжээ. Тэд БНСУ-ын цэргийн ажиллагаа болон тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийн хүчний талаар мэдээлэл цуглуулахыг оролдсон гэж цагдаа нар мэдээлэв.
Нэг хэрэгт сэжигтэн АНУ-ын сөнөөгч онгоцууд байрладаг агаарын цэргийн баазын ойролцоо нислэгийн холбоог таслан сонссон бол нөгөө нь АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын талаарх мэдээллийг олж авсан гэж үзэж байна.
БНСУ нь АНУ-ын Азийн гол холбоотнуудын нэг учир тус улсад АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том цэргийн байгууламж байрладаг.
Хоёр этгээдийг дайсагнагч улсад тусалсан хэрэгт буруутгажээ. CNN-ийн тайлбар хүссэн асуултад Хятадын Гадаад хэргийн яам “нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй” гэж хариулсан байна.
Цэргийн сургуулилалтын талаарх мэдээлэл
2022 онд 40 гаруй насны солонгос-хятад гаралтай эрэгтэй Пёнтэкт хотоос Сөүл хүртэл ойролцоогоор 64 км-ийн зайд орших Кэмп Хамфрис цэргийн баазад ажилладаг солонгос эмэгтэйтэй хувийн харилцаа тогтоосон гэж үзэж байна.
Тус баазад БНСУ дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлал болон бусад томоохон цэргийн командлал байрладаг бөгөөд Солонгосын хойг дахь АНУ-ын цэргийн ажиллагаа, байлдааны бэлэн байдлын гол төвүүдийн нэг юм. Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр уг эрэгтэй баазын талаарх цэргийн мэдээлэл авахын тулд эмэгтэйд мөнгө өгсөн аж.
Кёнги Намъбү мужийн цагдаагийн газрын Үндэсний аюулгүй байдлын мөрдөн шалгах хэлтсийн мэдээлснээр тэрээр АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт, тэр дундаа жил бүр зохион байгуулдаг Ульчи эрх чөлөөний бамбай сургуулилалт, мөн цэргийн командлалын албан тушаалд гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг олж авчээ.
Ульчи эрх чөлөөний бамбай нь АНУ, БНСУ-ын хамтарсан батлан хамгаалах чадавх, байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилт. Эрх баригчид уг хэргийн талаар АНУ-ын цэргийн талд мэдэгдсэн байна. Энэ жилийн Ульчи эрх чөлөөний бамбай сургуулилт ирэх долоо хоногт эхлэхээр төлөвлөгдсөн.
Цагдаагийн мэдээлснээр уг этгээд Хятадын армид өмнө нь алба хааж байсан бөгөөд 2021 оноос Кэмп Хамфрисийн ойролцоо цэргийн хэрэгслийн дэлгүүр ажиллуулж байжээ. Тэрээр цэргийн тоног төхөөрөмжийн бизнес эрхэлдэг тул тухайн мэдээлэл хэрэгтэй байсан гэж мөрдөн байцаагчдад хэлсэн байна.
Түүнийг даваа гарагт дайсагнагч улсад тусалсан болон Цэргийн бааз, байгууламжийг хамгаалах тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ. Хэрэгт холбогдсон эмэгтэйг мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Нисэх буудлын холбоо таслан сонссон өөр нэг хэрэг
Хоёр дахь хэрэгт мөн Хятадын армид өмнө нь алба хааж байсан гэж цагдаа нар мэдээлсэн 60 гаруй насны Хятад эрэгтэй холбогджээ.
Түүнийг даваа гарагт дайсагнагч улсад тусалсан болон Харилцаа холбооны нууцыг хамгаалах тухай хууль зөрчсөн хэрэгт баривчилсан байна. Тэрээр Хойд Чолла мужийн Күнсан нисэх буудлын ойролцоо програм хангамжаар тодорхойлогддог радио (SDR) ашиглан холбоо таслан сонссон гэж сэжиглэгдэж байгаа аж.
Күнсан нисэх буудал нь Сөүлээс өмнө зүгт ойролцоогоор 180 км-ийн зайд орших бөгөөд Күнсан агаарын цэргийн баазын ойролцоох цэргийн болон иргэний хамтарсан нисэх буудал юм. Тус баазад АНУ-ын Агаарын цэргийн хүчний 8 дугаар сөнөөгч жигүүр байрладаг.
Цагдаагийн мэдээлснээр уг эрэгтэй 2024 оны нэгдүгээр сараас хойш жуулчны визээр БНСУ-д хэд хэдэн удаа нэвтэрч, аялал бүрээрээ ойролцоогоор нэг долоо хоног байжээ.
Түүнийг нисэх буудлын ойролцоох зочид буудалд байрлаж, жижиг хэмжээний SDR төхөөрөмж ашиглан цэргийн холбооны мэдээллийг таслан сонссон гэж буруутгаж байна.
Мөрдөн байцаалтын үеэр тэрээр цагдаагийнханд “Цэрэгтэй холбоотой холбоог сонсох нь миний хобби” гэж мэдүүлжээ.
Одоо цагдаа нар таслан сонссон холбооны агуулгыг шинжилж, уг мэдээллийг Хятад руу дамжуулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
БНСУ-ын Батлан хамгаалах яам болон БНСУ дахь АНУ-ын Зэвсэгт хүчин уг хэргийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.