
БНСУ Ойрхи Дорнодын нийлүүлэлтийн эрсдлийн улмаас түүхий нефтийн анхааруулгыг “аюултай” түвшинд, байгалийн хийг “болгоомжлох” түвшинд хүргэв.
Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдэхдээ, ирэх долоо хоногоос эхлэн эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор төрийн салбарт хэрэгжиж байсан автомашины ээлжит хязгаарлалтыг тав хоногт нэг удаагаас хоёр өдрийн сондгой-тэгш дугаарын хуваарьт шилжүүлж чангатгана гэжээ. Энэ шийдвэр нь Ойрхи Дорнод дахь удаан үргэлжилж буй мөргөлдөөний улмаас нийлүүлэлтийн хүндрэл үүсэж, түүхий нефтийн анхааруулгын түвшинг “аюултай” болгон ахиулсантай холбоотой юм.
Гуравдугаар сарын 25-наас хэрэгжиж байсан өмнөх тав хоногийн ээлжит систем нь хувийн хэвшилд сайн дурын үндсэн дээр хэвээр үргэлжлэх аж.
Шинэ журмын дагуу төрийн байгууллагын автомашинууд улсын дугаарын сүүлийн цифрээс хамааран ажлын өдөрт ээлжлэн (нэг өдөр өнжиж) хөдөлгөөнд оролцоно. Харин төрийн байгууллагуудын эзэмшлийн нийтийн зогсоолууд өмнөх тав хоногийн ээлжит системээ үргэлжлүүлэн мөрдөнө гэж Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам мэдээлэв.
Энэхүү шийдвэр нь Аж үйлдвэрийн сайд Ким Жон-кван тав дахь удаагийн нөөцийн аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг даргалсны дараа гарсан байна. Уг хурлаар засгийн газар түүхий нефтийн анхааруулгын түвшинг “болгоомжлох”-оос “аюултай”-д, байгалийн хийг “анхааралтай”-аас “болгоомжлох” түвшинд ахиулж, өнөөдрөөс (2026.04.02) эхлэн хэрэгжүүлэхээр болсон нь эрчим хүчний тасалдлын эрсдэлийг илүү өндөр түвшинд удирдах шаардлагатайг илтгэж байна.
Солонгосын нөөцийн аюулгүй байдлын анхааруулгын систем нь хямралын ноцтой байдал болон өдөр тутмын амьдрал, эдийн засагт үзүүлэх нөлөөллөөс хамааран “анхааралтай”, “болгоомжлох”, “аюултай”, “онц ноцтой” гэсэн дөрвөн түвшинтэй. Түүхий нефтийг гуравдугаар сарын 5-нд анх “анхааралтай” түвшинд оруулж, Ормузын хоолой хаагдсаны дараа нийлүүлэлтийн нөхцөл муудсантай холбоотойгоор гуравдугаар сарын 18-нд “болгоомжлох” түвшинд ахиулсан. Харин байгалийн хий гуравдугаар сарын 5-наас хойш “анхааралтай” түвшинд хэвээр байсан.
Хуралд Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам зэрэг төрийн 15 яам, мөн Солонгосын Үндэсний газрын тосны корпораци, Солонгосын Хийн корпораци, Солонгосын Газрын тосны удирдлагын үйлчилгээ зэрэг холбогдох 9 байгууллагын төлөөлөл оролцжээ.
Түүхий нефтийн анхааруулгын түвшинг нэмэгдүүлэх шийдвэр нь нийлүүлэлтийн доголдол бодитоор илэрсний дараа гарсан байна.
Ормузын хоолой гуравдугаар сарын 1-нд хаагдахаас өмнө түүгээр дамжин өнгөрсөн сүүлчийн нефть тээвэрлэгч хөлөг гуравдугаар сарын 20-нд Өмнөд Солонгост ирсэн бөгөөд үүний улмаас 10 гаруй хоногийн турш импорт зогссон байна. Ойрхи Дорнод дахь нефтийн байгууламжууд руу чиглэсэн довтолгоонууд үргэлжилж байгаа нь геополитикийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлжээ. Харин байгалийн хийн нийлүүлэлт өөр эх үүсвэрүүдээр тогтвортой байгаа ч Зүүн Азид үнэ огцом өсөж байгаа нь цахилгаан болон халаалтын зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
“Засгийн газар анхааруулгын түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан илүү өндөр шатны хариу арга хэмжээнд шилжинэ. Иргэдийг энэхүү ноцтой хямралыг даван туулахад хамтран ажиллахыг уриалж байна” гэж Ким сайд мэдэгджээ.