
Австралийн сноубордчин Кэм Болтон бэлтгэлийн үеэр осолдож, хүзүүний яс хугарсны улмаас Милан хот руу агаараар яаралтай тээвэрлэгдсэн байна.
35 настай, Өвлийн олимпын наадамд дөрөв дэх удаагаа оролцож буй Болтон даваа гараг (2026.02.10)-т Италийн Ливиньо хотод болсон сноуборд кроссын бэлтгэлийн үеэр унажээ.
Тэр ослын дараа өөрөө алхаж гарсан ч маргааш нь сэрэхэд хүзүүний өвдөлт нь нэмэгдсэн байна. Шинжилгээгээр хоёр хугарал илэрч, улмаар уулнаас нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Багийн ахлагч Алиса Кэмплин хэлэхдээ, гэмтэл ноцтой ч Болтон сэтгэл санааны хувьд тогтвортой байгаа бөгөөд эхнэр нь дэргэд нь байгаа гэжээ. “Кэм багийнхандаа юу болж байгааг ойлгуулахыг хүссэн. Тэр өөрийгөө зүгээр, сайн асаргаа авч байгаа гэдгээ дамжуулсан” гэж Кэмплин мэдэгдсэн байна.
Болтон өнгөрсөн жил Швейцарын Энгадинд болсон дэлхийн аваргад Миа Клифттэй хамтран холимог багийн сноуборд кроссоор мөнгөн медаль хүртэж байсан.
Австралийн Олимпын хороо “Late Athlete Replacement” буюу тамирчин солих журмыг хэрэгжүүлж, олимпын анхны оролцогч Жэймс Жонстоуныг багт оруулснаар Адам Ламберт, Жаррид Хьюз нартай хамт пүрэв гарагт болох эрэгтэйчүүдийн сноуборд кроссын урьдчилсан шатанд оролцохоор болжээ.
Энэ гэмтэл нь Милано–Кортинагийн наадамд Австралийн багт тулгарсан дөрөв дэх хүндрэл болж байна. Агаарын акробатикийн медалийн гол найдвар Лаура Пийл олимпын өмнөх бэлтгэлийн үеэр өвдгөө гэмтээсэн бол залуу фриски тамирчин Дэйзи Томас мөн уналтын улмаас өвдөгний гэмтэл авч, слоупстайл төрөлд оролцохоос татгалзсан ч биг-эйрт оролцох найдлага тээж байгаа аж.
Сноубордын тамирчин Мисаки Воган толгойн гэмтлийн үнэлгээгээр тэнцээгүй анхны олимпын наадамдаа оролцох боломжоо алдлаа. Багийн журмын дагуу гэмтэл авсан тамирчин багадаа долоо хоног тэмцээнд оролцох эрхгүй болдог аж.
“Харамсалтай нь өвлийн спортод гэмтэл гарах нь байдаг зүйл. Өндөр эрсдэлтэй спортоор хичээллэж буй 53 тамирчинтай багт ийм зүйл тохиолдох нь тийм ч ер бусын зүйл биш. Тэдний өмнөөс сэтгэл өвдөж байна. Олимпын мөрөөдөлдөө хүрэхэд хэчнээн их хөдөлмөр шаарддгийг би сайн мэднэ” гэж дасгалжуулагч Кэмплин хэлжээ.
Болтон Бээжингийн Олимпод Австралийн эрэгтэй сноуборд кроссын төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлж, 13-р байр эзэлсэн. Мөн анхны холимог багийн төрөлд Белль Брокхофтой хамтран 9-р байр эзэлж байлаа.