
Манай орны байгаль, цаг уур, уур амьсгалын онцлогт дасан зохицсон хонины 15 үүлдэр, ямааны есөн үүлдэр, үхрийн 5 үүлдэр, тэмээний 5 үүлдэр, адууны 3 үүлдэр батлагдаж, сайжруулагч үндсэн цөм сүргээр тус тус ашиглагдаж байна. Монгол Улсад өсгөн, үржүүлж байгаа нийт мал сүргийн 96.2-99.7 хувийг уугуул үүлдэр, омгийн мал, 0.3-3.8 хүртэл хувийг гадаад улсаас импортолсон цэвэр үүлдрийн болон тэдгээрээр сайжруулсан эрлийз мал тус тус эзэлдэг.
Малын генетик нөөцийн үнэлгээнээс үзэхэд, уугуул үүлдрийн үхэр, тэмээ, хонь, ямааны генетик тогтоц, ашиг шимийн хувьд эрсдэлгүй, адууны 30.8 хувийн ашиг шимийн чиглэлийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж шинжээчид дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, манай орны уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон үхэр, тэмээ, хонь, ямаан сүргийн хувьд генийн өвөрмөц тогтоцыг хадгалахад тооны хувьд хангалттай байгаа бөгөөд ашиг шим нь харьцангуй тогтвортой хадгалагдаж буй.
Харин нийт адуун сүргийн 31 орчим хувьд ашиг шимийн чиглэл болон генетик шинж тэмдгийн нарийвчилсан судалгаа явуулж дүгнэлт гаргах шаардлагатай байна. Учир нь сүүлийн 20 жилд 5200 орчим англи, араб, ахалтехин, будёный, орлов, кабирдин, оросын хатирч зэрэг үүлдрийн адууг гадаад улсаас импортоор авч, монгол адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэх чиглэлтэй үржүүлгийн ажил явуулсантай шууд холбоотой аж.
Бусад төрлийн малын тухайд гадаад улсаас авч цэврээр үржүүлж байгаа болон үндсэн сайжруулагчаар ашиглаж байгаа, шинээр зохион бүтээсэн үүлдэр омгийн малын тоо толгой цөөрсөн, ашиг шим нь буурсан генетик тогтоцын зарим шинж тэмдэг өөрчлөгдсөн байх магадлалтай, эрсдэлтэй гэж дүгнэжээ. Ялангуяа Монгол Улсад үржүүлж буй үүлдэр омгийн хонины 18.5 хувь нь эрсдэлийн түвшинд байна. Эрсдэлийн түвшинд байгаа үүлдэрт нарийн нарийвтар ноост Тал нутгийн цагаан, бүдүүн бүдүүвтэр ноост Байдраг үүлдэр, Алтанбулаг, Жаргалант, үржлийн хэсэг, Торгууд үүлдрийн хэсэг, буржгар хурганы арьсны Сүмбэр үүлдрийн хонийг эрсдэлийн түвшинд багтаасан байна. Эдгээрээс 2025 оны 05 дугаар сарын байдлаар Байдраг, Жаргалант үүлдрийн хонины хэв шинжийг хадгалсан бодгаль бүртгэгдээгүй байна.
Ямаан сүргийн уугуул үүлдрээс 15 үүлдэр омгийн 86.7 хувь нь эрсдэлгүй, 13.3 хувь нь эрсдэлийн түвшинд гэж дүгнэгдсэн. Эрсдэлийн түвшинд байгаа үүлдэр, омогт мохер, ноосны чиглэлийн Өнжүүл, үржлийн хэсэг, ноолуурын чиглэлийн Гал шар омог тус тус багтсан байна. Цаашид ямааны тоог аажим бууруулж 20 сая орчимд барих, ямаан сүргийн гэрээт нөөцийгийг оновчтой ашиглах, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, экспортод чиглэсэн ноол, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах шаардлагатай байгаа юм.