
АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр Калифорни мужийн Сан-Диего хот дахь лалын сүм болон исламын сургууль байрладаг цогцолборт болсон халдлагын улмаас гурван хүн амиа алджээ. Уг хэргийг үзэн ядалтаас үүдэлтэй халдлага байж болзошгүй гэж үзэж байна.
Сан-Диего хотын цагдаагийн газрын дарга Скотт Уол мэдэгдэхдээ өмнөд Калифорни дахь Сан-Диего дахь Исламын төвд болсон халдлагын хоёр этгээд мөн өөрсдийгөө буудан амиа алдсан байдалтай олдсон гэжээ.
Тэрээр сэтгүүлчдэд “Исламын төвд болсон учраас бид үүнийг өөрөөр нотлогдох хүртэл үзэн ядалтын гэмт хэрэг гэж үзэж байна” гэдгийг мэдэгдсэн байна.
Цагдаагийн мэдээлснээр сэжигтнүүд нь 17 болон 19 орчим насны хоёр эрэгтэй байжээ.
Скотт Уол халдлагад амиа алдсан хүмүүсийн нэг нь исламын төвийн хамгаалалтын ажилтан байсан гэдгийг хэлээд “энэ хэрэг үүнээс ч илүү аймшигтай болохоос сэргийлэхэд тэр хүн маш чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдэгдсэн байна.
Мөн “энэ нөхцөл байдалд яг юу хүргэснийг тогтоохоор мөрдөн шалгаж, бүх мэдээллийг нэгтгэж байгаа” гэжээ.
Нас барсан гурван хүн бүгд насанд хүрэгчид байсан бөгөөд сургуулийн хүүхдүүд бие махбодын гэмтэл аваагүй гэж албаныхан мэдээлсэн байна.
Сан-Диегогийн цагдаагийн газар эхэндээ Сан-Диего дахь Исламын төвд “идэвхтэй буудлагын хэрэг” гарсан талаар мэдээлсэн ч дараа нь “аюулыг саармагжуулсан” гэж мэдэгджээ.
Тус сүмийн имам Таха Хассане Сан-Диего дахь Исламын төвийг “мусульман болон мусульман бус хүмүүс хамтдаа цугларч, мөргөл үйлдэж, суралцаж, баяр тэмдэглэдэг газар хэмээн тодорхойлсон байна.
Тэрээр “Мөргөлийн газрыг онилно гэдэг туйлын аймшигтай хэрэг. Манай исламын төв бол мөргөлийн газар” гэжээ.
Сан-Диего хотын захирагч Тодд Глориа “Орон нутгийн мусульман иргэддээ хэлэхэд бид та бүхэнтэй хамт байна” гээд “Та бүхнийг энэ хотод аюулгүй байлгахын тулд шаардлагатай бүхнийг хийх болно. Энэ эмзэг үед шашны байгууллагууд болон мөргөлийн газруудыг хамгаалахад ямар ч нөөцийг харамлахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Сан-Диего дахь Исламын төв нь Сан-Диего хотын төвөөс хойд зүгт орших Клэйрмонт дүүргийн орон сууцны бүсэд байрладаг.
Халдагчдын хэн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Гэвч энэхүү хэрэг АНУ-д исламын эсрэг үзэл нэмэгдэж буй үед гарч байгаа бөгөөд олон улс төрч, тайлбарлагч мусульман иргэдийг тогтмол шүүмжилж, дайрсаар иржээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон Конгрессын гишүүн Рэнди Файн өнгөрсөн оны сүүлээр “мусульманчуудыг устгах ёстой” хэмээн мэдэгдэж байв.
Мөн даваа гарагийн орой Трамптай ойр холбоотой барууны үзэлт идэвхтэн Лора Лүүмер Сан-Диего дахь Исламын төвд Холбооны мөрдөх товчоо болон цагаачлалын байгууллагууд нэгжлэг хийх ёстой гэж мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч “Надад урьдчилсан мэдээллүүд ирсэн. Бид энэ асуудлыг маш нухацтайгаар дахин шалгах болно” гэжээ.
ХМТ-ны захирал Каш Пател мөн агентлагийн орон нутгийн салбар хариу арга хэмжээ авч байгааг мэдэгдээд “орон нутгийн түнш байгууллагуудад туслах бүх нөөцийг дайчилна” гэж амласан байна. Цагдаа нар ойр орчмын хүмүүсийг нэгтгэх тусгай цэг байгуулжээ.Мөн сүмийн зүгээс хүүхдүүдийг ойролцоох сүмээс очиж авах боломжтой талаар сошиал сүлжээнд мэдээлсэн байна.
Харин халдлагын дараа Нью-Йоркийн цагдаагийн газар хот даяарх лалын сүмүүдийн хамгаалалтыг нэмэгдүүлж байна гэж мэдэгдэв.
Нью-Йоркийн цагдаагийн газар “Одоогоор Нью-Йорк хоттой холбоотой тодорхой заналхийлэл байхгүй ч урьдчилан сэргийлэх үүднээс хотын бүх лалын сүмүүдэд нэмэлт хүч байршуулж байна” хэмээн мэдээлжээ.