
Кенийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, хамгийн сүүлд халдвар авсан өвчтөн тус улсын Эболагийн анхны тохиолдлоос халдвар авсан байх магадлалтай аж.
Зүүн Африкийн Кени улсад Эбола вирусийн халдварын найм дахь тохиолдол илэрснийг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ.
Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Патрик Амот Citizen TV телевизэд мэдээлэхдээ, ням гарагт шинжилгээнд хамруулсан 38 хүний нэгээс вирусийн халдвар илэрсэн гэжээ.
“Тэрээр эрүүл мэндийн салбарын ажилтан биш, 49 настай эрэгтэй. Халуурах, толгой өвдөх, булчин өвдөх шинж тэмдэг илэрсэн” гэдгийг Патрик Амот мэдэгдсэн байна.
Амотын мэдээлснээр, өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг асрах, сав суулга болон орны даавуу, хэрэглэл цэвэрлэх ажил хийдэг байжээ. Тэрээр энэ сарын эхээр илэрсэн Кени улсын Эболагийн анхны тохиолдлоос халдвар авсан байх магадлалтай гэнэ.
Эрүүл мэндийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, түүнд бямба гарагт өвчний шинж тэмдэг илэрч, тусгаарлан хорио цээрийн дэглэмд оруулсны дараа вирусийн шинжилгээ хийжээ.
Бямба гарагт халдварын дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн юм. Тэдгээрийн гурав нь Кенийн Эболагийн анхны өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлсэн эрүүл мэндийн ажилтнууд байв. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас Найроби хотод ирсэн уг эрэгтэй аравдугаар сарын 5-нд нийслэлийн эмнэлэгт нас барсан байна.
Эрүүл мэндийн яам X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлдээ, дөрөв дэх халдвар авсан хүн нь нас барсан өвчтөний хамаатан байсан гэжээ.
Эбола вирусийн дэгдэлт БНАКУ-аас хил даван тархаж байгаатай холбоотойгоор Кени улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Одоогийн дэгдэлтийг үүсгэж буй вирус нь Бундибугёо омог бөгөөд уг омгийн эсрэг вакцин болон тусгай эмчилгээ одоогоор байхгүй.