
Соёлын анхдагч чанар нь иргэншлийн эхэн үеийн үндэс суурьтай огтоос холбоогүй агаад орчлонгийн жам ёсны ойлголттой харгалдаж байв.
Тэдгээрээс монголчууд гоо зүйн ойлголтыг ухамсартаа үрслүүлжээ. Зохист аливаа бүхний мөн чанар сайхан. Тэрхүү сайхныг бүтээхээс илүү ойлгож таних ухамсар бол нүүдэлчдийн цагийн саалтад гээлгүй дотроо оршоосон үнэ цэнийн нэг мөн. Д.Нямсүрэнгийн “Юм бүхэн байгальдаа байхад би оршдог” гэх мөрүүд бол үүний нотолгоо. Уг сэтгэлгээг лавшруулаад үзвэл монголчуудын байгальд хандах хандлага, аливаа зүй тогтол дахь мөнхийн хувиршгүй чанар, цаг хугацааны харьцангуй нөлөөлөлд хэрхэн хүндэтгэлтэй хандаж ирсэн зэрэг нь улам улмаа тодорно. Харин тэрхүү зохист байр суурь цаг хугацааны ийм харьцангуй ойлголтын үүднээс хувьссан бол буцаж зохирохуй мөч нь мөн л жам ёсны шалтгаанаар хөврөх замыг туулах амуй. Тийм л хувь тавилангийн шалтгаан, XX зууны монголчуудын сэтгэлзүйн дотоод зөрчил, цаг үеийн аж байдал, ёс суртахууны чанд баримтлалд үл цөхрөх итгэл, хувь хүний ганцаардал, тусгаар тогтнол, тэрхүү эмзэг хэр нь нийтээр тулж босгоод сайтар бэхэлчихвэл нураахад бэрхтэй зүйлийг олон нийтийн үзэл санаагаар хэрхэн бэхжүүлэх зэрэг өгүүлэмжийн өргөн цар хүрээг хамарсан бүтээл бол Ц.Гончигийн “Тойром” роман. Зохиолч дүрээс дүрийн хооронд зөрчлүүдийг нягт нямбай урлаж, тэдгээр тойрог томрох тусам гол дүрийг аажуухан босгож ирдэг онцлогтой хүүрнэлч. Тэр чанар эл романд гүйцэд тусжээ.
Романы зохиомж тун сонирхолтой. Зохиолын үйл явдал, гол дүр болох шагайн харвааны мэргэн Гааданы дотоод эргэцүүлэл, дүрийн сэтгэлзүйн зөрчлөөр эхэлж улмаар үйл явдлыг нэхэн дурсах урвуу дарааллаар өрнөн цаашлаад улс эх орны өнийн хувь заяатай өрнөн буй явдлууд далдуур холбогдож цагаан ахуй, улиг болсон усан өгүүлэмжийг тойрон гараад хэтийн дурсамжууд нь өдгөө болж буй үйл явдлын буулганд буцаж ирэхдээ хар сэндэм модон хашлаганаас харвасан зааны ясан сум “хоосныг бүтээгээд түүнийгээ онох” мэт цэгцтэй зохирчээ.
Угтаа дурсамж хэдий чинээ ухамсарт амь халуун, хөдөлгөөнт дүрээр оршивч үнэндээ хоосон чанартай. Түүнийг зохиолын бүтцийн хувьд ийн үүтгэж, дэвшүүлсэн санаагаа тод томруун гаргахад дэм болгон ивж, өгүүлэмжийн цар хүрээг өгүүлэн буй шугамаас гажилгүйгээр буулгасан нь сэтгэлзүйн нарийн асуудал, тусгаар тогтнолын төлөөх эрс зоримог атал эмзэглэлээр илрэх нүүдэлчдийн өвөрмөц хандлагыг эгэл жирийн ардын оршихуйд нээн харуулснаараа онцлууштай. Үүнээс гадна зохиолд хөндөж буй сэдвүүд, тэдгээрт хамаарах дүрүүд дан дангаараа, зүй зохисоороо оршино. Эл чанар романыг туурвилзүйн хувьд ч шинэ илэрхийлэлтэй болгон хувиргасан байна. Аливаа нэг дүр нөгөөтэй харгалдаж, үйл явдлууд хоорондоо уялдан нийтгэгдэж, зохиолчийн дуу хоолой зарим үед дүрийн сэтгэлзүйн байдлыг тодруулах ч гэлээ бүтцийн хувьд нарийвчлан аваад үзвэл зохиол дахь “хроноп” нь ийнхүү өөр нэгэн үйл явдал олон тийш салаалуулан урсгаж болох бие даасан шинж чанартай.
Өдгөө магад нүүдэлчид болоод тэдгээрийн уламжлалт наадгай, зан заншил, урьдын хувьсгалт түүхийг өгүүлсэн зохиолууд дийлэнх уншигчдад хуучинсаг сэдэв, үйл явдлын улиглал мэт сэтгэгдэл төрүүлэх болсон. Гэвч “Тойром” романыг уншихад гол асуудал нь уншигчийн хандлагад бус зохиолчдын бичих чадвараас хамааралтай байсан шиг сэтгэгдэнэ. Үйл явдлын дэвсгэр нь байгалийн өөгүй шинж чанар, цаг хугацаа нь эргэн давтагдах маягийн цикл урсах боловч нүүдэлчдийн ялгарал, хоорондын харилцаа, хайр сэтгэлийн өгүүлэмж зэрэг нь өдрийн тэмдэглэл дэх үг, өгүүлбэрээ давталтын шинжтэй тоочимж хүүрнэлүүдээр хачирлаж баяжуулаад буулгачихсан юм шиг уншихад халгамаар, шил даран гарсан олон романуудаас эрс ялгарна.
Ерөөс адуу мал, ахуйн сэдвээсээ хөндийрсөнгүй хэмээн шүүмжлэх нь нэг талдаа зүрхэлж, зориглож буулгахдаа уран зохиол руу дөхөөгүй эсэн бусыг хамж хүүрнэсэн орчин цагийн зузаан зохиолуудын буулганд цөхөрсөн уншигчдын үнэн үг. Харин бид өөрсдийн туулж ирсэн, өсөж бойжсон, дурсамжаас үүдэн бүрэлдэх тэр л ондоошлыг хэрхэн бичиж, шинээр бүтээх вэ гэдэгт гол асуудал бий. Түүнээс бус хуучин сэдэв гэж байдаггүйг, онцлон барьж авсан тухайн сэдвээ чинээнд нь тултал, баримт судалгаа дээр тулгуурлан хэрхэн уртай гэгч өгүүлж, үгийн хоршлоор өгүүлэмжийн цар хүрээг яахин тэлж болдгийг “Тойром” романаас харж болно.

Түшээт Чин ван Ханддорж нэгэнтээ өмнө болоод өнгөрсөн Хангинахын шугуйн тойром буюу шагайн харвааг ахин явуулах болсон шалтгаан нь Чойжин ламтны сахиус буулгах үеийн айлдвартай холбоотой. Олон эрс дахин цуглаж, онч мэргэнээ сорин хашлага зандан дээр хасаагаа өрж, хуруугаар нясалсан сум хавтай сайхнаар байндаа тусах бүрд уухайн түрлэгээр уужимхан дэмнэх аваас лус савдаг баясаж, аливаа үйл хэрэг бүтэж, хотлоороо амар амгалан аж төрөх тухай айлдварт буусан хэрэг. Улмаар реалист өгүүлэмж дээр иймэрхүү шидэт маягийн дусал мэдрэмж шигтгэхэд л зохиолын хэлбэршил тэс өөр болоод хувирчихна. Гааданы сэтгэлдээ эргэцүүлэн яваа түмэн бодол, тэдгээрийн тэхий голд, өөр ямар ч бодол халдаж үл зүрхлэх хайр сэтгэлийн тухай хэтийн заяа хүртэл мөнөөх дусал мэдрэмжээс үүдэж романы өрнөл хүртэл аажуухан өндийхдөө нүүдэлчдийн өдгөө цаг хугацаанд тээж ирсэн олон нандин чанарыг бүтээжээ.
Мэдээж шинжлэх ухааны үүднээс авч үзвэл аливаа шашин шүтлэг, лус савдгийн талаарх бүхэн оргүй хоосон, ухамсарт гэгдэх хүмүүний хөөрхийлөлтэй амьдралаа тэтгэх гэсэн хоржоонтой зүйрлэл төдий болж хувирах боловч уран зохиолыг харин ийм амт шимтээс нь салгаж үл болох. Тэгээд ч тухайн цаг үеийн хүмүүсийн хэв шинжит дүрүүд, үйл хэрэгтээ ямагт харгалдуулан авч үздэг үзэл санааны чигийг огтлоод хаячихвал зохиолын хувь заяа цаашид хэрхэх билээ. Мөн Гааданы сахиус болгон зүүж явах сум зэрэг дуслын төдий шидийн юм шиг мэдрэмжийг эртнээс хадгалж ирсэн үнэт зүйлтэй нь оршоон буулгачихаар ийм л амьд өгүүлэмж, цааш үргэлжлэх үйл явдлын урсцыг илүү тунамал болгож хувиргаад зогсохгүй роман дахь дүрүүдийн ханьсах тавилангүй хэтийн заяаны шархны хэр гүнзгийг ч таниулна.
Цааш мөнөөх дуслын төдий мэдрэмж өргөсөж, зохиолын өгүүлэмжид бодит хөрсөн дээр буухдаа Гаадан олон удаагийн тойромд цэцээ шагшуулж цолгорох ч мөнөөх сахиус болгон зүүж явсан сумаараа харваж төвдөхгүй байх агаад гагц Богд эзний шагнал амласан харвааны үед л түүгээрээ харвахаар зориглодог. Чин хүслийнх нь ундаргыг тэтгэх учиртай тэрхүү зөн, шид шингэсэн сумыг нисгэхдээ хоосныг бүтээгээд түүнийгээ онож чадвал сэтгэлт бүсгүйгээ гэргийгээ болгох хүслийг Богд эзэнд өргөхөөр зорино. Учир нь түүний сэтгэлт бүсгүй болох уран Янжин нь эх дагинын оёдолчин агаад нөхөрт гарах журамгүй аж.
“… Гаадан тэргүүнээ өргөж, мэлмийгээ сунган сөдийн толгойг ширтэхэд салхи хуучин янзаар агаад, чимээ аван сортолзох согооны чих шиг хурууд нь аясаар урагш тэлүүлэн солбилзож чинээндээ хүрээд эрхийн гох зөнгөөрөө имрэгдэн тайлагдаж сум нь нисэн одох агшнаа сарвайн тэнийсэн алганд нь заяа учралын зурааснууд уртсан тодорч, эрхий нь яшил зандан хашлага дээрээ лүгхийн бууж үлдээд, ончрон байсан цэц хуруу нь сөд өвсний дохиж асан хоосон агаарын чиг заан тогтохуйд, маанийн үсэгтэй хувилгаан сум нь хурмаст тэнгэрийг хуйлан одлоо”.
Үгсийг ончроон цэцэлж, Гааданы мэргэн харвааг сэтгэлийнх нь чин хүсэлтэй нэгтгэн урласан дээрх цогцолборын хойно гол дүр нь Богд эзэнтэнд хүслээ ил дэлгэлгүй үлдэж, Чин ван Ханддорж ч одоохондоо дэмий гэх шиг үг дуугүй толгой сэгсрэн эсэргүүцэх зэрэг монгол хүний ур ухаан, аливаад зохирох цагийг хүлээх уужим зангийн төрлөх чанараар баяжихдаа зохиолчийн хүний хүсэл, дур сонирхол нь улс орны үйл хэргээс дээш дэврэх ёсгүй гэх үзэл баримтлалыг таниулах шиг санагдана.
Аливаа бүтээлийн үйл явдлыг ахин дахин нурших нь ямар нэг байдлаар тухайн зохиолыг сайтар ойлгож, дэвшүүлсэн асуудлыг нь бүрэн ухамсарлаагүйтэй холбоотой санагддаг. Тиймээс ямарваа нэгэн зохиолд дэвшүүлсэн гол асуудлыг л сугалж үзэх ёстой. “Тойром” романд хөндсөн эл чухал асуудлын нэг бол нийтийн үзэл санаа.
Хангинахын шугуйд цугласан, өөр хоорондоо өрсөлдөх олон харваачид эцэст нь нэгэн үйлийн төлөө эвлэлдэн нэгдэх хүсэл зорилготой байдаг. Энэ бол Ортега Гассетийн үзсэнээр үндэстэн бүрэлдэх үйл явц. Мэдээж зохиолчийн хувьд улс төр, нийгмийн сэдвийг онолын талаас нь бүтээж, академик найруулгад тулгуурласан эл бүтээлийг уншаагүй болов уу гэж санана. Гэвч романдаа сүндэрлүүлсэн үйл явдлын тойрогт тэмцэлдэж буй хүмүүсийн дотоодод хоорондоо нэгдэх үзэл санааны ойлголтыг багтааснаар үндэсний шинэ ухамсар тухайн цаг үед хэрхэн бүрэлдсэнийг яруу сайхнаар тодорхойлж өгчээ.
Нөгөөтэйгүүр эл романы үйл явдлын цаг хугацаа Манж Чин гүрний ноёрхолд байх нүүдэлчин түмний тухай өгүүлэх боловч хэтийдсэн муу дүр гэж үгүй. Эсрэг тэсрэгийн хоршилгүй боловч дүрүүд нь хэчнээн амьд, сэтгэлзүйн зөрчил нь аядуу, эргэцүүлэл, бодомжийн шинжтэй хөврөх нь мөнөөх нийтийн үзэл санааны асуудал руу зохиолын үйл явдлыг хандлуулах зохиолчийн арга барил гэлтэй.

Дурсамж ихэнхдээ л хээ нь эвлээгүй торго шиг салангид, энд тэндээ нөхөөс болж ноорсон хувцас шиг эд боловч ихэнх бүтээлд зориудын байдлаар бүтэн болгон шигтгэх нь зохиолын өгүүлэмжийг бөөрөөрөө нийлсэн эрхи аятай болгоод уншигчийг гацааж орхидог. Зайгүй, завсаргүй нийлсэн тийм эрхийг эрхийгээрээ имэрч маани хэлэх боломжгүй.
Ц.Гончигийн “Тойром” роман дахь дурсамжууд дүрийн дотоодод сэрэхээс илүүтэй, зохиолч өнгөрснийг сануулах байдлаар өөрийн дуу хоолойгоор тодруулан урласан нь чухам л эвлэжээ.
Хулгар Нацаг, Думаа хоёрын хайр сэтгэлийн урьдын хагацал, ерөөлөөр учирч буй эдгэрсэн сэтгэлийн учгийг гол дүрийн залуусын цаашдын хувь заяатай огтлолцуулан хариултгүй үлдээх нь хүртэл зүйдэл зүйдлээрээ эвлэсэн дээлийн өнгийг сануулах агаад нүүдэлчдийн ерөнхий шинж чанар нь түүхийн явцуу ойлголтоор бус язгуур мөн чанартай илүү хамааралтай болохыг сануулна.
Хувь хүн өөрийгөө ойлгож, олзлон ухаж, төрөлх хувь чанарынхаа өгөгдлийг олох нь ямагт буруу чигийг заадаг. Харин бие хүний ухамсар мөнөөх буруу чиг рүү үргэлж оюун бодлыг хөтөлж байдаг жамтай. Гааданы дүр яг л тийм дотоод руугаа чиглэсэн тэмцлээс үүдэн бүрэлдсэн агаад уран зохиолын ертөнцөд хувь чанараа нээх нь эсрэг хамааралтай гэдгийг сануулсан явдал болов. Учир шалтгааны үндсийг тайлан бодох тэрхүү хором нь тэнгэрт од харвах байгалийн үзэгдэлтэй хоршин нийлж, эдгэрсэн сэтгэлийн дотоод дахь гал шатаад дуусах од шиг аажуухан бүүдийсээр өөр нэгэн туяа алгуурхан мандаж уужим амьсгалах нь эгээтэй л гоо зүйн үнэт зүйлийг бүтээж, зохиолд өгүүлдэгчлэн хоосныг бүтээгээд түүнийгээ оносон шиг мэдрэмж цээжний мухарт хоногшуулна.
Мөн дүрүүдийн үйлдэл, зан араншинг шагайн харваатай нийтгэн зүйжээ. “...самгардаж бутран үсрэх хасаа шиг болсон анхаарлаа хянаж дийлэлгүй газар шагайлаа…” гэх юм уу “...Таны үгийг дамжуулж хэлсэн гэхэд аварга тавьсан сум нь анх удаа хасаа онож буй хүүхэд шиг баясан мишээж бантахдаа хүзүү сээрээ нужигнуулан дуугаргаж…” гэх зэргээр онож авсан сэдвээ дүрүүдийн үйл хөдөл, дотоод эргэцүүцэлд уясан нь зөвхөн дүрслэлийн хэмжээнд уран зохиолыг аваачиж өгүүлэмж, өгүүлэн буй сэдвээс хөндийрүүлж орхисонгүй.
Монголчуудын хоосон чанарт хандах хандлага их өвөрмөц. Зарим талаар буддын шашны нөлөө ч үүнд бий. Магад хэтэрхий гөрдөж сэрсэн байлаа ч гэхнээ ардын аман зохиол, үлгэрүүдээс эхлээд л хоосон чанарыг нүүдэлчид бялхсан дүүрэн гэх утгатай дүйцүүлж ирсэн байдаг. Хоосноос буй бүхэн хуран үүдэж дүүрдэг. Тэгэхээр хоосон гэдэг оргүй гэсэн үг бус аа. Аливаа зүйлд шинж чанар байгаа аваас огт оргүй гэх утгатай дүйхгүй. Харин тэрхүү дүүрэн нь ямагт цаг хугацаа адил хувирч, өөрчлөгдөж байдаг жамтай. Энэ талаар романы төгсгөлд Гаадан болоод Дандар аграмбын хоорондын ярианд тодорхой илэрхийлжээ.
“... Хоосон гэдэг нь чухамдаа юу ч байхгүй гэсэн үг биш харин бүх зүйл өөрчлөгддөг, аливаа зүйл тогтсон нэг мөн чанаргүй гэсэн утгын тухайтад ойлголт юм. Үнэндээ чи тэр өдөр юу ч байхгүйг онилж, юу ч байхгүй руу сумаа илгээсэн. Гэхдээ чи оносон шүү дээ”.
Цаашлаад Гааданы сахиус болгон зүүж явсан сум үйрэн унахдаа хэрхэн өөр төлөвт шилжсэн болоод Богд гэгээний мэлмий дор сөдийн толгой оносон харвааных нь тухайтад жишээлэн Дандар аграмба дээрх санаагаа лавшруулдаг. Тэгэхээр оноон нэрлэснээр бус барих биегүй ухамсар, бодол, улс эх орны тусгаар байдал, нийгмийн шилжилт, хүний сэтгэл дэх хүсэл тэмүүлэл зэрэг юмс бүхэн өөр цаг хугацаа, орон зайд цаг үеийн байдлаас хамааран хувьсаж, өөрчлөгдөх зүй тогтолтой. Ямартаа ч шашны нөлөөллөөс ангид жишээ дээр нүүдэлчдийн аливаад хандах хандлагыг илэрхийлэн өгүүлснээрээ тус романд дэвшүүлсэн эл асуудал уг үндсийг минь сануулж, язгуур шинжээ таньж, бусдаас ялгарах агуулга чухам хаахна бийг ухааруулав. Түүгээрээ л бид хоорондын өвөрмөц ижилснийг бүтээж, бусдаас ангид ялгарлаа илүүтэй ойлгох юм шиг бодогдоно.
Юмсын эхлэл гэдэг хэчнээн сайхан зохирол билээ. Тэр эхлэлээс хөвөрдсөн бүхэн хүлээсэн цаг хугацааны хоосонг дүүргэх ч мөн сайхан. Цаашид ч цагийн саалтыг туучин одох шид бүтээлд шингэсэн нь мэдрэгдэх бүр ч сайхан. Нэгэн оны тунгалаг хаврын эхлэл болж умрын тэнгэр хаврын салхийг урин залаад цэлмэжээ. Цаг наашлан ахуйг зарлан цэнхэрлэх хөх огторгуйн дор суугаад их Д.Нацагдоржийн шүлэглэсэн шиг зоригт монголын золбоот үр нь эх хэл, эгэл ардынхаа нандин чанарыг ухан ойлгож, эрэмшин эзэмшээд бүтээсэн эл зохиолд арвантаа жижигдэх бичвэрээ энд хүрээд жаргаая.