
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад хандан “манай талд үлдээч” хэмээн уриалжээ.
Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсний дөрөв дэх жилийн ой болохын өмнөх өдөр CNN-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Зеленский АНУ хэтэрхий том, хэтэрхий чухал улс тул энэ мөргөлдөөнөөс хөндийрч болохгүй гэж хэлжээ. Мөн Трамп Холбооны байдлын илтгэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины удирдлагад буй Оросын эсрэг тэмцэж буй Украиныг дэмжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
“Тэд ганц хүний эсрэг тэмцэж буй ардчилсан улстай хамт байх ёстой. Учир нь тэр хүн бол өөрөө - дайн. Путин бол дайн. Бүх зүйл түүний өөрийнх нь төлөө, ганц хүний төлөө. Түүний улс орон бүхэлдээ шоронд байгаа мэт байгаа” хэмээн Зеленський CNN-д ярьжээ.
Трамп Путинд хангалттай дарамт шахалт үзүүлж байгаа эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад Зеленский “Үгүй” гэж хариулжээ.
Ярилцлагын үеэр Зеленський украинчууд энэ дайнаас болж туйлдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Путины шаардлагад бууж өгөх нь огт боломжгүй зүйл гэдгийг онцлоод “Бид түүнд хүссэн бүхнийг нь өгч болохгүй. Учир нь тэр биднийг эзлэхийг хүсэж байна. Хэрэв бид хүссэнийг нь өгвөл бид бүхнээ алдана. Хүмүүс дүрвэх эсвэл орос болохоос өөр аргагүй болно” гэжээ.
Дайн тав дахь жилдээ орж буй энэ үед Украин, Орос болон АНУ оролцсон гурван талт энхийн хэлэлцээ хараахан бодит ахиц гаргаагүй байна.
Зеленський аюулгүй байдлын баталгаа, ялангуяа ирээдүйд Орос өөрийнх нь улсад дахин халдвал Украины холбоотнууд ямар хариу арга хэмжээ авах вэ гэсэн асуудал хамгийн том гацаа хэвээр байгааг хэлжээ.
Түүнд “Орос дахин дайн эхлүүлэхгүй” гэж байнга хэлдэг ч “энэ бол хангалттай хариулт биш” гэж тэр хэлсэн байна.
“Одоогийн ширээн дээр байгаа аюулгүй байдлын баталгаанд сайн талууд бий, үнэн. Гэхдээ Путин дахин дайрвал манай түншүүд яг юу хийхэд бэлэн вэ гэдэг маш тодорхой хариултыг би хүсэж байна. Үүнийг л украинчууд сонсохыг хүсэж байна” хэмээн Зеленський хэлжээ.
Мөн энх тайванд хүрэх алхмуудын дарааллын талаар санал зөрөлдөөнтэй байгаагаа Зеленський дурджээ. Трамп Украин Оростой энхийн гэрээ байгуулж, мөн АНУ болон Европын орнуудтай аюулгүй байдлын баталгааны хэлэлцээрийг нэг дор, дайны төгсгөлийг тэмдэглэсэн ёслолын үеэр зэрэг байгуулахыг хүсэж байгаа аж.
Харин Зеленський аюулгүй байдлын баталгааг эхлээд АНУ-ын Конгресс батлах ёстой гэсэн байр суурьтай байна. Ингэснээр украинчууд ирээдүйд холбоотнууддаа найдаж болно гэсэн итгэлтэй болно гэж тэр үзэж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд олон удаа урам нь хугарч байсан гэжээ.
Өөр нэг маргаантай асуудлын талаар Зеленський Украин одоогийн фронтын шугамаар дайныг “царцаах”-д бэлэн гэж хэлсэн ч Украины арми Донецкийн зүүн бүсэд хяналтдаа байгаа газруудаасаа ухрахгүй гэдгийг тодотгожээ.
ОХУ Киевийн хяналтад байгаа, тус бүс нутгийн ойролцоогоор 20 хувь буюу хамгаалалтын “бэхлэлт бүс” болж буй аж үйлдвэрийн хотууд, төмөр зам, авто замыг Украинд өгөхийг шаардаж байна. “Орос зүгээр л манай армийг ухраа гэдэг. Уучлаарай, Бид тийм тэнэг хүмүүс биш. Бид хүүхэд биш. Энэ дайныг олон жил туулсан. Тиймээс бид улсаа тавган дээр тавиад өгч чадахгүй” гэж тэр хэлжээ.
“Тэнд 200 мянган хүн амьдарч байна. Тэд ямар аюулгүй байдалтай байх вэ гэдэг маш чухал. Би тэдэнд юу гэж хэлэх вэ? Манай цэргүүд юу гэж хэлэх вэ. Баяртай. Бид явлаа. Та нар одооноос орос боллоо гэж хэлэх үү” гэж Зеленський хэлсэн байна.

Тэрээр мөн сонгуулийн асуудал болон өөрийн ирээдүйн талаар ярьжээ. Зеленский 2019 онд сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2024 оны тавдугаар сард дуусах ёстой байсан ч дайны үеийн онц байдлын улмаас сонгууль явуулахыг хориглосон тул албан тушаалдаа хэвээр үлдсэн аж. Трамп Украинд сонгууль явуулах ёстой гэсэн санал дэвшүүлж, бүр Зеленськийг “дарангуйлагч” гэж нэрлэж байсан удаатай.
“АНУ, Орос зэрэг янз бүрийн улсын ерөнхийлөгчид Украины сонгуулийн талаар ярих нь сонин байдаг” гэж Зеленський хэлжээ. “Тэд юу хүссэн юм бол? Өөр ерөнхийлөгч үү?Тэгвэл тэгье л дээ” хэмээн тэр хэлээд, магадгүй өөр удирдагч Оросын өмнө буулт хийх байх гэж бодож байгаа юм болов уу гэж эргэлздэг гэдгээ хэлжээ.
Зеленський CNN-д энэхүү ярилцлагыг өгөхийн өмнө амиа алдсан украин цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсон байна. Тэрээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй нэг бүрчлэн уулзаж, золиослолд нь талархал илэрхийлжээ. “Бидэнтэй хамт байхгүй ч зүрх сэтгэлд минь амьд хэвээр байгаа баатарлаг хүмүүсийн ээж, аав, нөхөр, эхнэрт одон гардуулах нь нэр төрийн хэрэг. Гэхдээ маш их шаналалтай, маш их сэтгэл хөдөлгөм байдаг” гэж тэр хэлсэн байна.

“Би үүнийг өөрөө хийхийг хүсдэг. Ерөнхийлөгч энэ одонг гардуулах нь маш чухал гэж боддог. Үүнд би үргэлж цаг гаргах ёстой” хэмээн онцлон хэлжээ.