
Унгарын цахилгаан эрчим хүчний бараг талыг үйлдвэрлэдэг Пакш цөмийн цахилгаан станц Дунай мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрсний улмаас бүрэн зогсож магадгүй нөхцөлд оржээ. Пакш энэ амралтын өдрүүдэд бүрэн ажиллагаагаа зогсоож магадгүй талаар Унгарын Ерөнхий сайд Петер Мажар мэдэгдлээ.
Орост үйлдвэрлэсэн дөрвөн реактортой тус станц одоогоор нийт 2 гигаваттын суурилагдсан хүчин чадлынхаа ердөө 25 хувиар ажилладаг. Хэрэв тус станц бүрэн зогсвол сүүлийн 44 жилийн түүхэндээ анх удаа бүрэн ажиллагаагаа зогсоосон тохиолдол болох юм.
Пакш станцын реакторуудыг хөргөхөд Дунай мөрний усыг ашигладаг. Хур тунадас багассанаас үүдэн голын усны түвшин огцом буурч, зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэл төдийгүй усан тээвэр, аялал жуулчлалд ч хүндрэл үүсгээд байна. Мөн энэ нь хоёрдугаар улиралд хүлээлтээс бага өсөлт үзүүлсэн Унгарын эдийн засагт нэмэлт дарамт учруулж болзошгүй.
"Дунай мөрний усны түвшин дахин буурсан. Үүний улмаас Пакш станцын инженерүүд өнгөрсөн шөнө цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээг дахин буурууллаа" хэмээн Мажар Фэйсбүүкт нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлжээ. Тэрээр "Станцыг бүрэн зогсоох шийдвэр төлөвлөснөөс эрт, энэ амралтын өдрүүдэд ч хэрэгжиж магадгүй" гэж анхааруулсан байна.
Эрчим хүчний хямралын эрсдэл
Мажарын тэргүүлдэг Тиса намын дэд дарга Марк Раднай импортын цахилгааны үнэ огцом өсөж буйтай холбоотойгоор эрчим хүчний хямрал Унгарт 100-200 тэрбум форинт (315-630 сая ам.доллар)-ын хохирол учруулж болзошгүй гэж мэдэгджээ.
Пакш станц хэдэн долоо хоногоор зогсонги байдалд орж болзошгүйг өмнө нь анхааруулж байсан Мажарын Засгийн газар томоохон хэрэглэгчдээс цахилгаан хэрэглээгээ сайн дураар бууруулахыг хүссэн тогтоол гаргахаар болжээ. Одоогоор 240 мегаваттын хэрэглээг танах амлалт аваад байгаа бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох аж.
Мөн цахилгаан үйлдвэрлэл, импортын нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний цахилгаан дамжуулах сүлжээний оператор MAVIR томоохон хэрэглэгчдэд хэрэглээгээ албан журмаар бууруулах шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд зарим том хэрэглэгчийг сүлжээнээс түр хугацаанд салгах эрхтэй болох юм.
"Өрхийн хэрэглэгчид бол хязгаарлалтын хамгийн сүүлчийн шатанд хамрагдана" гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Мөн Унгарын хамгийн том хийн цахилгаан станц болох Сазхаломбатта дахь станцад гарсан доголдлын улмаас алдагдсан 400 мегаваттын хүчин чадлыг ням гарагт сэргээх боломжтой ч үндэсний цахилгаан сүлжээний ачааллыг бууруулах нэмэлт арга хэмжээ шаардлагатай байгааг тэрээр дурдсан байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Ирэх даваа гарагаас эхлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
Орон нутгийн цагаар 15:00-20:00 хооронд төмөр замын ачаа тээврийг түр зогсоох,
Ирэх долоо хоногийн эхний гурван өдөр төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллуулах,
Боломжтой тохиолдолд хувийн хэвшлийн байгууллагуудад мөн зайнаас ажиллахыг зөвлөх,
Төрийн байгууллагуудын барилгын гэрэлтүүлэг болон шаардлагагүй гадна гэрлүүдийг унтраах аж.
Түүнчлэн Дунай мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрсний улмаас хамгийн их өртсөн бүс нутгуудад усны хэрэглээнд хязгаарлалт тогтоогоод байна.
"Усны дусал бүр үнэтэй" гэж Ерөнхий сайд Петер Мажар мэдэгджээ.