
“Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.
–“Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль” хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хуулиар хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, хангах асуудлыг чамбайруулсан байх?
-2021 оны 12 дугаар сард “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль” батлагсан. 2022 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ дөрвөн жил болох гэж байна. Энэ хуульд хүний хувийн мэдээллийн жагсаалтыг дэлгэрэнгүй зааж өгсөн. Мөн өмнөх хуулиар хүний хувийн мэдээллийг хувь хүн өөрөө хамгаалах зохицуулалттай байсан. Харин 2022 оноос хувь хүнээс гадна төрийн болон хувийн байгууллага тодорхой үүрэг хүлээсэн. Гол хоёр нөхцөл бий. Нэгдүгээрт, хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хувь хүнээс зөвшөөрөл авах тухай асуудал. Зөвшөөрөл авах 7-8 нөхцөл бий. Тэдгээрийг таницуулж, ямар мэдээллийг, ямар зорилгоор, хэдийн хугацаанд цуглуулж, ашиглах вэ гэдгийг танилцуулах ёстой. Мөн зөвшөөрлийг цуцлах боломж бий. Зөвшөөрлийнхөө нөхцөлийг зөрчих хийгээд өөр зорилгоор ашигласан тохиолдолд зөвшөөрлөө цуцлах боломжтой. Хоёрдугаарт, мартагдах эрх гэж бий. Өөрөөр хэлбэл, мэдээллээ устгуулах эрхийг тусгасан. Хайлтын түүхээс эхлээд мэдээллийг нь хадгалж байгаа газарт иргэд тухайн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах эрхтэй болсон.
–Энэ хууль олон улсын жишигтэй хэр нийцсэн бэ?
–2016 онд Европын холбооноос батлаад 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн Өгөгдөл хамгаалах ерөнхий зохицуулалт гэж бий. Ерөнхийдөө, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг боловсруулахдаа тус зохицуулалттай нийцүүлэх гэж оролдож, олон улсын жишигтэй ойртуулах гэж оролдсон.
–Хуулийн хэрэгжилтийг ямар байгууллагууд хариуцдаг вэ?
-Тус хуулийг хэрэгжүүлэх гол субьект нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК). (ХЭҮК)-д хүний хувийн мэдээлэл хамгаалах бие даасан хэлтэс бий. Мөн тус хуулийн хэрэгжилтийг хангасан тусдаа гишүүн байдаг. Улмаар гомдол хүлээж авдаг, шаардлага зөвлөмж өгдөг.
–Улс төрийн намын цахим хуудсанд регистрийн дугаар оруулахад мэдээлэл ил болсон асуудал өнгөрсөн долоо хоногт сөхөгдсөн. Энэ асуудал дээл хуулийн тайлбар өгөхгүй юу?
-Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиас гадна Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэж байдаг. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд улс төрийн намыг мэдээлэл хариуцагч гэж заасан байдаг. Үүнд Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд, МҮОНТ зэрэг олон байгууллага хамаардаг. Тэгэхээр АН-ын асуудлын тухайд АН улс төрийн нам учир мэдээлэл өгөх үүрэгтэй болчихож байгаа юм. Мөн Хүний хувийн мэдээллийн тухай хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хуулиар Цахим хөгжил харилцаа холбооны яамны холбогдох дүрэм, журмыг баталсан байдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн журмыг боловсруулдаг учир үүний дагуу мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Тиймээс тэр үүргээ зөрчсөн байж болзошгүй гэх асуудал байгаа. Регистрийн дугаар, хувийн мэдээллээ улс төрийн намыг гишүүн болохоор зөвшөөрөөд өгсөн байлаа ч тэр мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг нам хүлээсэн байгаа. Тиймээс энэ үүргээ зөрчсөн гэж үзвэл хувь хүн Шүүхийн байгууллагад хандах боломжтой. Мөн ХЭҮК -д гомдол гаргаад, тус байгууллага АН-д зөвлөмж эсвэл шаардлага өгч болох юм. Регистрийн дугаараа оруулахад зөвхөн намын гишүүн мөн эсэх нь гарч ирвэл нэг хэрэг. Гэрийн хаягнаас эхлээд хувийн мэдээлэл гарч ирнэ гэдэг нь ауудал юм.
-Сонгуулийн хуульд намууд сонгогчдын талаар мэдээлэл авах боломжтой гэж заасан байдаг. Үүний дагуу мэдээлэл цуглууж, ашигласан гэх тайлбарыг АН-ын зүгээс олон нийтэд өгөөд буй. Энэ үндэслэлтэй юу?
–Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд сонгогчдын нэрсийн жагсаалтыг авах эрхтэй. Гэхдээ зөвхөн сонгуулийн зорилгоор, хязгаартай хүрээнд ашиглах ёстой. Хэрэв сонгуулийн бус үед, намын гишүүнчлэлийн зорилгоор ашиглавал анхны зөвшөөрлийн хүрээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн сонгогчдын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авдаг. Иймд мэдээллийг ямар хэлбэрээр, ямар нөхцөлтэйгээр өгсөн, түүнд хяналт тавьсан эсэх талаар тус байгууллага тайлбар өгөх үүрэгтэй.
–Хөгжүүлэлтийн компанийн алдааны улмаас иргэдийн мэдээлэл ил болсон гэх тайлбарыг АН-ын нэр бүхий албан тушаалтан хэлсэн. Энэ тохиолдолд аль тал хариуцлага хүлээх вэ?
–Захиалагч тал буюу улс төрийн нам өөрөө мэдээлэл хариуцагч тул хяналт тавих үүрэгтэй. Хэрэв гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад зөрчил гарсан бол нам эхэлж хариуцлага хүлээнэ. Дараа нь гүйцэтгэгч компанитайгаа хариуцлага ярих ёстой. ХЭҮК мөн хаана алдаа гарсныг тогтоох үүрэгтэй.
–Хуулийн зохицуулалт хангалттай юу, эсвэл хэрэгжилт асуудалтай байна уу? – Хуулийн зохицуулалт харьцангүй боломжийн. Хэрэгжилт, хяналт дээр хувь хүмүүс мэдээллээ замбараагүй өгөхгүй байх, хяналт тавих зэрэг үүргүүд бий. Тэгэхээр хувь хүнээс хамаарсан хэрэгжилтийн асуудал байгаа. Үүнээс гадна, холбогдох байгууллагууд ажлаа хэр хийж байгаа вэ гэх асуудал яригдана. Хэрэгжилт сайн байсан бол хувийн мэдээлэл задарсан олон тохиолдол гарахгүй. Тухайлбал, Цахим хөгжил харилцаа холбооны яам, ХЭҮК иргэдийн гомдол хүлээхгүйгээр ажиллах ёстой. Чиг үүрэг нь байгаа ч чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй л байна гэж харж байгаа.