
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 662 дахь дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
Нэг. Монголыг сэрээх морин жил
Монголчууд морин жилд сэрэх нь баттай болжээ. Сэрэхдээ 1990 оны цагаан морин жилтэй адил эдийн засгийн нуралтаар сэрэх нь ээ. Сүүлийн 10 жилд мөнгөний нийлүүлэлтээ 7 дахин өсгөсөн атлаа бүтээмж нь хорьхон хувиар өссөний үйлийн лайгаа үүрцгээнэ. Яг л социализмын үеийн бүтээмжгүй улс, гэрлийн хурдаар өсөх өр. Жирийн монгол хүнийг гэрийн өр нь морин жилийн өглөө бүр сэрээнэ. Харин морин сүлдтэй төрийг маань Монголын өр сэрээх нь үү? Сэрэхгүй бол сэрээж чаддаг нь Монголын зан. Татвараа багасгаж, хулгайгаа цэгцлэхээс урьдаар ханцуй дотроо наймаалцаад эхэлвэл монголчууд сэрдэг юм. Цагийн тохироо гэхээсээ хувьсгалын тохироо ч байж мэднэ.
36 жилийн өмнө цагаан морин жилд эдийн засгийн профессор, улсын удирдагч асан Ж.Батмөнхөөс сэтгүүлч Т.Галдан социализмын үед зарцуулсан зээлийн зарцуулалтын талаар асуухад “Авсан зээлээ бид салхинд хийсгээгүй... Ингэж хэлэхдээ би зээлийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байсныг огтхон ч үгүйсгэхгүй” гэж шударга хариулж байсан юм. Ард түмэн нь засаглалд нь дүн тавьчихсан ээдрээт өдрүүдэд тэрээр Засгийн эрх мэдлийг гадаад, дотоодын элдэв өнгөлзлөгөөс хамгаалж, зүй ёсоор ньхойч үедээ хүлээлгэн өгч чадсан гавьяатан билээ. Өвгөн удирдагчид байсан шиг өндөр ноён нурууг өнөөдөр бид хэнээс хүлээх вэ?
Я.Баяраагийн "Монгол сэрдэг морин жил"
Хоёр. Хувьсан өөрчлөгдөж буй Цагаан сар
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Наадмыг би монголчуудад жилдээ нэг удаа хийдэг соёлын дархлааны вакцин гэж ойлгодог. “Монгол хүн шүү би” гэдгээ дахин нэг санах, сэхээрэхэд нь туслах вакцин” хэмээн хэлсэн байдаг. Яг үүнтэй адил Цагаан сар бол монголчуудын өв соёлоо дээдлэх, ахмадаа хүндлэх, ураг төрлөө мэдэлцэхийн чухлыг сануулсан “вакцин”. Цаг хугацаа урсах тусам монгол ахуй, дэлхийн хаана ч байхгүй ондоошлоосоо холдож буй бидэнд ийм баяр байгаа нь талархаж, бахархууштай.
Хүмүүсээс Цагаан сарын баярынх нь дурсамжийг нь асуухаар бүгдээрээ л хүүхэд насныхаа тухай ярьдаг. Ялангуяа хөдөө өссөн хүн бүр хүүхэд насныхаа Цагаан сарыг хамгийн сайхан нь гэдэг. Одоогийн хүүхдэд ч хамгийн сайхан баяр санагддаг байж таараа. Гэхдээ бид монгол ахуйгаасаа улам л холдсоор байна. Сүү хөөрүүлж цагаалаг бэлтгэхийн оронд бэлэн тараг, үйлдвэрт боловсруулсан аарцаар цагаалаг хийж, идээ шүүс, таваг засах бүхнээ худалдан авч байна. Уг нь энэ бүгдийг өөрсдөө хийх нь хамгийн сайхан дүрсамж бүтээдэг, монгол өв соёлоо хүүхэд багачууддаа таниулдаг ач холбогдолтой байлаа. Мориныхоо дээлийг засаж гоёод айл хэсэх бус мотоцикль, машин хөлөглөөд айлаар бууж байна. Техник технологийн дэвшлийг ашиглаж, орчин цагтайгаа хөл нийлүүлэн амьдрах нь зөв ч энэ болгонд бид монгол ахуй, өв соёлоосоо улам алсарсаар л буй. “Гүн гүнзгий ахуй соёл маань дурсамжинд минь үлдэж дээ” гэж бодохоор харамсмаар ч юм шиг. Гэхдээ бид ийм сайхан баяраа үеийн үе, үрийн үрд өвлүүлэн, тэмдэглэсээр байгаа нь сайхан.
С.Шийлэгтөмөрийн "Дурсамж хөглөх Цагаан сар" нийтлэлээс
Гурав. Малчны хотноос төрж буй инфлюнсерүүд
Монголчууд дэлгэсэн тэрлэг шиг дэлгэр нутагтаа таван хошуу малаа тааваараа адгуулан, гаршуулж, ашиг шимийг нь хүртэж амьдардаг их хувьтай ард түмэн. Тиймдээ ч нүүдлийн мал аж ахуй бол эх орны минь ондоошил, омогшил, ялгарал юм. Харамсалтай нь, хотжилт эрчимжиж, залуучуудын дунд суурин бараадах хүсэл түрэх болсны улмаас малчдын залгамж халаа цөөрч, нүүдлийн соёл бүдгэрч мэдэх асуудал, аюул сөхөгдөх болсон. Харин сүүлийн жилүүдэд их хотын хөл, үймээн, барьж тогтооход бэрх үнийн өсөлт, зах зээлийн хөөргөдлийн улмаас хөдөөг зорих залуучуудын тоо нэмэгдсээр байгаа юм. Тэд уламжлалт мал аж ахуйг орчин үеийн соёл, технологитой хослуулан, түүнийгээ ч олон нийтэд таниулан, сурталчилж буй. Бид энэ удаагийн дугаартаа малчны хотноос цахим инфлюнсер хийж, залуу хүмүүс Монголдоо, тэр дундаа хөдөөд сайхан амьдарч болдгийг монголчуудад төдийгүй олон улсад сурталчилж буй залуусын төлөөлөлтэй ярилцсан юм.
О.Даваасүрэнгийн "Шинэ үеийн, нөлөөлөгч малчид" нийтлэлээс
Дөрөв. Шинэ цагийн залуусын хандлага
Одоогоос хоёр жилийн өмнө Бангладешийн залуус Засгийн газрынхаа эсрэг жагсаж, 20 орчим жил улсыг нь удирдсан Шейх Хасинаг суудлаас нь буулгасан. Төрийн албаны ажлын байрны квотыг өөрчлөх шийдвэр нь залуусыг “өрдөж”, эсэргүүцлийг өдөөсөн юм. Цөөнгүй хүн амиа алдаж, олон мянган хүний эрх чөлөөг үгүй хийсэн тус жагсаалын үеэр Ерөнхий сайд Шейх Хасина эх орноосоо дүрвэсэн. Тусгаар тогтнолын баатрын үргэлжлэл, улсынхаа тулах цэг гэгдэж ирсэн түүнийг шинэ үеийнхний эсэргүүцэл бүрэн буулгаж авсан юм.
Мөн Непал улсын эрх баригчид фейсбүүк, инстаграм, юүтүб тэргүүтэй сошиал медиа платформыг хаахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэр залуусын эгдүүцлийг хүргэж, улс даяар жагсаал өрнөсөн. Жагсагчид дээрх шийдвэрээс гадна улс төр дэх авлигын сүлжээ, хууль бус томилгоо, тохиролцоог эсэргүүцэн тэмцсэн юм.
Манай улсын сонгогчдын тоо хоёр сая 230 мянга бөгөөд үүний 15.8 хувь нь 18-25 насны залуус. Гэтэл энэ насны төлөөлөл УИХ, Засгийн газарт нэг ч алга. Энэ нь залууст чиглэсэн бодлого, шийдвэр оновчтой, голч гарахгүй байгаагийн нэг шалтгаан аж. Монгол залуус ч авлигагүй нийгэм, айдасгүй орчин, тэгш, хүртээмжтэй нийгмийн үйлчилгээ, татварын оновчтой бодлого, хүний эрх зэрэг нийгмийн суурь, шударга байдлыг нэхэж хэд, хэдэн удаа жагссан. Тэд Засгийн газраас ажлаа хийхийг шаардаж, Монголдоо сайхан амьдармаар байгаагаа илэрхийлж жагсахдаа барьсан лоозон, тавьсан шаардлага, зохион байгуулалт, эмх цэгц зэргээрээ үлгэрлэсэн юм. Үзэл санаандаа ч үнэнч байсан. Одоогоос хэдхэн жилийн өмнө өрнөсөн “Ажлаа хий” жагсаалын үеэр цагаан морин жил жагсаж явсан Да.Ганболд “Залуусын жагсаал Монголд шинэ либерал үзэл гарч ирж байгааг харууллаа” гэсэн нь үнэнд дөхнө. Тэд хэн нэгэнд худалдагдаагүй. Жагсаал хийх нэрийдлээр бусдыг турхирч, бусармаг авирлаж, архидан согтуурч, гэмт хэрэг, зөрчил өдөөгөөгүй. Түүгээр ч зогсохгүй залуусын жагсаалын дараа төв талбайд ширхэг хог үлдээгүй нь энэ үеийнхний үзэл санаа, хандлага тэс өөр байгааг нийгэмд, нийтэд илэрхийлж чадсан юм.
О.Даваасүрэнгийн "Залуусын түрлэг" нийтлэлээс
Тав. Сэтгэцээ эрүүл байлгах аян өрнүүлэх үү?
Монгол Улсын насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй гэсэн судалгаа бий. Үүнд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн шаналгаа, нойрны эмгэгүүд, архаг ядаргаа зонхилдог, эдгээр нь голдуу стрессээс үүдэлтэй байдаг аж. “Интернэт хөгжөөгүй байхад зарим хүний тэнэгийг зөвхөн гэрийнхэн нь л мэддэг байж” гэсэн шог яриа ч бий. Харин цахим сүлжээ, техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн гаж үйлдэл, солиорлын нийгэмд үзүүлэх хор нөлөө нэмэгдэж буй. Эл солиорлыг бусдад нэг их хоргүй болон нийгэмд сөрөг нөлөөтэй гэж ангилж болохоор харагдана.
Бусдад мундаг харагдах, хүлээн зөвшөөрөгдөх гэж бодит байдлаа хэтрүүлэн үнэлэх, гол нь тэрийгээ нийгмийн сүлжээ ашиглан бусдад “цацах” нь бас л эмгэгийн шинж байж мэднэ. Улс төр, урлаг соёл гээд бүх л салбарт ийм донтнууд бий. Тэд илүү эх оронч, илүү чадварлаг, “дэлхийн” хүн болж харагдан бусдаар магтуулах, шагшуулах их хүсэлтэй. Түүнийхээ төлөө юу ч гэж худал ярихаас сийхгүй. Хэзээ нэгэн цагт худал нь илэрнэ, гэвч хамгийн чухал нь тэдгээр хүнд ичих булчирхай угаас байхгүй учраас тоохгүй. Ичиж зовохгүй байх нь бас л нэг эмгэг биш гэж үү. Орон даяар зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх аян явуулахгүй бол энэ мэт сошиал солиорол улам газар авч, хор нөлөөг арилгах аргагүй болох нь.
С.Туулын "Нийгмийн солиорол" нийтлэлээс
Зургаа. Дэлхий дээрх хамгийн үнэтэй ор эмнэлэгт бий
Дэлхий дээрх хамгийн үнэтэй ор эмнэлэгт байдаг гэх утгатай нийтлэл нийгмийн сүлжээнээс олж харлаа. Энэ ор цаг хугацаа, амьдралын хором мөчүүд, итгэл найдвар, ажил хичээл, амжилт, амьдралын чанар гээд амьдралын үнэ цэнтэй бүхнийг сордог талаар дурджээ. Энэ бүгд дээр нэмээд стресс, санаа зовнил, шаналлыг нэмэхээс гадна эдийн засгийн алдагдалд оруулдаг гэдгийг ч мартаж болохгүй. Тиймдээ ч эрүүл мэндийн даатгал тансаг хэрэглээ бус хүний суурь хэрэгцээнд тооцогдож улс бүр өөрсдийн онцлогтой даатгалын тогтолцоотой байдаг. Энэ тогтолцоо зөвхөн эмчлэхэд бус эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн хямрал, ядууралд өртөхөөс хамгаалах давхар үүрэгтэй. Харамсалтай нь, манай улсын эрүүл мэндийн салбар уналтад орсноор иргэн, өрхийн эдийн засагт ч сүүдрээ тусгасан.
Л.Эрдэнэжаргалын "Хамгийн үнэтэй ор" нийтлэлээс
Долоо. Гарт баригдахгүй арилжаа
Хоёр дахин хямд өртгөөр кофе худалдаж авах боломж хорин алхмын наана байхад хэрэглэгч өндөр өртөг зарцуулж илүү үнэтэйг сонгоно. Учир нь, тэрээр аяган доторх шингэнийг бус, амт, чанар, хэмжээг ч биш ердөө орчин, үйлчилгээ, үнэр, мэдрэмжийг чухалчилж, үнэ харамлахгүй, өртөг гамнахгүй зарцуулж буй нь тэр. Энэ бол мэдрэмжийн эдийн засаг. Өмнө нь хүн төрөлхтөн эд хэрэгсэлд л ач холбогдол өгч, мэдрэмж, дурсамж зэргийг огоордог байв. Аяга кофе уухад тансаг орчин, тавтай нөхцөл, таатай уур амьсгал чухал биш гэж үзэн, тэр сэтгэхүйгээр худалдан авалт, сонголтоо хийдэг байлаа. Энэ хэрээр бизнесийн амжилтыг бүтээгдэхүүний чанар, борлуулалтын тоо, хэлбэр хийцээр нь хэмждэг байв. Одоо харин эд хэрэгсэл, тоо баримтад тулгуурласан зах зээл халаагаа өгч, өөр эрин ноёлж эхэлжээ. Бизнесүүд ч хувьсаж буй энэ хандлагын дагуу хөдөлж буй. Үүний сонгодог жишээ Starbucks. Тэд зөвхөн кофе борлуулдаггүй. Харин мэдрэмж, дурсамж, үнэ цэнэ, үйлчилгээ, харилцаа арилждаг. Үйлчлүүлэгчийн нэрийг бүтээгдэхүүний аяган дээр бичиж, нийгмийн сүлжээндээ нийтлэх хэмжээний үйлчилгээ, тав тух, үнэ цэнийг бий болгодгоос гадна уух зүйлийнхээ орц, найрлагыг өөрсдөө сонгож, онцгой амт бүтээх боломж олгодог. Эдгээр нь хэрэглэгчийг оролцогч болгож, тэдэнд дотно, тансаг, таатай мэдрэмж төрүүлэн, дурсамж бүтээх тактик юм. Ийнхүү худалдан авалт хийх гол “түлхүүрийг” нь атгадаг байна.
Мэдрэмж, туршлагын эдийн засаг буюу “Experience Economy” гэх ойлголт 1990-ээд оноос эхтэй. Тухайн үед “The Experience Economy” номын зохиолч B. Joseph Pine II, James H. Gilmore нар энэ ойлголтыг дэвшүүлж, хүмүүс бүтээгдэхүүнээс илүү мэдрэмжийг чухалчилж байгаа талаарх санааг олон нийтэд хоногшуулахыг мэрийсэн байна. Тэд эдийн засгийг дөрвөн үе шаттайгаар тайлбарлажээ. Эхнийх нь анхны бүтээгдэхүүн буюу кофены үр. Удаах нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох кофе бол дараагийнх нь чанасан кофе. Харин сүүлийнх нь мэдрэмж буюу орчин, оролцоо, дурсамж, үйлчилгээ. Зах зээлийн үнэлгээг нь тооцож үзэхэд хамгийн өртөг өндөртэй нь мэдрэмж байж таарна. Кофег гэр эсвэл ажил дээрээ чанах, өндөр зэрэглэлийн кофе шопд уух хоёрын хамгийн том ялгаа нь үнэ өртгөөс гадна орчин, мэдрэмж, дурсамж юм. Тэгэхээр хүмүүс гарт баригдахгүй энэ зах зээл рүү их хэмжээний хөрөнгө урсгаж мэдэхээр байгааг тэд олж харж, онолыг нь боловсруулсан байна.
О.Даваасүрэнгийн "Мэдрэмжийн зах зээл" нийтлэлээс
Найм. Үндэсний бөх ба допинг
Бөхчүүд Цагаан сарын барилдаанаар тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж ярьдаг. Энэ нь ч батлагдаж Цагаан сараар сайн барилдаж тухайн жилийнхээ наадмаар цолоо ахиулсан бөх олон бий. Тийм ч учраас бөхчүүд энэ барилдаанд ихээхэн ач холбогдол өгч, өрсөлдөөн улам ширүүссэн. 64 бөхийн барилдаанаар эхэлж байсан Цагаан сарын барилдаанд зодоглох бөхчүүдийн тоо нэмэгдсээр 1971 оноос 128, 1991 оноос 256 бөх барилдах болсон юм. Харин одоо 256 бөхийн тоонд багтаж барилдах гэсэн өрсөлдөөн аймгийн цолтнууд дунд өрнөдөг болсон. Тиймээс Цагаан сарын баярт зориулсан аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд оролцох эрх олгодог болсон. Мөн Сар шинийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон. 2023 оны ганцхан тохиолдлыг эс тооцвол энэхүү барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг илэрч байгаагүй. Энэ нь хамгийн шударга болдог барилдаан гэдгийг илтгэж байгаа юм. Харин жил бүрийн Улсын баяр наадмын дараа ёс юм шиг, ёр ч юм шиг нэг зүйл болдог нь бөхчүүдийн допингтой холбоотой маргаан. Анх наадмаас наадмын хооронд үргэлжилдэг, допинг илэрсэн бөхөд өвдөг шороодсон бөхчүүдэд нь цол, чимэг нөхөн олгодог маргаан байлаа. Одоо харин жил дамнан үргэлжилдэг болов. 2020 оны Үндэсний их баяр наадмаар зургаа давж улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Оршихоос допинг илэрсэн, илрээгүй гэх маргаан саяхныг хүртэл үргэлжиллээ. Саяхныг хүртэл гэхийн учир нь өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Допингийн давж заалдах комисс хуралдаж “Б.Бат-Оршихоос допингийн шинжилгээ авч танилцуулах, түүндээ үндэслэн харцага цолыг хурааж, барилдах эрхийг хасах шийдвэр гаргахдаа процессын алдаа гаргасан. Тиймээс түүнийг цолыг хурааж, барилдах эрхийг хассан шийдвэр нь үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гаргав.
С.Шийлэгтөмөрийн "Авдаг, өгдөг хоёр алдаа гаргах эрхгүй" нийтлэлээс
Ес. Олимпын алтан медаль үнэхээр цул алт уу?
Ид өрнөж буй “Милан-Кортина 2026” наадмын шагналын тавцанд гарч буй тамирчид олимпын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй медалийг гардан авч байна. Олимпын медалийн бэлгэдлийн үнэ цэн хэмжээлшгүй ч цэвэр мөнгөн дүнгээрээ өмнөхөөсөө илүү үнэтэй болж эхэлсэн нь түүний орц болсон металлуудын үнийн өсөлттэй холбоотой. Дээд амжилт, өрсөлдөөн, ялалт авчрах ур ухаан, авхаалж самбаа анхаарал татах нь зүйн хэрэг. Гэвч ялалтын баяр хөөр намжсаны дараа нэг асуулт байнга гарч ирдэг нь “Олимпын медаль ямар үнэтэй вэ” гэдэг асуулт.
2024 оны долоодугаар сард Парисын олимпоос хойш алт, мөнгөний үнэ тус бүрдээ 107-200 хувиар өссөн байна. Ийм огцом өсөлтийн улмаас металын үнэд суурилан тооцвол алтан медаль ойролцоогоор 2300 ам.долларын үнэтэй болж, Парисын олимпын үеийнхээс хоёр дахин үнэтэй болжээ. Мөнгөн медалийн тухайд бараг 1400 ам.долларын үнэд хүрч, хоёр жилийн өмнөхөөс гурав дахин өсөв. Харин хүрэл медалийн материалын үнэ үүнтэй харьцуулахад маш бага. Зэсийн үнэ одоогоор унц тутамд 0.38 ам.доллар орчим байгаа бөгөөд 495 грамм зэс агуулсан хүрэл медаль нь долоон ам.доллараас ч бага үнэтэй.
Олимпын алтан медаль 506 грамм жинтэй бөгөөд ердөө зургаан грамм нь цэвэр алт, үлдсэн хэсэг нь мөнгөнөөс бүрддэг. Харин хүрэл медаль нь зэсээр хийгдсэн бөгөөд 420 грамм жинтэй.
Нэрнээсээ үл хамааран олимпын алтан медаль үнэндээ цул алт биш. 1904 онд цул алтан медаль олгох уламжлал тогтсон ч Дэлхийн I дайнаас хойш өртөг нь хэт өндөр болсон тул энэ практик удаан үргэлжлээгүй. Олимпын медалийг олон тамирчинд олгох шаардлагаас үүдэн боломжгүй болов. Тухайн үеийн стандартын дагуу нэг медальд 70-72 грамм орчим (1908 оны Лондоны зуны олимпын алтан медальд 72 грамм алт орсон) цул алт ашиглах нь эдийн засгийн хувьд дэлхийн аль ч улсад хүйтэн дайныг үл тоох хэмжээний байж чадсангүй.Үр дүнд нь 1912 оны олимпын наадам цул алтан медаль олгосон хамгийн сүүлчийн олимп болсон юм.
Л.Эрдэнэжаргалын "Орц бага ч үнэ цэн ихтэй олимпын медаль" нийтлэлээс
Арав. Либерал оюутнаас дүр эсгэсэн ардчилагч хүртэл
Сонгуулийн өмнөх санал асуулгад өнгө муутай яваа холбоотноо дэмжихээр Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг харамгүй магтав. 16 жил засаглаж буй үндсэрхэг үзэлт Ерөнхий сайд нэгэн цагийн хамтран зүтгэгч Петер Магярын үүсгэн байгуулсан ТИСА намд ялагдаж, энэ хавар Унгарын улс төрд эргэлт гарах магадлалтай тул Трампын засаг захиргаа “эх оронч Европын намуудыг дэмжих” Үндэсний аюулгүй байдлын стратегидаа Орбаныг багтаасан хэрэг. Анх 2016 оны сонгуульд нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн Европын цөөн удирдагчдын нэг тул Орбан, Трампын дотно холбоотон байхаас аргагүй. Түүний цагаачлалыг хумих, бэлгийн цөөнхийн эсрэг хатуу байр суурь зарим талаараа Трампад “MAGA” зорилтоо тодорхойлох урам зориг өгсөн гэж хэлж болно.
2026 оны дөрөвдүгээр сард Унгарт болох парламентын сонгууль Европын хувьд ч холбооны үнэт зүйлсийг сорьсон чухал үйл явдал болно. Цагаачлалын бодлогыг сөрж дүрвэгчдэд хилээ хаан, нэгдсэн мөнгөн тэмдэгтээс үндэсний форинтийг илүүд үзэн, Украиныг зэр зэвсгээр дэмжихийн эсрэг хатуу байр суурь баримталдаг Орбан Европын холбооны шүдний өвчин болсоор удаж буй. Гурван арванд дөхөж буй улс төрийн замналаа Орбан либерал оюутны хөдөлгөөний манлайлагчаар эхлүүлж байсан бол дараа нь барууны консерватив шинэчлэгч, эцэст нь дүр эсгэсэн ардчиллын Европ дахь хамгийн тод төлөөлөгч болгон хувирсан юм.
Виктор Орбан 1989 онд Зөвлөлтийн цэргийг Унгараас гаргахыг ил тод шаардан ардчиллын бэлгэдэл болж явлаа. Тэр цагт Орбаны үүсгэн байгуулсан Фидес нам жинхэнэ утгаараа залуу, либерал, барууны чиг баримжаатай хөдөлгөөн байсан юм. Гэвч өнөөдөр Орбан Европын либерализмын хамгийн том шүүмжлэгч. 1990-ээд оны дунд үеэс Орбан улс төрийн чиг баримжаагаа аажмаар өөрчилж үндэсний консерватив, католик үнэт зүйл, төрийн оролцоог сурталчлах болсон. 1998–2002 онд анхлан Ерөнхий сайдаар ажиллахдаа үндэсний капиталыг дэмжих, хэвлэл мэдээлэлд нөлөөгөө тэлэх, төрийн институцуудыг төвлөрүүлэх эхлэлийг тавьж чаджээ. Ээлжит сонгуулиар ялагдал хүлээсэн ч 2010 онд засгийн эрхэнд эргэн ирэхдээ Орбан зөвхөн бодлого бус, тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн билээ. Үндсэн хуулиас эхлээд шүүх, хэвлэл мэдээлэл, сонгуулийн тогтолцоог шинэтгэсэн энэхүү өөрчлөлт түүний өөрийн тодорхойлолтоор бол “барууны либерал ардчиллаас ялгаатай, үндэстэн төвтэй төрийн загвар” байв. Харин Европын удирдагчид түүний загварыг “ардчиллын ухралт” гэж нэрлэдэг.
С.Лхагвасүрэнгийн "Орбанизмын хязгаар" нийтлэлээс
