
Индонез улс Газын зурваст цэрэг байрлуулах зорилгоор 8000 цэргийг бэлтгэж эхэлсэн гэж мэдэгдлээ. Ингэснээр АНУ-ын зуучлалаар өнгөрсөн оны сүүлчээр байгуулагдсан гал зогсоох хэлэлцээрийн хоёрдугаар шатны хүрээнд ийм алхам хийж буй анхны улс болж байна.
Индонезийн армийн Ерөнхий штабын дарга, генерал Марули Симанжунтак “цэргүүдийн сургалт аль хэдийн эхэлсэн, цэргүүд Газад эмнэлгийн болон инженерийн чиглэлийн үүрэг гүйцэтгэхэд төвлөрнө” гэжээ.
Индонез улс өнгөрсөн сард зарлагдсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Энх тайвны зөвлөл” (Board of Peace)-д нэгдсэн. Уг зөвлөл нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандаттайгаар Олон улсын тогтворжуулах хүчин (International Stabilization Force, ISF) байгуулах үүрэгтэй. Энэ хүчин нь Газын хил орчмын аюулгүй байдлыг хангах, мөн бүс нутгийг цэрэггүй болгох, үүнд ХАМАС-ыг зэвсэггүй болгох ажлыг дэмжих зорилготой.
Энх тайвны зөвлөл нь 2-р сарын 19-нд Вашингтонд анхны хурлаа хийхээр төлөвлөсөн бөгөөд Газад байгуулагдах шинэ технократ Палестины засгийн газар, мөн дайны дараах сэргээн босголтын үйл явцыг хянах үүрэгтэй юм.
Индонезийн цэргүүдийг яг хэзээ илгээх, Газад ямар тодорхой үүрэг гүйцэтгэхээ тохироогүй ч Ерөнхийлөгч Прабово Субианто тэднийг илгээх шийдвэрээ эцэслэсэн бололтой.
Трампын Энх тайвны зөвлөлд нэгдсэн Прабовогийн шийдвэрийг Индонез дэх зарим исламын бүлэглэл шүүмжилж байна. Учир нь Израил Газад цохилт өгч буйд АНУ-ын хэрэгт оролцож буйтай холбоотойгоор тус улсад олон нийтийн дунд ихээхэн бухимдал үүсээд байгаа юм.
Гэсэн ч Прабово “дэлхийн хамгийн олон мусульман хүн амтай улсын хувьд Индонез Газын тогтворжилтод хувь нэмэр оруулах ёстой” гэж үзэж буйгаа илэрхийлээд, энэхүү оролцоо нь Израил, Палестин хоёр улсыг шийдэлд хүргэх зорилготой гэж мэдэгджээ.
Израилын олон нийтийн Kan телевизийн мэдээлснээр, Газын өмнөд хэсэгт, Рафа ба Хан-Юнис хотын хоорондох бүсийг Индонезийн арми ашиглахаар аль хэдийн товлож, хэдэн мянган цэрэг байрлах хуаран барих зориулалтаар төлөвлөсөн байна.
Турк, Пакистан зэрэг бусад мусульман шашинт орнууд цэрэг илгээх боломжийг судалж байгаа ч тэд зөвхөн энхийг сахиулах үүрэгтэй байх бөгөөд ХАМАС-ыг зэвсэггүй болгох ажиллагаанд оролцохгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн байна.
Гэвч ХАМАС зэвсгээ хураахаас татгалзаж, Израил Газын зарим хэсгийг үргэлжлүүлэн эзлэн түрэмгийлж байгаа нөхцөлд, санал болгож буй олон улсын хүчин “жинхэнэ энх тайван” одоогоор бүрэн тогтоогүй хэвээр байна.