
Канад улс АНУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнд ногдуулах хариу тарифыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр Хойд Америкийн хоёр хөрш улсын хоорондох худалдааны маргаан улам хурцдаж байна.
АНУ-ын бараанд 15-50 хувийн тариф ногдуулж байгаа нь нийтдээ бараг 20 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнийг хамарчээ.
Шинэ тариф нь АНУ-аас Канадын бараанд ногдуулсан гаалийн татвартай дүйцэхүйц хэмжээний хариу арга хэмжээ бөгөөд машин механизм, нэхмэл эдлэл болон өргөн хэрэглээний бараа зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд үйлчилнэ.
Хариу тарифын хүрээнд,
Канадын Ерөнхий сайд Марк Карни наймдугаар сарын сүүлчээр “Канад улс Канадын ажилчид, фермерүүд, гэр бүлүүд болон бизнесүүдийг хамгаалахын тулд Вашингтоны шинэ тарифын арга хэмжээнд доллар тутамд доллараар хариу өгнө” гэж мэдэгдсэн байна.
АНУ-Канадын худалдааны хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоодугаар сард Канадын зарим бараанд 50 хувийн тариф ногдуулсныг АНУ-ын бүтээгдэхүүнд “ялгавартай хандсан” явдалтай холбон тайлбарлажээ. Үүний дараа хоёр улс наймдугаар сард худалдааны хэлэлцээ эхлүүлсэн ч Трампын тогтоосон хугацаанаас өмнө эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Канад хариу тариф ногдуулахаа зарласны дараа Трамп Truth Social платформд “Канад улс муж улс болохгүй атлаа муж улсын бүх ашиг тусыг хүртэхийг хүсэж байна!!!” гэж бичжээ.
700 гаруй бүтээгдэхүүнд нөлөөлнө
Канадын Засгийн газрын мэдээлснээр хариу тариф нь 700 гаруй төрлийн бүтээгдэхүүнд үйлчлэх юм.
Мөн тарифын нөлөөнд өртөж болзошгүй жижиг, дунд бизнесүүд болон ажилчдад зориулж 5.42 тэрбум ам.долларын дэмжлэгийн багц хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Канад тарифын арга хэмжээгээ хэрэгжүүлэхийн өмнөх өдөр Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч Bombardier компанийг АНУ-д үйлдвэрлэл явуулахгүй бол онгоцоо АНУ-ын зах зээлд борлуулах боломжийг нь хааж болзошгүй хэмээн сүрдүүлсэн.
Маргаан тарифын асуудлаас хальжээ
Хоёр улсын зөрчил зөвхөн худалдааны тарифаар хязгаарлагдахгүй болжээ.
Трамп өнгөрсөн сард гаргасан захирамжаар АНУ-ын холбооны байгууллагуудын хэрэглээнд зориулан Онтарио нуурыг “Америкийн нуур” (Lake America) хэмээн нэрлэх шийдвэр гаргасан нь маргааныг улам хурцатгажээ.
АНУ-ын автомашины үйлдвэрүүдэд дарамт учирч болзошгүй
Канад улс АНУ-д үйлдвэрлэсэн автомашины хамгийн том худалдан авагчдын нэг учраас хариу тариф нь Америкийн автомашин үйлдвэрлэгчдэд санхүүгийн дарамт учруулж болзошгүй юм.
Мөн АНУ-ын хэрэглэгчид Канадаас нийлүүлдэг 550 төрлийн өргөн хэрэглээний барааны үнэ өсөхтэй нүүр тулж магадгүй.
Kiel Institute for the World Economy-ийн тайланд дурдсанаар АНУ-ын импортлогчид болон хэрэглэгчид тарифын зардлын 96 хувийг өөрсдөө үүрдэг байна. Ингэснээр АНУ, Канадын хоорондох тарифын харилцан арга хэмжээ хоёр улсын худалдаа, үйлдвэрлэгчид болон эцсийн хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй болжээ.