
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрээ танилцууллаа.
Мөн үеэр Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлэл өглөө. Тэрээр "Эдийн засаг энэ онд 5.8 хувь, ирэх онд 5.6 орчим хувь өсөх хүлээлттэй байна. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 10 сарын байдлаар 141 сая ам.долларын ашигтай гарлаа. Зэс, алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч нүүрсний үнэ унасан. Гадаад валютын албан нөөц энэ сарын байдлаар 6 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Инфляц ойрын хугацаанд цалингийн өсөлтийн нөлөөгөөр зорилтын дээр түвшинд хүрэх хүлээлттэй байна. Цаашид цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт нь инфляцийг өдөөж болзошгүй. Ийнхүү эдийн засаг банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан үзээд бодлогын тууштай байдлыг ханган, зээлд санхүүжилтийн нөхцлийг хэт хатууруулахгүй байж дунд хугацаанд өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Түүнчлэн тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сараар нэг удаа сунгасан тохиолдолд эцсийн ангиллыг хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ" гэв.