
Ковид19 үүсгэгч вирусийн маш их өөрчлөгдсөн хувилбар нь голчлон хүүхдүүдэд халдварлаж болзошгүй талаар эрдэмтэд анхаарууллаа.
Мэргэжилтнүүдийн хэлснээр вирус нь ахмад настнуудад илүү аюултай байдаг уламжлалт хэв шинжээсээ гажиж байгаа нь судлах, ойлгох шаардлагатай чухал дохио гэнэ. Энэ нь вирусын ирээдүйн зан төлөвийг урьдчилан таамаглахад туслах аж.
Ковид19 одоогоор маш бага түвшинд тархаж байгаа ч АНУ-д омикроны нэг салбар болох BA.3.2 нэртэй “Cicada” хувилбартай тулгарч эхэлж байна. Энэ хувилбар нь АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр 23 оронд илэрч, АНУ-ын 25 мужийн бохир уснаас илэрсэн байна. Туршилтын хэмжээ цар тахлын оргил үеэс буурсан тул энэ нь бодит тархалтаас бага харагдаж байж магадгүй юм.
Одоогийн вакцинууд тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлсээр байгаа бөгөөд эрдэмтэд энэ хувилбар нь ноцтой хүндрэл үүсгэх тал дээр “маш сул” гэж дүгнэжээ. Харин вакциныг шинэчлэх шаардлагатай эсэх нь тодорхойгүй байна.
Энэ хувилбар анх 2024 оны 11-р сард гарснаас хойш удаан хугацаанд томоохон нөлөө үзүүлээгүй аж.
Эрдэмтэд энэ хувилбарыг анх “Cicada” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь царцааны адил удаан хугацаанд алга болж байгаад дахин гарч ирдэг шинжтэй нь холбоотой.
Омикрон 2021 онд тархах үед түүний 5 үндсэн салбар илэрч байсан бөгөөд 4 нь дэлхий даяар тархсан бол нэг нь (BA.3) анх илэрснийхээ дараа бараг алга болсон.
Эрдэмтэд BA.3 нь удаан хугацаанд нэг л хүний биед үргэлжлэн оршин тогтнож, дархлааны системтэй тэмцэж байсан гэж үздэг. Ийм тохиолдолд вирус өөрчлөгдөж, дараа нь дахин гарч ирэх боломжтой.
2024 оны 11-р сард BA.3.2 хувилбар Өмнөд Африкт 5 настай хүүхдийн сорьцоос анх илэрсэн бөгөөд анхны вирусээс ихээхэн ялгаатай байв.
Шинэ хувилбарууд нь анхны вирусээсээ хэдхэн өөрчлөлттэй байдаг бол BA.3.2 нь өргөс хэлбэрийн уургийн түвшинд 53 өөрчлөлттэй, 2019 онд гарсан анхны вирусээс ойролцоогоор 70 мутацитай байна.
Энэ хувилбар нь дархлаанаас зугтах чадвартай байж болох ч дэлхий даяар давамгайлах шинж ажиглагдаагүй байна.
Халдвар тараах замын гол рецептор болох ACE-2-тэй холбогдох чадвараа алдаж, халдвар тараах чадвар нь сул болсон гэж эрдэмтэд үзжээ.
BA.3.2 нь олон улсад давамгайлах шинжгүй байгаа ч зарим бүс нутагт нэмэгдэж байгаа аж. Мөн энэ хувилбар нь бусадтай харьцуулахад хүүхдүүдэд илүү халдварлаж байгаа нь ажиглагдсан байна.
“BA.3.2 нь 3–15 насны хүүхдүүдэд илүү амархан халдварлаж байгаа нь тодорхой болсон ч яагаад гэдгийг одоогоор мэдэхгүй байна” гэж вирус судлаач де Оливейра хэлжээ.
Судлаачид хүүхдүүдийн дархлаа вакцин болон өмнөх халдвараас бага хамгаалалттай байдагтай холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Түүнчлэн хүүхдүүдийн дархлааны туршлага бага тул вирусийг илүү амархан хүлээн авдаг гэж тайлбарлажээ.
Судалгаагаар вакцины эсрэг бие энэ хувилбарыг хурдан устгаж чадсан нь түүний тархалт бага байгаагийн гол тайлбар байх магадлалтай.
Хүүхдүүдийн дунд халдвар илүү амархан тархаж байгаа нь амьсгалын замын бусад вирусуудтай адил шинжтэй бөгөөд ханиад томууны шинжтэй төстэй байна.