
Барууны холбоотнуудын хуваалцсан тагнуулын мэдээлэлд Москва ирэх сараас эхлэн цөмийн зэвсэг бүхий “Спутник-С” хиймэл дагуулыг тойрог замд оруулж болзошгүй гэж анхаарууллаа.
ОХУ ирэх сараас эхлэн сансарт цөмийн зэвсэг байршуулж болзошгүй гэсэн барууны холбоотнуудын тагнуулын мэдээллийг Герман “нухацтай авч үзэж” байгааг тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ. НАТО-гийн холбоотон орнуудын хооронд солилцсон тагнуулын мэдээллээр Кремль цөмийн зэвсэг бүхий “Спутник-С” хиймэл дагуулаа ойрын 60 хоногийн дотор тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа бололтой. Ийм зэвсгийг сансарт байршуулбал бусад хиймэл дагуулыг олноор нь устгах аюултай юм.
“Энэ мэдээлэл ОХУ нөхцөл байдлыг хурцатгахад хэр хэмжээнд бэлэн байгааг харуулж байна” гэж Германы канцлер Фридрих Мерц даваа гарагт Берлинд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хамт хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.
Тагнуулын мэдээллийг аль улс, байгууллага бэлтгэсэн нь тодорхойгүй байна.
Германы WDR, NDR телевизүүд болон Süddeutsche Zeitung сонин уг мэдээлэл байгаа талаар анхлан нийтэлжээ. Тагнуулын тайланд ОХУ “Спутник-С” хиймэл дагуулаа Москва дахь хадгалалтаас гаргасан нь ойрын хугацаанд хөөргөхөөр төлөвлөж байж болзошгүй гэх таамаглал бий болгожээ.
1967 оны Сансар огторгуйн гэрээгээр цөмийн зэвсгийг сансрын тойрог замд байрлуулахыг хориглосон бөгөөд ОХУ уг гэрээнд нэгдэн орсон улс юм. Харин Кремль ийм зэвсэг бүтээж байгаа болон сансарт байрлуулахаар бэлтгэж байгаа гэх мэдээллийг няцаадаг.
Барууны шинжээчид болон тагнуулын байгууллагуудын мэдээлснээр Кремль сүүлийн жилүүдэд хиймэл дагуулын эсрэг зэвсгийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байгаа аж. Ингэснээр барууны өрсөлдөгчдийнхөө технологийн давуу талыг саармагжуулахыг зорьж байгаа гэдэг.
Ялангуяа Украины дайн цэргийн ажиллагааны амжилтад сансрын тойрог зам дахь холбоо харилцаа ямар чухал болохыг харуулсан юм. Тухайлбал, Илон Маскийн Starlink зэрэг хиймэл дагуулын холбооны системүүд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг амжилттай удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.