
Флорида мужийн цагдаагийн газрын хуучин даргын хэлснээр, 2006 онд Доналд Трамп түүнтэй утсаар ярихдаа, Жеффри Эпштейний зан авирын талаар “бүгд мэддэг” гэж хэлсэн байна. Энэ тухай мэдээлэл Эпштейнтэй холбоотой баримтуудын хамгийн сүүлийн мэдээлэлд багтсан бөгөөд Холбооны мөрдөх товчооны (FBI) баримтад дурдагджээ.
Тус баримт нь 2019 онд ХМТ-ноос явуулсан ярилцлагын бичмэл тэмдэглэл бөгөөд тухайн үед Палм-Бич хотын цагдаагийн дарга байсан хүн Эпштейнийг мөрдөн шалгаж эхэлсний дараа Трамп өөр лүү нь залгаж ингэж хэлсэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр Трампыг “Та бүхний мөрдлөг, явуулж буй ажиллагаанд талархаж байна, та нар түүнийг зогсоолоо. Тэр ийм зүйл хийж байсныг бүгд мэддэг байсан” гэж хэлсэн хэмээн ярьжээ.
Баримтад цагдаагийн даргын нэрийг нууцалсан боловч Эпштейнийг шалгаж байсан үеийн Палм-Бичийн цагдаагийн дарга гэж тодорхойлсон байна. Цаг хугацаагаар нь тодорхойлбол энэ хүн нь Майкл Рейтер бөгөөд тэрээр Miami Herald сонинд Трампын дуудлагыг авсан гэдгээ баталжээ.
Ерөнхийлөгч Трамп Эптейнтэй холбоотой аливаа буруутай үйлдлийг байнга үгүйсгэж, түүний гэмт хэргүүдийн талаар мэдээгүй гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч дээрх яриа үнэн бол Трамп Эпштейний талаар юу мэдэж байсан, хэзээнээс мэдэж байсан бэ гэсэн асуултыг дахин хүчтэй гаргаж ирж байгаа юм.
2019 онд Эпштейнийг холбооны агентууд хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хэргээр баривчлахад сэтгүүлчид Трампаас “Танд ямар нэгэн сэжиг төрж байсан уу” гэж асуухад тэрээр “Үгүй, огт мэдээгүй. Би юу ч мэдээгүй. Түүнтэй олон жилийн турш яриагүй” гэж хариулж байжээ.
ХМТ-ны ярилцлагын товчлолд дурдсанаар, Рейтер 2006 оны долоодугаар сард Трамп түүн рүү залгаж Эпштейнийг өөрийн Мар-а-Лаго клубээс хөөсөн бөгөөд “Нью-Йорк дахь хүмүүс түүнийг жигшүүртэй гэдгийг мэддэг байсан” гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн аж.
Мөн Рейтерийн хэлснээр, Трамп түүнд Гислейн Максвеллийг Эпштейний “гар хөл”, “энэ хэрэгт гол үүрэг гүйцэтгэгч” бөгөөд “муу ёрын хүн, түүн дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Максвелл нь Эпштейнд насанд хүрээгүй охидыг олж ирдэг, гэмт хэрэгт татан оролцуулж байсан хэрэгт оролцсон хэргээр 2021 онд буруутгагдан ял сонссон юм.
Рейтер мөн Трамп өөрийгөө Эпштейнийг өсвөр насны хүүхдүүдтэй хамт байхыг нь харсан, тэгээд “түүнээс шууд холдсон” гэж хэлсэн хэмээн ХМТ-нд ярьжээ.
Баримтад дурдсанаар, Эпштейнийг шалгаж эхэлснийг мэдмэгц Флоридагийн цагдаад хамгийн түрүүнд утасдсан хүмүүсийн нэг нь Трамп байсан аж.
2006 онд Палм-Бичийн цагдаа нар Эпштейнийг насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт өртүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж байв. Хожим нь уг хэргийг холбооны прокуроруудад шилжүүлсэн бөгөөд тэд 2008 онд Эпштейнтэй маргаантай хэлэлцээр байгуулж, илүү хүнд ял шийтгэлээс хамгаалсан тохиролцоонд хүрсэн юм.
АНУ-ын Хууль зүйн яамны албан тушаалтан BBC-д өгсөн мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч Трамп 20 жилийн өмнө хууль сахиулах байгууллагатай холбогдсон гэдгийг батлах нэмэлт нотолгоо бидэнд байхгүй” гэжээ.
Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Ливиттээс уг утасны ярианы талаар асуухад “Тийм яриа 2006 онд болсон эсэх нь тодорхойгүй. Би яг хариуг нь мэдэхгүй” хэмээн булзааруулжээ. “Ерөнхийлөгч Трампын байнга хэлж ирсэн зүйл бол Жеффри Эпштейнийг жигшүүртэй хүн байсан учраас Мар-а-Лагоос хөөсөн явдал. Хэрвээ энэ утасны яриа болсон бол Трампын эхнээсээ хэлж ирсэн үгийг л баталж байна” гэх тайлбарыг нэмжсэн байна.
Трамп, Эпштейн нар 1990-ээд оноос нөхөрлөж байсныг батлах хамт авхуулсан зургууд нь бий. Гэсэн ч Трамп болон Цагаан ордон түүнийг Эпштейнтэй 2004 оноос харилцаагаа тасалсан, энэ үедээ түүний гэмт хэргүүдийн талаар огт мэдээгүй гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Трампын хэлснээр, тэдний харилцаа муудсан шалтгаан нь Эпштейн Мар-а-Лагогийн ажилчдыг “булаах” гэж оролдсон явдал байжээ.
Трампын утсаар өгсөн “мэдүүлэг” маягийн энэ мэдээлэл нь Максвелл АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороонд онлайнаар мэдүүлэг өгсний дараа сөхөгдсөн. Тэрээр хаалттай мэдүүлгийн үеэр асуултад хариулахаас татгалзаж, АНУ-ын Үндсэн хуулийн Тавдугаар нэмэлт өөрчлөлтийг баримтлан дуугүй байх эрхээ эдэлсэн гэж хорооны дарга Жэймс Комер мэдэгдсэн байна. Максвеллийн өмгөөлөгчийн хэлснээр, хэрэв Ерөнхийлөгч Трамп түүнд өршөөл үзүүлэх аваас “бүрэн, үнэн зөв ярилцахад бэлэн” гэнэ. Харин Трамп Максвеллийг өршөөх талаар огт бодоогүй гэж мэдэгджээ.