
- Би бодож чадаж байна гэж бодож байна-
Оруэллийн зохиолд фермийн амьтад өөрсдийн хувьсгалын түүхийг бүтээдэг. Тэд хуучин дэглэмийг нурааж, шинэ нийгмийн дүрмийг тунхаглана. Гэвч тунхагласан дүрэм нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж, үгсийн утга хувирч, өчигдрийн үнэн өнөөдрийн худал болж эхэлдэг. Үнэндээ нийгмийн тэгш эрх, мөнхүү хамгийн чухал нь эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь хоосон урианаас цаашгүй болж үлддэг. Харин эл нийгмийг гахайнууд захирах агаад системийг ч тэд угсарсан. Гэтэл найруулагч Т.Цэнд-Аюуш тус зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжигтээ гахайнуудыг голчилсонгүй. Хамгийн чухал нь хонинууд эл нийгмийг өөрсдөө босгож, бий болгожээ. Тэгэхээр нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ гэх асуулт ургана. Үүнд метадрамын жүжгээр хариулахдаа уг асуултыг театрын өөрийнх нь мөн чанартай холбох боломжтой. Тайз дээрх дүрүүд өөрсдийнхөө тоглож буй дүрийг мэдэрч, жүжиг гэдгээ ухамсарлаж, үзэгчтэй шууд харилцах үед үзэгчийн байр суурь ч тогтворгүй болно. Тэрээр фермийн гаднаас амьтдыг ажиглаж суугаа хүн үү, эсвэл фермийн доторх үйл явдлыг зөвшөөрч, дэмжиж, заримдаа дуугүй өнгөрөөдөг олон нийтийн нэг хэсэг болон хувирч байна уу?
Энэ бол “Амьтны ферм”-ийг өнөө цагт тайзнаас үзсэний хойно зайлшгүй хөндөгдөх асуулт. Учир нь зохиолын туйлын зөрчил нь дарангуйлагчийг зөвхөн хүчтэйнх нь төлөө буруутгах бус, харин түүнийг хүчирхэг болоход хүргэсэн нөхцөл, айдас, үл итгэлцэл, хайхрамжгүй байдал, хонинуудын дуугүй хүлцлийг ил гаргахад оршино. Тэгвэл “Долма” театрын уран бүтээлчид болон найруулагч эл зорилгодоо хүрч чаджээ.
“Бүх амьтан тэгш эрхтэй” гэх тунхаглал “Амьтны ферм”-ийн гол тулгуур. Гэвч зохиолын төгсгөлд энэ өгүүлбэр “Зарим амьтан бусдаасаа илүү тэгш эрхтэй” болж хувирдаг. Цөөн хэдэн үгсийн өөрчлөлтөөр бүхэл бүтэн нийгмийн үнэт зүйл хэрхэн урваж болдгийг Оруэлл харуулжээ. Харин тэдгээрийг тайзны жүжиг болгохдоо ард түмний хүлцэнгүй, ноомой байдал нь эрх мэдлийг гартаа атгасан нэгэнд ямар их боломж, өөрсдийг нь хорсгох ташуур атгуулж байдаг вэ гэдгийг хөндөнө. Нөгөөтэйгүүр амьтдын бодол санаа хэрхэн хувирч, дийлэнх нь дарангуйлагчийг, Боксерын үгийг дагасан, гахайнуудыг дэмжиж байгааг харилцааны зөрчил, хэл яриагаар чадамгай үзүүлсэн байна. Угтаа эл жүжгийн эрх мэдлийн гол зэвсэг нь хэл байв. Мөнхүү өнөөгийн нийгмийн цахим дахь олон нийтийн хандлага болон үзэл бодлыг хэрхэн урвуулж, нэг шуугианаар нөгөөг яахин дарж буйг ч хонинуудын хийж буй үйлдэл, хэвлэл мэдээллийн одоо цагийн дүр төрхтэй хослуулан үзүүлжээ. Ийнхүү үгийг өөрчилж чадсан хүн үнэнийг өөрчилж, үнэнийг өөрчилж чадсан хүн хүмүүсийн ой санамжийг захирч чадна гэх санааг тод томруун харуулж байв. Тиймээс уг жүжгийг зөвхөн хувьсгал, эсвээс эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн ёс суртахууны доройтлын талаарх бүтээл хэмээн ойлгох нь учир дутагдалтай. Харин итгэлээ хэрхэн ашиглуулдаг, эрх чөлөө хэмээх нэрийн дор уриа лоозонгоор тэдгээрийг хэрхэн хязгаарлаж буй тухайгаа бид тайз дээрх амьтад, фермийн үйл явдлаас үзэх болно.
Найруулагч Т.Цэнд-Аюуш ярилцлагадаа “Эрх мэдлийг буруу чиглэлд эргүүлж, зохисгүй хүмүүсийг дээш гаргахад олонх өөрөө нөлөөлдөг, харин түүнийг залруулах хүч мөн олонход бий” гэх санааг онцолсон байна. Уг тайлбар жүжгийн үзэл санааг Оруэллийн зохиолын хүрээнээс өнөөдрийн нийгмийн асуудал руу тэлэв. Угтаа жүжиг бүтээх үүдэл санаа хэрхэн бий болж, тэндээс харсан эмзэглэл нь бүтээлийн гүнд ямар байдлаар илэрч байгааг нэг талаас Кловер, нөгөө талаас Сквиллерийн дүрүүдийн хоорондох зөрчлөөр харуулна. Ерөөс эрх мэдэлтнүүдийн тухай ярих амархан. Харин тэднийг бий болгосон олон нийтийн талаар, бидний өөрсдийн сонголт, хариуцлагын тухай яриа илүү төвөгтэй байдаг. Тиймээс тэд “Та фермийнхээ аль талд байна вэ” хэмээх асуултыг үлдээв. Магадгүй энэ л “Амьтны ферм”-ийг тайзнаа авчрах гол шалтгаан болов уу.
Оруэлл амьтдыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш. Амьтдын ертөнцөөр дамжуулан хүний нийгмийг дүрслэхдээ тэр биднийг өөрсдийгөө гаднаас нь харахад хүргэдэг. Хүн өөрийнхөө тухай шууд ярихад хамгаалалт босгодог бол амьтдын тухай өгүүлэмжийн цаанаас өөрийнхөө дүр төрхийг олж харахдаа үнэнтэй нүүр тулна.
Энэ зохиолын дүрүүдийг зөвхөн сайн, муу гэсэн хоёр туйлд хувааж ойлгох боломжгүй аж. Зарим нь эрх чөлөөг хүсдэг ч түүнийгээ хамгаалах мэдлэг, зориг дутдаг. Зарим нь шударга ёсны төлөө хөдөлмөрлөдөг ч өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж чаддаггүй. Ихэнх амьтад ийм. Тэдгээрийг нийтэд нь төлөөлж чадах дүр бол Боксер.
Харин үүнтэй эсрэгцэх нь бусдын итгэлийг олж авсныхаа дараа түүнийгээ эрх мэдэл болгон хувиргах гахайнууд. Гэвч хамгийн гол нь дээр өгүүлсэн шигээр гахайнууд төдийлөн голлон тоглохгүй. Кловер, Бенжамин, мөн чимээгүйхэн ажиглах дүрүүд ч бий. Жүжгийн төгсгөлд амьтад эсэргүүцэхээс эмээдэг бол Бенжамин илжиг, Кловер хэмээх гүү хоёр л итгэл найдвараа алдалгүй үлддэг. Тэдний хажууд мөн духан дээрээ нар, сарыг дүрсэлсэн бэлгэдлийн дүрүүд хамт зогсох нь итгэл найдварын бэлгэдэл.
Долма театрын хувьд үндсэн 13 дүр, 20 орчим масс оролцогчийг нэгэн бүхэл уур амьсгалд зангидах нь найруулгын томоохон сорилт байсан бололтой. Энэ хэмжээний бүрэлдэхүүнтэй бүтээлд хувь хүний дүрийн зан чанараас гадна олон нийтийн хөдөлгөөн, хамтын үйлдэл, нийтлэг сэтгэл зүй чухал байр суурь эзэлнэ. Учир нь “Амьтны ферм”-д түүхийг ганц удирдагч бүтээдэггүй. Түүнийг дагагчид, дуугүй ажиглагчид, эсэргүүцэгчид, итгэгчид бүгд хамтдаа бүтээдэг.

“Амьтны ферм” зохиолын олон оронд тайзны жүжиг болгон тавьж байна. Тиймээс ч тайзны хэлээр, олон ургальч байдлаар тайлбарлаж болох зохиол. Зарим театр амьтдын дүр төрхийг хүүхэлдэйн театр, биеийн хувирал, хөдөлгөөнөөр илэрхийлсэн байдаг. Их Британийн “Robert Icke”-ийн тавилтад хүүхэлдэйн театрын арга, жүжигчдийн биеийн хувирал чухал байр суурь эзэлдэг бол Сингапурын “W!ld Rice” театрын хувилбарт хөдөлгөөн, амьд хөгжим, нэг жүжигчин хэд хэдэн амьтны дүрд хувирах боломжийг ашиглажээ. Энэтхэгийн “Little Theatre”-ийн тавилтад торны дүрслэлээр эрхшээл, боолчлолын мэдрэмжийг тайзны хэл болгон хувиргасан.
Эдгээр жишээнээс үзэхэд нэг зохиолыг өөр, өөр театр өөрсдийн гоо зүй, үзэл санаагаар хэрхэн тайлбарлаж болдгийг харуулна. Харин “Долма” театрын тавилт мета драмын хэлбэрийг сонгосноороо жүжгийн үйл явдлыг дахин өгүүлэхээс илүүтэйгээр түүний цаана орших санааг тайзны өөрийнх нь тухай эргэцүүлэлтэй холбох боломжийг нээсэн юм. Тайз бол зөвхөн үйл явдал өрнөх газар бус. Тайз бол дүр бүтээдэг, үнэмшил бий болгодог, заримдаа үнэнийг нууж, заримдаа ил гаргадаг орон зай мөн.
Эндээс жүжгийн тухай нэг чухал асуулт гарч ирнэ. Амьтад хүний дүрд хувирахдаа хүн болж байна уу, эсвэл хүн өөрийнхөө араатан чанарыг илчилж байна уу? Оруэллийн зохиолд эл дундах зааг эцэстээ бүдгэрч, арилдаг. Анх амьтдыг хүнээс ялгаж байсан шинжүүд нь төгсгөлд үгүй болж, хэн нь хүн, хэн нь амьтан болохыг ялгахад бэрх болно. Энэ бол зохиолын хамгийн хүчтэй ёгтлол. Хүн төрөлхтөн өөрсдийгөө амьтдаас дээгүүр тавьдаг ч эрх мэдэл, шунал, айдас, атаархал, бусдыг захирах хүслээрээ амьтдаас огт өөр биш гэдгийг “Амьтны ферм” жүжигт харуулна. Үүнээс гадна мета драмын хэлбэрийг сонгосон учраас энэ бол жүжиг гэдгийг үзэгчдэд үргэлж сануулдаг. Бенжамин илжиг нэгэнтээ “Одоо жүжгээ түр завсарлах уу” гэхэд “Үгүй, шууд үргэлжлүүл” гэх утгатай хариултыг сонсох хийгээд жүжиг дундаа завсарлагагүй үргэлжилнэ. Нэг ёсондоо үүнээс ч бид дарангуйлалд, жүжгийн үйл явдалд бүхэлдээ орчихсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
“Амьтны ферм”-ийн хамгийн гунигтай нь амьтад эрх чөлөөгөө алдсандаа бус, харин эрх чөлөө гэж юу болохыг аажмаар мартаж байгаад оршдог. Тэд өөрсдийнхөө төлөө тэмцсэн ч эцэст нь өөрсдийнхөө эсрэг тогтолцоог бий болгоно. Тэд эрх тэгш байдлыг тунхагласан ч тэгш бус байдлыг хэвийн зүйл мэт хүлээн зөвшөөрнө. Хамгийн сүүлд нь гахайнуудын дарангуйллыг унагахаар оролддог ч Сквиллер алим өгснөөр бүгд хонинуудтай адил болж хувирдаг. Эл дундаас Сквиллерийн дүрийг бүтээсэн жүжигчин М.Төгөлдөрийн тоглолтыг онцлох учиртай. Түүний хөдөлгөөн, зальжин яриа, цаад санаагаа хэрхэн нууж буй зэрэг хийгээд амьтдын үйл хөдлөлд үзүүлж буй хариу үйлдэл нь хүртэл жүжгийн үйл явдлыг тун гарамгай хөтөлж байсан билээ.
Эрх мэдэл хэрхэн бий болж, хүмүүсийн итгэл үнэмшлийг яаж өөрчилдөг тухай асуултыг хөндөж чадсанаараа эл бүтээл онцгой.
Театрын хаалгаар орж ирсэн үзэгч жүжгийн төгсгөлд фермийн амьтдыг ардаа үлдээгээд гарах боломжгүй. Тэд өөрсдөө фермийн амьтад гэдгээ, энэ жүжиг одоо ч бидний нийгэмд үргэлжилж байгаа гэдгийг тунгаана. Бенжамин илжиг “Жүжгээ дахин эхлэх үү” гэхэд Сквиллер “Яагаад болохгүй гэж... Бид бүгдээрээ эндээс гараад л жүжиг үргэлжилнэ” биз дээ хэмээдэг. Мэдээж эх зохиолоос гадуур эл чухал санаа бол найруулагчийн уран шийдэл мөн.
Амьтдын туулсан түүхийг бид өөрсдөөсөө бүрэн тусгаарлаж чадахгүй. Тиймдээ ч жүжиг үүргээ гүйцэтгэж байгаа юм. Тэгэхээр бид ч бас амьтны ферм дэх амьтад. Харин яг одоо та бодож чадаж байна гэж бодож чадна. Тэгвэл фермийнхээ аль хэсэгт байна вэ гэдгээ өөрөөсөө асуугаад үзэхэд гэмгүй. Угтаа хөшиг нээгдэж, фермийн хаалга дэлгэгдэхэд таныг угтах ертөнц ийм л асуултаар дүүрэн байх болно.