
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан дээр хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулж буй талаараа ярьсан байна. Тэрээр "Архи тамхи, согтууруулах ундаа, баар цэнгээний газраас бусад аж ахуйн нэгжийн төлдөг Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулж байна. Шатахуун, инфляцын үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууддаа төр дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг бууруулж, татварын хөнгөлөлт олгосноор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийт найман тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм" хэмээжээ. Сануулахад наймдугаар сарын 6-ны НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардаж байсан 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан билээ.