
Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүнд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр АНУ ДЭМБ-аас гарсны дараа Бээжин тус байгууллага дахь нөлөөгөө нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Бээжин НҮБ-ын агентлагууд болон олон талт байгууллагуудын хүрээнд илүү их хариуцлага хүлээхийг эртнээс зорьж ирсэн. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа НҮБ болон түүний харьяа зарим байгууллагатай харилцах оролцоогоо бууруулж буй үетэй давхцаж байна.
ДЭМБ нь одоо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдээд буй Эбола вирусийн халдвар болон саяхан болсон Ковид-19 цар тахал зэрэг өвчин, эрүүл мэндийн хямралтай тэмцэх олон улсын хүчин чармайлтыг удирддаг.
Эх сурвалжуудын мэдээлснээр Хятад улс одоогийн Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын залгамжлагчаар нийгмийн эрүүл мэндийн салбарын ахлах албан тушаалтан Сун Лиг нэр дэвшүүлэхээр төлөвлөжээ. Тэрээр эх, хүүхдийн эрүүл мэндийн бодлого болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр 20 жилийн туршлагатай ажээ.
Дипломат эх сурвалжийн хэлснээр, ийнхүү нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа нь АНУ ухарч буй орон зайг Хятад улс нөхөхийг зорьж байгаагийн тодорхой илрэл юм.
Хамгийн том санхүүжүүлэгч орноо алдсаны дараа НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага өргөн хүрээтэй бүтцийн шинэчлэл хийхээс аргагүйд хүрч, үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих, удирдах албан тушаалын орон тоог цөөрүүлэх, мянга мянган ажлын байрыг цомхотгох арга хэмжээ авч байна.
Трампын засаг захиргаа цар тахлын үеэр ДЭМБ-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг удаа дараа шүүмжилж, Ковид-19 анх бүртгэгдсэн Хятад улсыг талдаа баримталсан гэж тус байгууллагыг буруутгаж байсан. Харин ДЭМБ энэ буруутгалыг няцаадаг.
Хятад улс ДЭМБ-д нэмэлт санхүүжилт олгохоо зарласан боловч АНУ-ын гаргаснаар бий болсон санхүүжилтийн цоорхойг бүрэн нөхөх хэмжээнд хүрээгүй аж.
ДЭМБ бүс нутгийн хороодын эцсийн хурлуудыг зохион байгуулсны дараа нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг нийтэлнэ. Эдгээр хурлыг арваннэгдүгээр сарын эхээр хийхээр хүлээгдэж байна.
Гэхдээ Саудын Араб, Бельги, Катар, Ботсвана, Индонез болон Испани улсыг төлөөлсөн зургаан нэр дэвшигч өөрсдийн нэрийг олон нийтэд зарлахаар шийдэж, ДЭМБ-ын цахим хуудсанд нэрээ аль хэдийн нийтлүүлээд байна.
Цар тахлын үеэрх ДЭМБ болон Хятад улсын харилцаатай холбоотой маргаан, үл ойлголцол бүрэн арилаагүй байгаа энэ үед Сун Лигийн нэр дэвшил мөн анхаарал татах төлөвтэй.
2020 онд тэрээр Хятад улсад эмэгтэйчүүдийн дунд Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх, хянах талаар зөвлөмж боловсруулсан, цар тахлын үеийн эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг удирдах үндэсний стандартыг тогтооход чиглэсэн баримт бичгийн ерөнхий редактороор ажиллаж байжээ.
Хэрэв сонгогдвол Сун Ли ДЭМБ-ыг тэргүүлсэн хоёр дахь хятад иргэн болох юм. Тус байгууллагыг өмнө нь Маргарет Чан тэргүүлж байсан юм.