
Курдын хүчнүүд байрлалаасаа гарсны дараа Сирийн аль-Хол хорих лагериас өнгөрсөн сард оргосон хүмүүсийн тухай Сирийн телевиз мэдээллээ. Зарим мэдээллээр хэдэн мянган хүн оргон зайлсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдаж буй.
Сирийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нуреддин Баба мэдэгдэхдээ, Сирийн Ардчилсан Хүчнүүд (SDF) лагериас Сирийн засгийн газар болон АНУ тэргүүтэй ISIS-ын эсрэг эвсэлтэй урьдчилан тохиролцолгүйгээр "гарсан" гэжээ.
Сирийн Ардчилсан Хүчнүүд уг мэдэгдлийг “төөрөгдүүлсэн” хэмээн няцааж, хариуцлагаас зайлсхийх оролдлого гэж буруутгав. Мөн Дамасктай холбоотой зэвсэгт бүлэглэлүүд тус лагерьт нэвтэрч, ISIS-ын гишүүдийн гэр бүлийг гарган авсан гэж мэдэгдсэн байна. “Ийм санаатай хурцадмал байдл үүсгэсэн нөхцөлд, мөн сэжиг төрүүлсэн “дуугүй байдал”-ын дунд манай хүчнүүд лагерийг нээлттэй байлдааны талбар болохоос сэргийлж ухрахаас өөр аргагүй болсон” гэж Сирийн Ардчилсан Хүчнүүд мэдэгджээ.
Нэгдүгээр сард Сирийн Ардчилсан Хүчнүүдээс ISIS-тэй холбоотой асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг хариуцлагаа хүлээхгүй байгаагийн улмаас аль-Холоос гарсан гэж мэдэгдэж байсан юм.
Тус лагерийн хашаанд 100 гаруй цоорхой илэрсэн нь хууль бусаар нэвтрэх, хүн зөөвөрлөлтийг хөнгөвчлөхөд ашиглагдсан байх магадлалтай бөгөөд оргосон хүмүүсийн тоо одоогоор баталгаажаагүй байгаа аж.
Европын Холбооны гишүүн орнуудад илгээсэн дотоод санамж бичигт лагерьт амьдарч байсан хүмүүсийн дийлэнх буюу хэдэн мянган хүн оргосон байж болзошгүй талаар аюулгүй байдлын ноцтой эрсдэлийг дурдсан байна. Гуравдагч орны иргэдийн байдал тодорхойгүй хэвээр байгаа аж.
Wall Street Journal сонин АНУ-ын тагнуулын байгууллагын эх сурвалжид тулгуурлан 15 000–20 000 хүн, тэдний дотор ISIS-тэй холбоотой этгээдүүд Сирид чөлөөтэй явж байж магадгүй гэж мэдээлсэн ч энэ тоог баталгаатай биш юм.
НҮБ-ын мэдээлснээр аль-Хол лагерьт 30 000 гаруй хүн хоригдож байна.
Өнгөрсөн сард засгийн газрын хүчнүүд Курдын хяналтад байсан нутаг дэвсгэрийг эзэлсний дараа Сирийн зүүн хойд бүсэд хоригдож байсан мянга мянган ISIS-ын хоригдол болон тэдний гэр бүлийн хувь заяа тодорхойгүй болсон. Мөн аль-Шаддади шоронгоос ч хоригдлууд оргосон талаар Сирийн Ардчилсан Хүчнүүд мэдэгдэж байсан бөгөөд уг шоронд “мянга мянган” ISIS-ын хоригдол байсан гэнэ.
SDF нь Сирид АНУ-ын гол түнш байсан ч 2019 онд АНУ цэргээ татсанаар Курдын бүлэглэл хүндрэлтэй байдалд орсон. Ялангуяа 2024 оны сүүлээр Башар аль-Ассадын дэглэм унаж, Ерөнхийлөгч Ахмад аль-Шараа засгийн эрхэнд гарсны дараа нөхцөл байдал улам өөрчлөгдсөн. АНУ тэргүүтэй эвсэл ISIS-ын шоронгуудыг хамгаалахад Сирийн Ардчилсан Хүчинд найдаж ирсэн.
Сирийн Ардчилсан Хүчнүүд эвслийг засгийн газартай холбоотой хүчнүүдийн давшилтыг зогсоохоор оролцоогүй гэж буруутгав.
АНУ-ын Төв командлал (CENTCOM) 23 хоногийн ажиллагааны хүрээнд Сирийн зүүн хойд бүсээс 5700 гаруй ISIS-ын хоригдлыг Иракт шилжүүлсэн гэж мэдэгдсэн.
ISIS нь Иракт үйл ажиллагаа явуулж байсан Аль-Каидагийн үлдэгдлээс үүссэн. Оргил үедээ Сирийн нутаг дэвсгэрийн гуравны нэгийг хянаж, Ракка хотыг нийслэл болгож байв. 2017 онд Сирийн Ардчилсан Хүчнүү АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр Раккаг “бүрэн чөлөөлсөн” гэж зарласан. 2019 онд бүлэглэл үндсэндээ бут цохигдсон ч зарим элементүүд Сирь, Иракт нууцаар үйл ажиллагаа явуулсаар байна.