
АНУ Ирантай хийж буй дайнд ойролцоогоор 37.5 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа нь өнгөрсөн 5 дугаар сард хийсэн тооцооллоос даруй 8 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт болохыг Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгдлээ.
Хегсет Сенатын Төсвийн хорооны сонсголын үеэр хууль тогтоогчдоос Пентагонд нэмэлтээр 87 тэрбум ам.долларын санхүүжилт яаралтай олгохыг хүслээ. Үүний 67 тэрбум ам.долларыг Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанд зориулахаар төлөвлөжээ.
Сонсголын үеэр дайныг эсэргүүцэгчид түүний илтгэлийг тасалдуулахыг хэд хэдэн удаа удаа оролдож Батлан хамгаалахын сайд болон сенатор Кирстен Гиллибранд нар ширүүн маргалдав.
Ардчилсан намын гишүүдийн мэдээлснээр дайны бодит өртөг 37.5 тэрбум ам.доллароос хол давсан байх магадлалтай. Учир нь энэхүү тооцоололд Ираны цохилтоор сүйдсэн цэргийн баазуудыг сэргээн босгох зардлыг тусгаагүй аж.
Сенатор Кирстен Гиллибранд АНУ-ын иргэд өрх гэрээ тэжээж чадахгүй байхад Конгрессоос хязгааргүй мөнгө шаардаж байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Мөн Сенатор Гэри Питерс Трампын засаг захиргааг эцэс төгсгөлгүй дайн үүсгэсэн хэмээн буруутгаснаар маргаан ширүүсэв.
Дональд Трамп Truth Social хуудсандаа 2 сарын 28-наас хойш Ирантай хийж буй дайнд АНУ-ын 18 цэргийн алба хаагч амиа алдаад байгааг мэдээлсэн. Мөн Пентагоноос Ирак болон Иорданд амиа алдсан болон сураггүй болсон цэргүүдийн нэрсийг албан ёсоор зарлаад байна.
Маргаантай байгаа төсвийн асуудлаар Конгресс шийдвэр гаргахад хэдэн сар шаардагдах тул Пентагон ойрын хугацаанд хүссэн нэмэлт санхүүжилтээ авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.