
Хотын дарга асан Х.Нямбаатар нийгмийн сүлжээгээр 2026 оны төсвийн тодотголтой холбоотой байр сууриа илэрхийлж, улсын төсвийн алдагдлыг нөхөхийн тулд "Сэлбэ 20 минутын хот" төслийн санхүүжилтийг зогсоож байгаа гэх мэдээлэл өгсөн юм. Тэгвэл НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва уг асуудалд тайлбар өглөө.
Тэрээр “Миний бие хотын даргын ажлыг хүлээж авахад нийслэл 2.6 их наяд төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 2.2 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ямар нэгэн ажил зогссон асуудал байхгүй. Сэлбэ голын үерийн далангийн ажил хийгдэж байгаа. Ногоон нуурын ажил ч бас зураг төслийн шатанд явагдаж байна. Гандангийн газар чөлөөлөлтийн ажил ч зогсоогүй. Эдгээр ажлууд хийгдэж байгаа, цаашид ч хийгдэнэ.
Нийслэлийн төсвөөс улсын төсвийн алдагдлыг нөхөхөөр мөнгө татсан асуудал байхгүй. 753 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал бол 2027 онд он дамжин хэрэгжүүлэх “Сэлбэ ухаалаг хот”-ыг хэрэгжүүлэх мөнгө юм. Иймээс нэг ч төсөл, хөтөлбөрийг зогсоож, нийслэлийн төсвөөс улсын төсвийн алдагдалд мөнгө өгсөн гэх асуудал байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл.
Нийслэл 1600 орчим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сая бол 105 тэрбум төгрөг тендерийн хугацаанд амжаагүй тул татагдсан. Төрийн хэмнэлтийн хуулиар тавдугаар сарын 31-ний дотор гүйцэтгэгч компани шалгараагүй тул автоматаар татагдсан.
Ер нь бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бид эргэж харах шаардлагатай. Бидэнд жилд долоон сарыг л бүтээн байгуулалтын ажилд зарцуулах боломж байна. Гэтэл тавдугаар сарын 31-ний гээд хуулийн хугацаанд баригдахаар энэ онд хийгдэх байсан төсөл, хөтөлбөрүүд дараа он руу шилжиж байгаа харамсалтай нөхцөл байдалд ороод байгаа юм" гэв.