
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол Улсын харьяат хүн ам 3 589 826 боллоо. Хүн амын тоо 2020 оны ээлжит тооллогоос хойш жилд дунджаар 1.4 хувиар өсжээ. Харьяат хүн амаас 201 350 хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.
Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 3 423 940 хүрсэн бөгөөд үүнээс Монгол Улсын харьяат хүн ам 3 388 476, Монгол Улсад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэд 35 446, харьяалалгүй 18 хүн байна.
Монгол Улсын хүн амын тоо нь зөвхөн тоон үзүүлэлт бус, харин түүхэн үйл явц, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр дүнг илэрхийлдэг. Монгол Улс 1918 онд хүн амын анхны тооллогыг зохион байгуулснаас хойш нийт 11 удаагийн үндсэн тооллого, 2 удаагийн завсрын тооллогыг явуулсан байна. Эдгээр тооллогын үр дүнгээс харахад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам даруй зургаа дахин өсжээ. Хүн ам 2010-2020 оны хооронд 542.2 мянган хүнээр буюу жилд дунджаар 2.2 хувиар, 2020- 2025 оны хооронд 292.9 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.4 хувиар тус тус өсжээ.
Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт хүн амын жилийн дундаж өсөлт сүүлийн 10 жилд 2.5 хувь байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр өсөлт юм.