
Туркийн Анталия хотод өчигдөр өндөрлөсөн жүдо бөхийн өсвөрийн тамирчдын дэлхийн чансааны оноо олгох Европын нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлагад Б.Хулан, Л.Саяжаргал, Ц.Амин-Эрдэнэ Р.Омар, Б.Далайцэрэн тэргүүтэй 20 гаруй тамирчин оролцлоо. Манай тамирчид тус тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, охидын 44 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Хулан, хөвгүүдийн 73 кг-д “Виннер” дэвжээний тамирчин Б.Далайцэрэн нар мөнгө, охидын 52 кг-д “Виннер” дэвжээний тамирчин Л.Саяжаргал хүрэл, хөвгүүдийн 60 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Таванхан” дэвжээний бөх М.Энхбилэг, 81 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртлээ. Мөн охидын 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ шагналт V байрт шалгарчээ.