
Монгол Улсад зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ өнөөдөр өндөрлөнө. Хурлын үеэр Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга, байгаль орчны гавьяат ажилтан Б.Төмөрсүхтэй ярилцлаа.
-Монгол Улсад болж буй COP17 хурал өнөөдөр хаалтаа хийж байна. Таны хувьд хурлын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-СОР17 хурал эхлэхээс эхлээд сүүлийн өдөр хүртэл байлаа. Байгаль хамгаалагч бидний хувьд олон улсын том хуралд үгээ хэлэх боломж гарсанд баяртай байна. Миний хувьд энэ хуралд оролцож, байгаль хамгаалагчдийнхаа нэгэн төлөөлөл боллоо. Манай улс СОР17-г зохион байгуулж, дэлхий нийтийн анхааралд байгаагийн хувьд үнэхээр сайхан боломжууд байдаг юм байна гэж харж байна. Мөн бэлтгэл ажлыг маш сайн хийсэн байна. Энэ хурлыг харж байхад бид юм хийж чаддаг болсон байна гэдгийг анзаарлаа. 10-аад хоног Цэнхэр, Ногоон бүсэд болж буй хурал, зөвлөгөөнд оролцогчоор байлаа. Миний хувьд хурлын нээлтэд байгаль хамгаалагчдаа төлөөлөн үгээ хэлсэн. Миний хэлэх гэсэн санаа бол хүн эхний ээлжинд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүн бүр өөрийн хандлагаа өөрчлөхөд дэлхий нийтээрээ өөрчлөгдөх боломжтой. Байгаль дэлхийгээ ногооруулж, аврах боломжтой. Хүн бүрт төрсөн нутаг нь онцгой байдаг.
-Таны хувьд хоймор нутаг Дархадын хотгорыг хамгаалан байгаль хамгаалагчаар олон жил ажиллаж байна. Байгаль хамгаалагчийн хувьд хойч ирээдүйдээ юу гэж хэлэх вэ?
-Байгаль хамгаалах ажил бол төрсөн нутагтай холбоотой. Хүн бүр төрсөн нутгийнхаа талаар 10 секунд бодоод үзээрэй. Энэ хугацаанд хүн бүрт дурсамж орж ирэх болно. Морь хүртэл нутгаа гүйдэг шүү дээ. Хүний төрсөн нутаг цаанаасаа байгаль дэлхийг холбож өгдөг. Байгальтай ойр байгаа хүний хувьд төрсөн нутгийн сэтгэлээр байгалиа хамгаалахад үр дүнд хүрнэ. Энэ хурлын үйл явцыг харж байхад нээлтэд хэлсэн
Эхний бөгөөд эцсийн чулуугаараа
Гэр барьж тоглосон чулуун тоглоом
Өвөг дээдсийн минь
Өвөлжөөнд өрөөтэй байгааг харахад
Өөрийн эрхгүй санахгүй байхын аргагүй төрсөн нутаг минь
Хайрлахгүй байхын аргагүй нутаг амь минь гэсэн үг маань хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн байна гэж харж байна.
Байгаль хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал. Би 40-өөд жил байгаль хамгаалж байна. Байгаль хамгаалагч нь тухайн газар нутагтаа суурьшин ажиллах нь илүү үр дүнтэй юм байна. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын үйл явцаас олон зүйл харагдана. Нэг байгууллагын хамт олны эко системийн хүрээнд хэрхэн үр дүнд хүрч байгааг манай тайгаас харж болно. Байгаль хамгаалахад байгаль хамгааллын ажлыг зөв, үр дүнтэй хийж чадвал хойч ирээдүйд маш том өв хөрөнгө үлдэнэ.
-СОР17-гийн салбар хуралдаанд идэвхитэй оролцож байгаагийн хувьд юуг онцлох вэ?
-Байгаль орчны хамгаалал, цөлжилт, бэлчээр, ус, газар гээд олон талт үр дүнтэй хурал зөвлөгөөн, уулзалт боллоо гэж харж байна. Монголын байгалийн өв сан, тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах зэрэг олон илтгэлүүд анхаарал татлаа. Байгаль хамгаалах явц өгөөжөө өгч, хүртээмжээ дэлгэж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд бид олон улсын байгууллагын анхаарлыг татаж байна. Байгаль хамгаалахад техник хангамж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх гэхчлэн төслүүд маш их түлхэц болдог. Миний мэдэхийн 1990-ээд оноос хойш НҮБ-ын биологийн төрөл зүйлийг хамгаалах, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж өнөөдөр ч үр дүнгээ өгсөөр байна. Үүний үр дүнд байгаль хамгаалал, байгаль хамгаалагчдын оролцоо ч нэмэгдлээ. Тусгай хамгаалалттай газраар олон жил ажиллаж байгаа байгаль хамгаалагч хүний хувьд бид хийх ёстой зүйлээ хийж үр дүнд хүрсэн гэж бодож байна.
Дэлхийн хүн төрөлхтөний өмнө Монгол Улсын анхдагч тусгай хамгаалалттай газрын 30 хувийг хамгаална гэж уриалж байсан үр дүндээ хүрч байна. Энэ нь нэгэн сэтгэлээр нэгдсэн хамт олны зорилго юм. Энэ байдлыг энэ хурлаар тод харж чадлаа.
- СОР17-гийн хүрээнд Цэнхэр, Ногоон бүсийн уулзалт, зөвлөгөөн дэлхийн нийтийн анхааралд байлаа. Та юуг илүү онцолмоор байна вэ?
-СОР17-гийн хүрээнд олон шинэчлэлт, өөрчлөлт харагдлаа. Цэнхэр бүсээс гадна Ногоон бүсэд иргэдийн оролцоо ямар сайн байгааг анзаарлаа. Монголын соёл, уламжлалыг маш сайн харуулж чадлаа. Нутгийн иргэдийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэл их ойр байгааг харахад сайхан байна. Байгаль хамгаалал, дийлдэшгүй уур амьсгалын өөрчлөлтийг хамгаалахын тулд иргэдийн оролцоо ямар их байдгийг харж байгаа нь сайн хэрэг. Эндээс харахад монголчууд манлайлан оролцох, уриалан дуудах, загвар болон оролцох нь чухал юм байна гэдгийг ойлголоо. Яагаад гэхээр бидэнд нүүдлийн соёл иргэншил, асар өргөн уудам газар нутаг бий. Бидэнд боломж их. Талын нутгийн төлөвлөгөө гэсэн зорилтыг Монголын талаас дэвшүүлж дэмжигдэж байгаа нь ч сайшаалтай. Үүний үр дүнд тодорхой хэмжээний санхүүжилт ирнэ гэсэн анхан шатны мэдээлэл гарлаа. Бидэнд хэлж ярихаас илүүтэй бодит үйлдэлд шилжиж байгаа нь сайхан юм.
-Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг ярьж буй энэ үед зарим орон давагдашгүй байгалийн сорилтыг давж байна?
-Монголын их хувь заяа шүү дээ. Бидэнд асар их өргөн уудам нутаг байна. Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн олон талт үзэгдэл болсоор байна. Саяхан Балбад өндөр уулын нуралт боллоо. Байгалийн энэ хүчин зүйлийг яаж ч зогсоож чадахгүй. Би Балбад хоёр удаа очиж байсан. Гэтэл иргэд нь гараараа зам тавьж байхыг хараад өндөр уулын бүс нутагт амьдарч буй нутгийн иргэд ингэж ажилладаг, байгальтайгаа ингэж зохицон ажилладаг юм байна гэж бодож байлаа. Тэнд зам тавихад маш хэцүү. 20 жилийн хугацаанд хоёр удаа Балбад очиход өөрчлөлт их гарсан. Сүүлд очиход гараараа зам тавьж байсан хэсэгт машинаар зам тавьсан байв.
Мэдээж байгалийн хүчин зүйлийг яаж ч зогсоож чадахгүй. Өндөр уулын давтагдашгүй хүчин зүйл болж байгаа нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Бидний хувьд энэ сайхан нутаг усаа илүү сайн хайрлаж, хамгаалж, сэтгэл зүрхээрээ нэгдэх нь чухал юм байна гэж хэлмээр байна.


