
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодист хяналт тавих тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Ирэх хавар сонсгол хийхээр товоо тогтоогоод явж байгаа. Хэлэлцүүлэгт мэдээлэл хийсэн олон байгууллага мансууруулах бодисын тухай асуудлыг хөндлөө. Хаалттай хуралдаад яривал илүү олон мэдээлэл ярьж болохоор байх шиг байна. 10-14 насны хүүхдүүдийн мансууруулах бодисын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Төрийн тусгай хамгаалагчдын эмнэлэгт 24 настай эмэгтэй өөртөө мансууруулах бодис тариад ухаан алдаж унасан байна. Гэвч өнөөдөр "Тийм зүйл болоогүй" гээд мэдээллийг үгүйсгэж байна. Бид үнэнтэйгээ эвлэрч байж үүнээс яаж гарах гарцаа хайна" гэв.