
Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн голомт руу очиж шинжилгээ хийх асуудлаар шуурхай хуралджээ. Хуралд УОК, ХЗДХЯ, ХХЕГ, ОБЕГ, Мобиком зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, Нөмрөгт ажиллаж байгаа судлаачид онлайнаар холбогдож оролцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. Тэрээр “Нөмрөгийн гал түймэртэй холбоотойгоор ажлын хэсэгтэй байнга холбогдож байгаа. Сумын Засаг даргын захирамжаар гарсан ажлыг хэсэг болон дэмжлэг үзүүлэх мэргэжлийн үнэлгээний ажлын хэсэг болон шинжээч нар ажиллаж байна. Нөмрөгийн дархан цаазат газар нь газар зүйн байршлын хувьд хүнд, бартаа саад ихтэй учир мориор болон машинаар явах боломжгүй, хохирол тогтоох ажил удаашралтай байна гэж ажлын хэсэг мэдэгдсэн. Ажлын хэсгийн зүгээс онгоцны дэмжлэг үзүүлэх санал тавьсантай холбогдуулан өнөө өглөө шуурхай хуралдаж, сая дууслаа. Өнөөдөртөө багтаад Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, дээр нэр дурдсан байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргахаар болсон. Жижиг онгоц явуулахаар боллоо. Халх гол болон Дорнод аймагт онгоцны түлш байхгүй учир Улаанбаатар хотоос бэлтгэж гарна. Өнөөдөртөө багтаж ажлын хэсэг сумлагааны машин гаргана. Онгоцтой багийн бүрэлдэхүүн маргааш Гурван голын уулзвар, хил дагасан Соёлз уул чиглэлд хохирол тогтоох багийнхантай ажиллана. Нотлох баримтыг шүүх дээр шаардлага хангуулах үүднээс шүүх шинжилгээний холбогдох эрх бүхий байгууллагаас зөвлөгөө өгсөн. Зөвлөгөөний дагуу шинжээчдийн багийг томилох шаардлагатай бол шинжээчдийн багийг томилно” гэлээ.