
Төрийн соёрхолт "Хурд" хамтлаг Монголын тайзны урлагт шинэ хуудас нээж “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзикл тавих болсон талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү бүтээл нь Монгол Улсад анх удаа олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжиж буй томоохон тайзны төрөл юм. Мюзиклд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулдагаараа онцлогтой.
“Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзиклийн ерөнхий продюсераар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Отгонбаяр, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Даваасүрэн, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагчаар МУУГЗ Б.Чинбат ажиллаж байна. Энэхүү мюзиклд Монголын уран бүтээлчдээс гадна Их Британи, Итали, БНСУ-ын мэргэжлийн уран бүтээлчид хамтран ажиллаж байгаагаараа онцлог болжээ.
Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Д.Отгонбаяр
Та бүхэндээ маш их баярлалаа. “Хурд” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа мюзикл бэлэн болоход тун ойртлоо. Бидний 18 жилийн өмнөх мөрөөдөл биелэлээ олж байна. Тухайн үед Лондон хотод мюзикл үзээд өөр мэдрэмж төрж байсан. Гэтэл өнөөдөр бидний зорьсон мөрөөдөл биелэхэд цөөн хоног үлдлээ. “Ногоон зүрх” мюзикл ирэх долоо хоногт нээлтээ хийнэ. Залуусыг соёлоор тэтгэж, тэднийг урлагаар дамжуулан сайн сайхан зүйлд хөтөлж байгаадаа туйлын их баяртай байна. Хамтлаг, дуучдын бүтээсэн мюзиклүүдийг их судалсан. “Бид ч бас хийж болох юм байна” гэж бодож бэлтгэлээ хийж эхэлсэн. “Бүсгүй” киноныхоо нээлтийн үеэр мюзикл хийнэ гэж амлаж байлаа. Өнөөдөр энэ бүхэн бэлэн болоход ойртсон байна. “Норсон зүрх” бол “Хурд” хамтлагийн түүх, уран бүтээлээс бүтсэн Монгол мюзикл. Дуучин Цогоог энэ мюзиклээс их өөр өнцгөөр харна. Ер нь их сонирхолтой болж байгаа. “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоороо Монголын тайзны урлагт шинэ хуудас нээхээр бэлтгэж байна. Бид ард түмэндээ уран бүтээлээ зориулсан. Тийм учраас бид энэ мюзиклд онцгой ач холбогдол гарган бэлтгэж байна. Дуу хөгжим хүнийг хүн болгодог. Дуу хөгжим бол соён гэгээрлийн оргил том зэвсэг. Монголчууд мюзикл бүтээх чиглэлээр одоогоор хангалттай туршлагажаагүй байгаа. Гэхдээ энэ урлагийн онцлогийг нэг мэдэрч чадвал монголчууд дэлхийн үзэгчдэд хүрэх мюзикл бүтээж чадна. Бид үүнийг нутагшуулах хэрэгтэй. Та бүхнийг “UG Palace”-д ирж бидний бэлтгэсэн "Норсон зүрх" мюзиклд саатахыг урьж байна.
“Норсон зүрх” мюзиклд өртөө бол хүмүүсийн ирж буцан, учирч хагацдаг амьдралын зөрлөгийг харуулна. Багадаа аавыгаа галт тэргээр явахад нь үдэж хоцорсон, сонсож чаддаг ч үг хэлж чаддаггүй өнчин охин Уянга өртөөн дээр цэцэг зарж, аавынхаа үлдээсэн хуучин гитараар зүрхнийхээ үгийг хөглөнө. Гитар бол түүний хувьд хөгжим төдий бус, хэлж амжаагүй үгс, мартагдаагүй дурсамж, аавынх нь үлдээсэн хайр юм. Харин “Гитарын аялгуу” хэмээх амьд дүр түүний дотор жинхэнэ дуу хоолой болон түүнийг үргэлж дагана.
Бүх насныхан үзэх боломжтой “Норсон зүрх” мюзиклийн нээлт энэ сарын 11-ний өдөр “UG Palace”-д болно. 12 өдрийн турш тоглогдох мюзиклийг Монгол орон даяар болон Их Британи, Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглохоор бэлтгэж буйг “Хурд” хамтлагийн уран бүтээлчид онцлон хэллээ.
