
Гартаа микрофон атгаж тайзнаа гарсан хэн бүхний үгийг монголчууд чих тавин сонсдог.
Дууг бол сэтгэлийн угаас цэнгүүлнэ. Угтаа тэдэнд хэн байх нь, хэлсэн үг нь ихэнхдээ чухал биш. Ерөөс бусдын хэлснийг сармагчин адил даган дуурайж, зөв хэмээн итгэхээс өөрөөр эргэцүүлэн тунгаах чадвар бидний дийлэнхэд хомс. Харин өдгөө микрофон атгаж, хүссэнээ бусдад тулгаж заавар, зөвлөгөө өгдөг хүмүүсийн тайз нь цахим орчин руу шилжсэн. Ерөөс цахимд иргэдийн тархийг угааж, нийгэмд хор таригчид нь эрхтэн дархтнууд, хуурамч бараа бүтээгдэхүүн сурталчилж залилан хийгчдээс гадна инфлүүнсэр нэр зүүсэн, хандалтын төлөө улаан нүдээ ухаж өгөгсөд болжээ.
Урьдын цагийн сайн сайхныг манай ард түмэн санагалзах дуртай. Тэр цагийн нэгэнд “Микрофон аль, би үгээ хэлье” гэцгээдэг байсан бол өнөөдөр харин энгэртээ микрофон хадсан салбадайнуудыг сонордож, тэдгээрийн зааварласнаар гажуудсан амьдралаа засаж, нийгмийн хэтийдлийг дүгнэх болцгоов. Түүнээс гадна төрийн эргэлт хийж, хүрд эргүүлэх боломж иргэдэд бус инфлүүнсэрүүдэд байна. Учир иймээс улстөрчид иргэдийн үгийг сонсохоо больсон. Тэд өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд олонд нөлөөлөгч, цахимд хандалт өндөртэй инфлүүнсэрүүдийг ашиглах тогтолцоог бий болгосон. Мөнөөх орчин цагийн сэхээтнүүд гэж өөрсдийгөө дөвийлгөгчид нь сүүлдээ оодорч бусдын амьдралыг заадаг, аливаа мэргэжлийг сайн, муугаар нь ялгаж доромжилдог болцгоов. Ёстой түй чёрт!
Болохгүй зүйл гэж үгүй ээ. Юуг ч сурталчилж, худалдан авалтад нөлөөлж, бараа бүтээгдэхүүнийг рекламдаж болно. Нэр хүндээ өсгөх маркетинг хийж, зовлонгоо тоочиж, давсаар уйлсан ч таны л дур. Харин аливаа юмны хязгаарыг гэтэлж, ёс суртахууныг таягдан хаяж болохгүй. Сүүлийн үед инфлүүнсэрүүд бусдын амьдралын хэмнэл, ажил төрөл, эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг хүртэн чимээгүй бүтээж, хөдөлмөрлөж байгааг шүүмжлэх болов. Тэдний хувьд бохир цэвэрлэх байгууламжид ажиллаж, гудамд тараасан хогийг нь шүүрдэж, тээвэрт явж, барилгын талбай дээр тоосго зөөх нь буруу юм гэнэ. Ажиллах хүчний хомсдолтой манайх шиг оронд аливаа эрсдэлийг үл тоон чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа хүмүүс нийгэм гэх тогтолцоог бэхжүүлж, хөгжлийн машиныг хөдөлгөж байгаа.
Ажлын цагаа бүртгүүлж, аль ч үед оффис руугаа жирийлгэж явдаг хүмүүс л баялаг бүтээгчид мөн. Гэтэл тэдгээрийг шүүж, амьдралын хэмнэлээ өөрчлөхийг уриалж, өөртэй нь адилхан инфлүүнсэр болохыг шаардаж, хэдхэн товч дараад л олон сая ам.доллар олдог мэтээр сурталчилж суугаа их мэдэгчдийн армийнхан бол контент бүрээ мөнгөөр үнэлж, түүнийхээ хэрээр хорыг ч эм болгон ярьж түмнийг төөрөгдүүлсэн сүйхээтэй наймаачдаас өөр хэн ч биш. Үнэндээ бусдыг яг өөрсөд шигээ амьдрах талаар сургаж, сурталдаж, зааж зөвлөнө гэдэг мунхаг хэрэг. Хязгаарыг гэтэлсэн ийм сурталчилгаа түгээж буй инфлүүнсэрүүд мөрөөрөө хөдөлмөрлөж, ёстой л мөнчгөрөөрөө хийж бүтээж байгаа бусдын амьдралыг хулгайлж буйгаа ухаардаггүй нь ой гутмаар.
Тэдэнд хоёр л сайн зэвсэг бий. Бусдыг үнэмшүүлж чаддаг гойд сүйхээлэг чанар. Нөгөө нь интернэт. Түүнээс бус цахимаас гадуур үзэл бодол, яриаг нь сонсвол авах юм хомс. Бүгдийг мэддэг инфлүүнсэрүүдийг яг салбарынх нь мэргэжлийн хүнтэй уулзуулаад мэтгэлцээн зохиовол минчийтлээ улайхаас хэтрэхгүй. Боловсрол, мэдлэг чухал хэмээж ном уншихыг ихэнхдээ зөвлөдөг. Гэтэл уншсан ном нь бестселлер бүтээлүүдийн жагсаалт болоод алдартнуудын нэрлэдэг сонгодгуудаас хэтрэхгүй.
Сүйхээлэг байдал нь ч тэр өөрийнх нь бус. Ерөөс бусдын хэлснийг, хийснийг аятайхан найруулж өөрийн бүтээл, контент болгодог. Түүнийгээ уран бүтээл гэж нэрлээд нийгэм хэмээх том мөрнөөс хүмүүсийг гогдох дэгээ болгож ашиглана. Дээр нь хандалтын төлөө уралдсан, сонгуулиар ихэвчлэн сөрөг маркетинг хийж мөнгө босгодог “инста” сайтууд, мэдээллийн албан эх үүсвэр, редакцын бодлогоо хадгалсан хэвлэл мэдээллийн талбар хоёрыг ялгадаггүй. Тиймээс бичсэн постоор нь зурган мэдээ үүсгэсэн, ардаа “.mn” гэх хаягтай пэйж болгоныг мэдээллийг эх үүсвэр гэж бодно. Тэдгээрт өөрийнх нь талаар ганц өгүүлбэр бүхий мэдээлэл нийтлэгдэх аваас дотроо бөөн баяр болж, гаднаа сэтгүүл зүйн салбарыг зүхэж харагддаг.
Өөр нэг мэх бол сүүлийн үед амны уншлага болсон “Намайг харлуулахын тулд мөнгө төлж мэдээлэл түгээлээ” хэмээн асуулт болгонд барьдаг бэлэн хариулттай. Үнэндээ улстөрчид хандалтыг нь ашиглаж, үзэл бодол бүрэн төлөвшөөгүй өвсөр насны хүүхдүүд даган дуурайхаас бус хэн л тэднийг тоож харлуулах ажилд оролцоод явах вэ дээ. Иргэд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хөдөлмөрлөж байгаа. Тэдэнд тийм зав байхгүй.
Инфлүүнсэрүүдийн ихэнх нь нийгмээ дагуулах, тэдэнд нөлөөлөгч байдаггүй. Харин дагуулагчид болж л харагддаг. Үнэндээ нийгэм хааш эргэж, хүмүүсийн олон зураасны хаана байна, тэнд нь очиж зогсдог. Ингэснээр үнэ цэнээ өсгөнө. Мунхагийн харанхуйд хэн нэгэн нь зул асаачихвал уг нь гэрэл гийчих гээд байдаг. Гэвч ийм сэхээтэн лав тэдэн дунд алга даа. Адаглаад хиймэл оюунаар бичүүлсэн номоо хүртэл зарж нийтийг дамшигласан. Гэтэл олон түмэнд бурууг үйлдэж, буруу дуугарсан нь үргэлж зөвөөр ойлгогддог хойно яая гэхэв.
Нөгөөтэйгүүр инфлүүнсэрүүдийн сурталчилгааны хор нь мэдлэггүйдээ бус мэдэхгүй зүйлээ мэддэг мэт итгүүлж чаддагт оршино. Тэд алдаа гаргасан ч маргааш нь өөр сэдэв рүү үсрээд л олон нийтийн ой санамжийг бултуулчихна. Өчигдөр эрүүл мэндийн зөвлөгөө өгч байсан хүн өнөөдөр улс төр ярьж, маргааш нь санхүүгийн мэргэжилтэн болж харагдана. Харамсалтай нь олон нийт тэднийг дагаж амьдарч байна. Цахим орчинд үнэнээс илүү бурууг зөв болгож итгүүлэх чадвар үнэд ордог болов. Урдаа микрофон зоосон салбадайнуудын амнаас гарсан үгс нийгмийн үнэлэмжийг аажмаар дордуулж, эрүүл ухааныг хандалтын тоогоор дарж байгаа нь уйтайяа.
Эцэг, эхчүүд ч тэр богино хугацаанд мөнгө олох, брэндтэй хамтарч ажиллах, цахимд танигдах зэргийг амжилтын оргил мэтээр ойлгох аж. Тэр хэрээр хөдөлмөрлөж, мэргэжил эзэмшихээс илүүтэй камерын өмнө амьдрах хүсэлтэй залуусын тоо өсөж байна. Нийгэм бүхэлдээ контент бүтээгчдээр дүүрэхийн цагт хэн гүүр барьж, өвчтөн эмнэж, барилга байшин босгох вэ? Сөрөг нөлөө энд байгаа юм. Инфлүүнсэрүүд олонд танигдаад зогсохгүй яг өөр шигээ хүмүүсийг олноор нь төрүүлж байна. Тэд “өөрийгөө брэнд болго”, “хандалтаа өсгө”, “контентоор мөнгө ол” гэх үгсийг амжилтын томьёо мэт урсгаж, тоть адил давтана.
Инфлүүнсер бэлтгэх дамжааг хамгийн гол нь эцэг, эхчүүд дэмжээд байдаг. Тэд хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, зан араншингийн талаар ойлголтгүй. Бусад шиг болгох, манлайлагч байлгах, оройлон дагуулагчийн замналаар амьдруулах хүсэлтэй. Тэгчхээд ирээдүйн үрс минь гэх үгсийг үргэлж давтацгаахыг яана. Роботыг ангилал тус бүрээр нь үйлдвэрлэдэг байсан бол өдгөө хоорондоо ялгагдах аргагүй инфлүүнсэрүүдийг бүтээдэг л болж орхилоо. Хүнд олон нийтийн дундах хэл амтай, хэрүүл шуугианд шургадаг оршихуйгаас илүү чухал юмс зөндөө бий. Түүнийгээ олчихсон байхад бусдын зөвлөгөө ер нь падлий үгүй дээ.
Инфлүүнсэрүүдийн хамгийн дургүй хүмүүс нь өглөө эрт босож ажилдаа явдаг жирийн иргэд болж хувирлаа. Тэд цаг бүртгүүлдэг хүмүүсийг “боолын сэтгэлгээтэй” хэмээн даапаалж, оффист суудаг амьдралыг нэгэн хэвийн уйтгартай мэтээр ухуулах болов. Үнэндээ энэ нийгэм тэр хүмүүсийн төлсөн татвар, хөдөлмөрийн үр шим дээр тогтож байгаа. “Татварын дээрэм” нэртэй лоозон барьж жагсчихаад татвараас нь цусалж яваа инфлүүнсэрүүдтэй тэд адилгүй. Учир нь ажлаа хийж яваа энэ хүмүүс амьдралаа бусдад зараагүй юм. Бусдын гутлын ул дахь шаврыг долоож олсон мөнгөө амжилт мэт гайхуулдаг уг үзэгдэл эцэстээ залуу үеийн үнэлэмжийг л сүйтгэнэ.
Тэд ямар хүмүүс вэ гэдгийг нийгэм уг нь тольдсон. Бүхий л сайн сайханд сургагч инфлүүнсэрүүд маань жил бүр Их тэнгэрийн аманд Ерөнхийлөгчийн зарлигаар уригдаж, бэлэг сэлт авч, түүгээрээ сайрхсан стори, рийл бичлэг хийдэг болсон. Бусдыг өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй гэх атал бусдын үзэл бодлыг залгиж, биеэ үнэлж яваа нь нийгэмд тодхон. Хэний үйл ажиллагааг дэмжиж, ямар намын байр суурийг нийтийн өмнө сурталчилж, хэнээс мөнгө хүүдийлсэн нь ил. Ийм л хүмүүс бидэнд амьдралын талаар сургамж айлдаж байна. Тэгвэл яг одоо хариултыг нь өгье. Хэмжээндээ хүүдэгнэж, хиртэй мөнгөө ваадагна!