
Ерөнхий сайд Г.Занданшатар дөнгөж сая МАН-ын УЗ-ийн хурлын үеэр өргөдлөө өгнө гэдгээ илэрхийлсэн. Тус асуудалтай холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсад төдийгүй дэлхийн олон оронд өрнөж буй хямралуудын талаар, мөн парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа талаар намын удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж, тодорхой шийдлүүд гаргалаа.
Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар эр зориг гаргаж байгаа тус хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс УИХ дахь намын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх нь зүй гэж бодож байна. Өнөөдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, улмаар нэгдсэн чуулган хуралдаж, асуудлыг хэлэлцэх байх. Одоо МАН-ын бүлэг дээр улс төрийн шийдвэрийг танилцуулна.
Монголд төдийгүй дэлхий дахинд олон хүндрэл бий болж байна. Энэ үед эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлсэн.
Аливаа асуудал хуул дүрмийн хүрээнд явах ёстой. Тиймээс эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдын албанаасаа чөлөөлөгдөх өргөдлийг авч хэлэлцэнэ. Парламент шийдвэр гаргана. Үүний дараа МАН намын бага хурлаа зарлан хуралдуулна. Эндээс дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдана" гэв.