
Нидерландын аяллын хөлөг онгоц дээр хантавирусийн дэгдэлт гарсантай холбоотойгоор Канарын арлууд руу чиглэх болсон гэж мэдэгдлээ.
Испанийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тухайн хөлөг зогсож байсан Кабо-Вердед зорчигчдоос яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хүмүүсийг тодорхойлж байгаа аж.
Үлдсэн зорчигчид Канарын аралд гурав дөрөв хоногийн дараа хүрнэ. Одоогоор аль боомтод зогсох нь хараахан шийдэгдээгүй байна. Аяллын оператор Oceanwide Expeditions компанийн мэдээлснээр Гран Канариа эсвэл Тенерифе аралд хүрэхээр төлөвлөжээ.
MV Hondius нэртэй уг хөлөг Аргентинаас Атлантын далайг гатлан нэг сарын өмнө хөдөлснөөс хойш гурван зорчигч нас барсан. Хөлөг дээр байсан багийн хоёр гишүүн, түүний дотор хөлгийн эмч яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай байна. Мөн нас барсан Германы иргэнтэй холбоотой гурав дахь хүнийг ч нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар, биеийн байдал хүнд байгаа эмчийг эмнэлгийн зориулалтын онгоцоор Канарын арлууд руу шилжүүлэхээр төлөвлөжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Кабо-Верде улс энэ ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбарласан байна.
“Канарын арлууд нь шаардлагатай чадамж бүхий хамгийн ойрын бүс нутаг юм. Испани улс эдгээр хүмүүст, тэдний дотор хэд хэдэн иргэн нь байгаа тул ёс суртахууны болон хууль зүйн үүрэгтэйгээр туслах ёстой” гэж мэдэгдэлд дурджээ.
Хөлөг Канарын арлуудад хүрсний дараа зорчигчид болон багийн гишүүдийг үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээг хийн эх орон руугаа буцах боломжтой болно гэж Испанийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
MV Hondius хөлгийн явсан маршрутХантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдаас халдварладаг боловч ДЭМБ-ийн мэдээлснээр хөлөг дээр маш ойрын хавьтлаар дамжин халдсан байх магадлалтай. Гэхдээ олон нийтэд учруулах эрсдэл бага гэж онцолжээ.
Одоогоор хантавирусийн нийт долоон тохиолдол (хоёр батлагдсан, тав сэжигтэй) бүртгэгдээд байна.
Батлагдсан хоёр тохиолдлын нэг нь нас барсан Нидерланд эмэгтэй, нөгөө нь эмчилгээ хийлгэхээр Өмнөд Африк руу нүүлгэн шилжүүлэгдсэн 69 настай Их Британийн иргэн байна.
Нас барсан эмэгтэйн нөхөр мөн нас барсан ч түүний хувьд батлагдсан тохиолдолд тооцогдоогүй бөгөөд тавдугаар сарын 2-нд нас барсан Германы иргэн ч мөн батлагдсан тохиолдолд ороогүй байна.
Одоогоор 23 улсын 149 хүн хатуу урьдчилан сэргийлэх арга хэмжээний дор хөлөг дээр үлдсэн гэж Oceanwide Expeditions мэдээлжээ.