
Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгасантай холбогдуулан 12 сараас дээш хугацаатай зээл авах тохиолдолд батлан даагч буюу хамтран зээлдэгч шаардах зохицуулалтыг зарим арилжааны банкууд хэрэгжүүлж эхэллээ.
Тэтгэврийн зээл нь бусад төрлийн зээлтэй харьцуулахад эрсдэл багатайд тооцогддог ч зээлийн хугацаа уртасч, хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор банкууд эрсдэлийн шалгуураа чангатгалаа. Тухайлбал, иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Төрийн банк, Хаан банк тэтгэврийн зээлээ сунгах болон 12 сараас дээш хугацаатай зээл авахад хамтран зээлдэгч шаардаж эхэлсэн байна. Монголбанкны зүгээс арилжааны банкуудын баталсан тэтгэврийн зээлийн журмыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээл авах эсэх нь иргэний өөрийн сонголт хэмээн мэдэгдсэн юм.