
Улирлын томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал эрс өсжээ. Ялангуяа яаралтай тусламжийн тасгуудад бага насны хүүхдээ тэвэрсэн, сургуулийн насны хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд тасралтгүй ирж, эмнэлгийн үүд хөл гишгэх зайгүй болсон байна. Иймд бид нөхцөл байдлыг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо.
Цахилгаан шатны хаалга нээгдэхэд хүүхдүүдийн уйлах чимээ угтав. Коридорт өдрийн эмчилгээнд хамрагдахаар хүлээж буй хүүхдээ тэвэрсэн ээжүүд зогсоно. Шөнөжин халуурч, уйлагнасан болов уу гэмээр бяцхан үрсийн дух, толгой нь хөлсөндөө норж, ядарч туйлдсан нүд нь сүүмэлзэх аж. Ийнхүү эцэг эхчүүд хүүхдээ тэврэн эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх ээлжээ хүлээн зогсож байлаа. Хүйтний улиралд томуугийн тархалт нэмэгддэг ч энэ жил өмнөх онуудтай харьцуулахад өвчлөл илүү өндөр байгаа төдийгүй богино хугацаанд уушгины хатгаа болж хүндэрч буйг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбараас анхан шатны эмнэлгүүдийг уртасгасан цагийн хуваариар ажиллуулж, эмнэлэгт хэвтүүлэхээс илүүтэй гэрээр эмчлэх зөвлөгөө өгөх зохицуулалт хийжээ. Үүнээс гадна энэ жил хүүхдийн эмчилгээний зардлыг бууруулах зорилгоор төрөөс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгох өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Тодруулбал, томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Ингэснээр эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд гэртээ ойр байрлах эрүүл мэндийн төвдөө эмчлүүлэх боломж бүрдэх аж. Энэ талаар ЭМДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор" Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг байх бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Тус багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн эмчилгээ, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж, үйлчилгээ багтана. Зарим иргэдийн дунд томуугаар өвдсөн хүүхдэд 100 мянган төгрөгийн эмийн багц олгоно гэх ташаа ойлголт түгээд байна. Энэ нь эмийн багц бус, харин хүүхдэд шаардлагатай өдрийн эмчилгээний зардлыг санхүүжүүлэх зохицуулалт юм. Хүүхэд бүрийн өвчний шинж тэмдэг, биеийн байдал харилцан адилгүй тул эмчилгээний төрөл , эмийн хэрэглээг эмч үзлэгийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Иймд эцэг эхчүүд хүүхдээ ханиад, томуугаар өвдсөн үед өдрийн эмчилгээнд шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авахгүй. Эмчилгээний зардлыг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцах юм" хэмээн тайлбарласан юм. Гэвч 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилтийг 100 мянган төгрөг болгож, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах шийдвэр гаргасан. Гэтэл энэ талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд бүрэн хүрээгүй байна. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, эмчилгээний зөвлөгөө авсан ч шаардлагатай эм, тариагаа өөрсдөө худалдан авч байгаа гэдгийг эцэг эхчүүд хэлж буй. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Одонгэрэл “Хүүхдээ эхлээд өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэхэд томуугаар өвчилсөн байна гэсэн онош тавьж, гэрээр эмчлэх зөвлөгөө өгсөн ч хүүхдийн биеийн байдал сайжраагүй. Иймээс нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн. Энэ жилийн хувьд ор хүрэлцээ муутай байх юм шиг байна. Таван давхарт багтахгүй болохоор долоон давхарт хүртэл ор дэлгэсэн. Нэг өрөөнд зургаагаас долоон хүүхэд хэвтэж байна. Хүүхдийн ханиад гайгүй болж байхад өөр шинэ хүүхэд орж ирэхээр халдвар дамжих эрсдэлтэй байна. Сошиалаас 100 мянган төгрөгийн эмчилгээний багцын талаар харсан. Гэтэл өрхийн эмнэлэгтээ гурав, дөрвөн удаа үзүүлэхэд ямар нэгэн үнэгүй эмчилгээ, үйлчилгээ авч чадаагүй. Хүүхдээ гэрээр асрахдаа эм тариагаа өөрсдөө худалдаж авсан. Хамт байгаа ээжүүд ч мөн адил эмээ өөрсдөө авч байна гэж ярьж байсан” хэмээв.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ эмчлүүлж буй иргэн М.Номинзул “Манай хүүхэд хоёр настай. Ханиалгаад хэд хонож байхад нь өрх дээр очиж үзүүлтэл хатгаа болсон байна гээд энд ирсэн. Сүүлийн хоёр хоногт их гүйлгэж, бөөлжиж байсан ч өнөөдөр арай гайгүй болж байна. Ер нь энд хэвтэн эмчлүүлж байгаа ихэнх хүүхэд хатгаатай, бөөлжиж, суулгах зэргээр нийтлэг шинж тэмдэгтэй байна. Энэ жилийн томуу өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү богино хугацаанд хүндэрч, өндөр халуурлаар илэрч байх шиг байна. Эм өгөөд намдахгүй хүнд ханиад байна. Эмчилгээний зардлын талаар огт мэдээгүй. Өрхийн эмнэлэгт үзүүлэхэд үнэгүй эм, эмчилгээний талаар хэлээгүй. Эм бичиж өгөөд л гаргасан” гэв.
Иргэдийн ярьж буйгаар энэ жилийн томуу өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү богино хугацаанд хүндэрч, өндөр халуурах шинж тэмдгээр илэрч байгаа аж. Түүнчлэн, эмчилгээний санхүүжилт нэмэгдсэн талаар сонсон ч үйлчилгээ авч чадаагүй гэдгийг хэлж буй. Тэгвэл томуугийн өвчлөлийн нөхцөл байдал ямар байгаа талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Э.Нямсүрэнгээс тодруулав.
Тэрээр “Ханиад томуугийн дэгдэлт энэ сараас эрс нэмэгдэж, идэвхжилийн үедээ хүрсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Томуу, томуу төст өвчин нь хүүхдийн суурь өвчин дархлаажуулалт хийсэн хийлгээгүй эсэхээс хамаараад хүнд, хөнгөнөөр өвчлөх тохиолдол байдаг. Хөнгөн хэлбэрээр өвдсөн бол гэрээр эмчилж болно. Хэрэв өндөр халуурах, туулгах, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад үзүүлж, зөвлөмж авч эмчлэх хэрэгтэй. Мөн ханиад, томууг хүүхэд, том хүн гэлтгүй бүгд хүнд хэлбэрээр тусах тохиолдол ажиглагдаж байна. Манай эмнэлгийн хувьд арваннэгдүгээр сарын эхний долоо хоногоос эхлүүлэн ачаалал эрс нэмэгдсэн. Хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан нэмэлтээр ор дэлгэж байгаа” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн оргил үе арваннэгдүгээр сарын 19-24-ний хооронд тохиож байжээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 7-ноос өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг ажлын өдрүүдэд 20.00, амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд 16.00 цаг хүртэл уртасгах бэлтгэл хангажээ. Гэвч томуугийн өвчлөлийн оргил үе хараахан эхлээгүй байхад нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэдийн нэмэгдэж, зарим эмнэлэг нэмэлтээр ор дэлгэхэд хүрчээ. Энэ жил эцэг эхчүүд хүүхдээ ханиад, томуугаар өвдсөн үед өдрийн эмчилгээнд шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй, эмчилгээний зардлыг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцна гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч энэхүү багцын санхүүжилт хүрэх ёстой зорилтот хүмүүстээ хүрэхгүй, цаасан дээр үлдэж байгааг иргэд шүүмжилсээр буй.
М.Мичидмаралд